Гантай жил тарвас сайн ургаж, болц нь ч сайн гүйцдэг гэлцдэг. Тэр ч үнэн болов уу. Ховд, Сэлэнгэ аймагт тарьж ургуулсан гэх тарвас томоохон худалдааны төв, хүнсний захуудаар дүүрэн байна. Тухайлбал, “Барс” худалдааны төвийн жимс, жимсгэний лангуу, гаднах агуулах, задгай талбайд ч гэсэн орон нутгаас ирсэн тарвасыг ихээр худалдаалж байх юм. Зөвхөн Ховд, Сэлэнгийнх гэлтгүй оросоос ирсэн тарвасууд ч байсан. Ховд аймгаас ирсэн тарвас нь тод ногоон өнгөтэй байсан бол Сэлэнгийнх нь судалтайгаараа ялгаатай аж.
Орос тарвас нь цайвар ногоон өнгөтэй байхаас гадна монгол тарвасыг хэд, хэд нугалмаар том хэмжээтэй юм билээ. Харин урд хөршөөс орж ирсэн тарвас одоохондоо байхгүй хэмээн “Барс” худалдааны төвийн жимс, жимсгэнэ худалдаалагчид хэлсэн. Тарвас элбэг байгаа болоод ч тэрүү үнийн хувьд боломжийн байв. Монгол тарвас 700-1200 төгрөг гэж байсан бол орос тарвас нь 1200-2500 төгрөгийн үнэтэй юм байна. Харин Сэлэнгийн нэг шуудай тарвас 13-14 мянган төгрөг аж. Нэг шуудай тарвас 35 кг жинтэй гэсэн. Л.Сурмаа “Шуудайгаар нь авчихвал хямд шүү дээ. Нэг кг-ыг нь ойролцоогоор 400 төгрөгөөр авчихаж байгаа юм. Энэ чинь жинхэнэ монгол хөрсөнд ургасан тарвас.
Манай Сэлэнгийн тарвасыг хятад тарвастай андуураад байдаг юм. Хятад тарвасыг бодоход Монгол хөрсөнд ургасан юм болохоор илүү амттай. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ” хэмээв. Бид цааш алхан Ховдын тарвас зарж буй худалдаачинтай очиж уулзлаа. О.Чинбат “Манай ахынх тарвас тарьдаг юм. Хот руу ачааны автобусаар тарвасаа дайгаад би тосож авдаг. Ямартай ч өнөөдөр санасныг бодоход муугүй ашигтай байна шүү. Өглөөнөөс хойш 10-аад шуудайг зараад дуусчихлаа. Манай Ховдын тарвас тод ногоон өнгөтэй болохоор хятад тарвастай андуураад байхгүй давуу талтай. Тиймээс хүмүүс эргэлзэх юмгүй л худалдан авдаг юм. Сэлэнгийн тарвас орос болон хятад үрийн тарвас. Тиймээс ногоон эрээн байдаг байх. Ерөнхийдөө хятад тарвасны хальс нь их зузаан байдаг” гэж байлаа. Ховдын тарвасыг хар ногоон өнгөтэйгөөр нь ялгаж мэдэхээс гадна үр нь жижигхэн мөртлөө хар байдаг гэнэ. Харин бусад тарвасны үр нь том байдаг юм байна.
Тэд тарвасаа дөрөвдүгээр сарын 20-д гэхэд тариалж эхэлдэг аж. Ингэснээр долдугаар сар гарангуут л шинэ ургацаа хураан авч чаддаг байна. Мөн О.Чинбат “Тарвас их арчилгаа, усалгаа шаарддаг жимс. Усалгаа ихдэх юм бол амт нь сул болчихно. Бас багадуулж болохгүй. Тунг нь тааруулахын тулд тарьсан өдөр хоногоо сайн тооцоолж услах шаардлагатай байдаг юм. Харин ургацаа хураахаас 14 хоногийн өмнөөс услахгүй байх нь сайн. Бид тарвасныхаа бордоонд өтөг, бууц, шувууны сангас зэргийг ашигладаг. Энэ бол жинхэнэ байгалийн гаралтай бордоо шүү дээ. Харин зарим тарвас тариаланчид ургацаа хурдан зах зээлд гарган ахиу орлого олох нэрийдлээр нунтаг химийн бордоо ашиглаад байдаг юм билээ. Мөн хүнд жинтэй, том болгохын тулд их хэмжээгээр услах нь ч бий” гэж ярьсан юм.
Тарвасанд хэрэглэдэг энэхүү химийн бордооны тухай Хятадын хэвлэлд “Тариаланчид тарвасандаа фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь “эстроген” нэрт бодисыг ахиу тунгаар тарьчихдаг. Эдгээр бодисууд нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч үүнийг идсэн бага насны охидын бойжилт түргэсэж, хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтай. Мөн эдгээр бодис нь тарвасны амт чанарт ч ихээхэн нөлөөлдөг” хэмээснийг судлаач Д.Болдбаатар орчуулжээ.
Түүнчлэн манай улсын хувьд тарвасныхаа 60 гаруй хувийг урд хөршөөс авдаг. Гэтэл хэдхэн сарын өмнө Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархсан талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлсэн. Тарвасны өвчин тархсан шалтгаан нь жимсний ургацыг нэмэгдүүлэх зорилгоор химийн бордоо хэт их хэрэглэсний үр дагавар хэмээн Хятадын “China Central Television”-ээс мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор Хятадад химийн бордооны хэрэглээнд квот тогтоогоод байгаа юм билээ. Харин энэхүү хор нөлөө бүхий химийн бордоог манайд ч гэсэн хэрэглэдэг гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Сэлэнгэ, Ховдод ургасан жинхэнэ монгол тарвас хэмээн нэрлэх боловч элдэв химийн бордоо хийж хурдан хугацаанд томруулан, амт чанарыг нь алдагдуулсан байна гэх мэр, сэр яриа ч сонсогдсоор л байдаг. Тэр бүү хэл тарвасны талбайгаа химийн бордоотой, бордоогүй гэдгээр нь ялгаж, эрүүл, сайныг нь өөрсдөө иддэг хүмүүс ч байдаг гэлцдэг юм билээ.
Харин үүнд хяналт шалгалт хийдэг эсэх талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын байцаагч Б.Туяагаас тодруулахад “Манайх ерөнхийдөө төлөвлөгөөтэй хяналт шалгалт хийдэг л дээ. Тухайн жилд хийх хяналт шалгалтаа эртнээс төлөвлөдөг гэсэн үг. Тэгэхээр төлөвлөгөөнд ороогүй л бол аж ахуй нэгжүүдээр явж хяналт, шалгалт хийгээд байдаггүй. Харин гомдол, санал гарсан тохиолдолд тухайн харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийдэг. Ямартай ч одоогоор тарвастай холбоотой гомдол санал ирээгүй байна. Харин урд хөршид тарваснаас шалтгаалан элдэв өвчлөл гарсан үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтаас худалдаалж байсан тарваснуудаас дээж авч шинжилгээ хийсэн. Тэрхүү шинжилгээгээр ямар нэгэн хор, хөнөөлтэй зүйл илрээгүй. Ямартай ч тарвас тариалж байгаа тухайн аймаг, сумдын байцаагч нар зохих хяналт, шинжилгээг хийсээр байгаа. Тэдний хувьд одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй гэсэн хариу өгсөн” гэсэн юм.
Харин энэ сарын 14-ний өдөр иргэдийн гомдлын дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс 85 шуудай тарвас хураан авсан байна. Учир нь Баянгол дүүргийн III хорооны 72 дугаар байрны оршин суугчдаас байрны орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж, орчныг бохирдуулж байгаа талаар удаа дараа гомдол ирсний үндсэн дээр тус арга хэмжээг авсан аж. Түүнээс тарвас хүний биед хор, хөнөөл учруулсан гэх гомдол гараагүй гэж байв.
Түүнчлэн хилээр орж ирж буй тарвасанд хэрхэн хяналт тавьдаг талаар Хилийн мэргэжлийн хяналтын албаны Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханаас асуухад “Тарвасны хувьд урд болон хойд хөршөөс орж ирдэг жимсний нэг л дээ. Тарвас ч гэлтгүй бусад жимс, жимсгэнийг оруулж ирж зардаг компаниуд байдаг. Эдгээр компаниуд ихэвчлэн “Барс” худалдааны төвд жимс, жимсгэнүүдээ худалдаалдаг. Харин манайх орж ирж буй тарвас тэргүүтэй жимс, жимсгэнүүдийг хил дээр лабораторидоо шинжилгээ хийж, шалгадаг юм. Ингээд лабораторийнхоо шинжилгээний дүн дээр үндэслэн хилээр нэвтрэх эрх олгодог” гэлээ.
Тарвас нь төмөр, марганец, кали, магни зэрэг олон аминдэмийг агуулаад зогсохгүй биеийг шингэнээр ханган, өлсөх мэдрэмжийг дарж, бие организмаас хортой бодисуудыг зайлуулах ид шидтэй. Сэрүүн нөхцөлд 14 хоног ч хадгалж болдог уг жимсийг сайтар болсон эсэхийг нь танихын тулд ишийг нь ажиглах нь чухал. Хэрэв иш нь моджиж хатууран нарийссан байвал болц нь хэдийнэ гүйцсэн гэсэн үг. Харин элдэв бордоогоор бордож томруулаад, гүйцэт болоогүй байхад нь хураасан бол иш нь бүдүүн байдаг. Мөн хэт хатуу болон зөөлөрсөн байвал сонгохгүй байхыг зөвлөж байна.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН