Үлгэр эхлэх намуун үдшийн
Дүүлгэр саран доор саналаа, чамайгаа
Үүрийн зүүднээс учрал бэлэгдэн
Үнэнч хайраа дэвсэн хүлээнэ
Цээлийн харгуйг нууцхан ширтээд
Цэрэг чамайгаа дуулан хүлээнэ…
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга (ХЦДБЧ)-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Бямбасүрэнгийн Ганчимэгийнд өнжихөөр товлосноос хойш энэ дуу амнаас гардаггүй, цэрэг хувцастай бүсгүйн дуулж байгаа донж нүдэнд харагдаад. ХЦДБЧ-ын дуучин Г.Мөнхжаргал “Чиний минь ирэх харгуй” нэртэй дээрх дуугаа Б.Ганчимэг гавьяатад “Чиний дуу шүү” гэж албан ёсоор өгч байсан гэдэг. Уншигчид маань эл дууг “Чиний миний харгуй”, “Цэрэг чамдаа” гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэдэг ч Б.Ганчимэг гавьяатынх гэдгийг андахгүй. “Танайд өнжье”-гөө бэлтгэхээр “Цээлийн харгуйг нууцхан ширтээд…” гэж аялсаар өнгөрсөн бямба гаригийн бага үдэд Б.Ганчимэг гавьяатынд очиход цэцэгсийн үнэр, хайлсан тосны үнэр холилдоод тун аятайхан дулаан мэдрэмж төрүүлэв. Гэрийн эзэн Д.Баттөмөр “Манай хүн өчигдөр клипний зураг авахуулаад хэрэглэсэн сарнайгаа аваад ирсэн юм. Та нарт хайлмаг хийгээд хиншүү гаргачихлаа. Цонх онгойлгосон, гайгүй байх аа” гэж тайлбарлаж, биднийг зочны өрөөндөө урив.
Бүжигчин жолооч
Хойморт залсан Галдан Бошигт хааны хөрөг, мөнгөн аягатай цайны ааг, ширээн дээрх арвайн гурил, хайлсан тос зэргээс тэднийхийг баруун аймгийн айл гэдгийг түвэггүйхэн мэдчихэв. Д.Баттөмөр гуай цайндаа арвайн гурил цацахыг шамдуулж, гэргий нь ханийнхаа хайлсан тосны амттайг гайхуулна. Аагтай цайнаас үүдэж нутаг усны тухай яриа өрнөлөө. Д.Баттөмөр гуай Увс аймгийн Зүүнговь сумынх. Аавынхаа төрсөн дүүгийнд өргөгдөж байсан түүхтэй гэнэ. Өргөсөн аав Даржаа нь Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан Т.Рагчаа агсантай цуг Увс аймгийн Хяргас сумын тэжээлийн хүрээнд лам байсан гэнэ. 1937 оны хэлмэгдүүлэлтээр аав нь Зүүнговьдоо очиж МАХН-ын гишүүнээр элсч, багийн дарга, сумын аж ахуйн нярваар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тухай ярилаа. Аавыгаа “Улсын нэгдүгээр зэргийн шатарчин” гээд “Манайхан урлагийн талын авьяастай хүмүүс” гэж тодотгов. “Аав минь ихэл хөгжим их сайхан тоглоно. Хонио хотлуулчихаад хотлоороо дуулж хуурдаад, бий биелнэ. Тэндээс л гэр бүлээрээ урлагт дурласан байх” гэлээ. Тэднийд ороход Зүүнговь сумын үзэсгэлэнт байгалийн дор “Өгөөмөр дулаан ах мину” гэдэг шүлэгтэй том жааз нүдэнд туссан юм. Д.Баттөмөр гуай өнгөрсөн жил 70 насныхаа ойн баярыг хийхэд төрсөн дүү УДЭТ-ын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу ахдаа зориулж шүлэг бичсэнээ дурсгасан нь тэр байв. Соёлын тэргүүний ажилтан Р.Дэлгэрмаа төрсөн дүүгийнх нь охин. Д.Баттөмөр гуай өөрөө бүжигчин, бий биелээч, Соёлын тэргүүний ажилтан цолтой. Аравдугаар ангиа төгсөөд 1964 онд Увс аймгийн Соёлын ордонд орсноос хойш бүжигчин, бүжгийн багш, туслах найруулагчаар арав гаруй жил ажилласан түүхтэй. Дараа нь мэргэжлээ сольсон ч бүжгийн урлагаа орхиогүй бүжиглэсээр яваа гэнэ. Хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөн 1984 онд Хөгжим бүжгийн сургууль төгссөнөөсөө хойш 20 шахам жил Ардын дуу бүжгийн чуулгад ажиллаад өдгөө гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаа аж. Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэсэн “Нарны домог” бүжгийн таван баатрын нэг гэвэл уншигчид андахгүй биз ээ.
Зочны өрөөнд Д.Баттөмөр ахын наадмын нээлтэд бүжиглэж байгаа зураг нүдэнд туслаа. Зургийн түүхийг сонирхоход гэргий нь “Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын нээлтэн дээр бүжиглэсэн зургийг хүү нь аваад угаалгаж өгсөн нь энэ. Манай Баагий гурван удаа улсын баярын нээлтэд бүжиглэсэн. Энэ жил төрийн хүндэтгэлийн концертод тоглосон шүү дээ” гэж тайлбарлав. Харин хоёр хүү нь хуульч мэргэжилтэй. Цагдаа, прокурорын байгууллагаар өндөр алба хашдаг юм билээ.
Д.Баттөмөр ах даргын жолооч. Бүжигчин хүн яагаад даргын жолооч болчихов гэж үү. Хашир хүн, бүжиглэж байхдаа судас нь томроод байгааг анзаарч. Хориод жил бүжиглээд тэтгэвэрт гарчихаад юу хийх билээ гэж бодож. Сум, бригадаар тоглолтоор явахдаа театрын автобус, том тэрэг барьж давхиад байсны “буян”-аар жолооч болохоор шийдсэн гэдэг. Ингээд жолоочийн мэргэжил эзэмшиж аймгийн дарга нарын тэрэг барьж байтал аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хот руу сайдаар томилогдсон Болд “Улаанбаатарт найдвартай жолооч олдохгүй байна. Та жолоочоо явуулаач” гэж утсаар ярьсан гэдэг. Ингээд сайдын татаасаар хотод ирснээс хойш өдгөөг хүртэл даргын жолооч хийж байгаа гэнэ. Өдгөө Засгийн газрын авто баазын жолооч буюу Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн машин барьж байгаа. Жолоочийн хажуугаар бүжгээ орхино гэж байхгүй. Байгууллагынхаа шинэ жил, урлагийн арга хэмжээнд бий биелсээр л байгаагаа “урлагийн буян” гэж тодотгоно. Бас “40 гаруй жил даргын тэрэг барилаа. Төрийн хайр их юм” гэж ажлаараа бахархах.
Сувилагч дуучин
Гэрийн эзэн өөрийнхөө тухай ярьж байснаа “Хүүе ээ, гол хүнээ яриулъя. Тэнд хоол ч болохоо болилоо” гээд өндөлзөх нь тэр. Баруун аймгийнхан зочноо цайгаар шахдаг хойно. Гурван аяга аагтай цай уучихсан, бас гэрийн эзний хайлсан тосноос халбагадчихсан бид хоолонд төдийлөн яарсангүй. “Хоол яах вэ” гэж яриандаа шунаж байгаагаа ойлгууллаа. Гэргий нь ч “Баагий суу л даа. Хүүхдүүдтэй хууч хөөр” гэж тал засав. Ер нь гэргий ханийгаа яриулаад байх бодолтой, толгой дохиод, инээгээд л суух. Тэгэхтэй зэрэгцүүлээд “Танай хүн бүжигчин жолооч. Та харин сувилагч дуучин байх аа” гэж яриаг эзэгтэй рүү хандуулаадахав. Ганаа гавьяат Булганы харьяат, айлын том охин. Аав нь Булганы Хангал, ээж нь Дундговийн Адаацаг сумынх. Ганаа гавьяатыг бага байхад тэднийх хотод нүүж иржээ. Аав Бямбасүрэн нь Авто тээврийн нэгдүгээр баазад насаараа жолоочоор ажилласан. Ээж Долгорсүрэн Нефть хангамжийн төв баазад бичээч, лаборантаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Дундговийнхон дуу хууртай хойно. Ээж нь Бүх ард түмний урлагийн наадмын олон шагналтай. Эмээ нь ч нутагтаа цуутай дуучин байж. Ээж нь толины өмнө сууж байгаад урлагийн наадамд бэлтгэдэг. Гараад явангуут манай хүн ээжийнхээ суудал дээр сууж байгаад “Талын таван толгой”-г хангинуулж өгнө. Юм оёж байгаагаар жүжиглээд л дуулаад байдаг. Байрныхан нь ч андахгүй. Заримдаа гэрийнхэн нь “Муу ёрлоод, байнга дуулж байх юм” гэж зэмлэдэг ч байж. Эмээ, ээжийгээ дуурайсан дуулах авьяастай охиноо аав нь Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны дэргэдэх “Улаан бүч” чуулгад бүртгүүлж, урлагийн замыг нь эхлүүлсэн гэдэг. “Улаан бүч” чуулгад тэнцэж Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддорж, хөгжим судлаач Ч.Буянхишиг нарын шавь болжээ. Гэхдээ манай хүн аавынхаа мэргэжлийг өвлөж эмч болох хүсэлтэй. Сурлагатай ч байж. Гэвч Анагаахын дээд сургуульд оноо хүрэлгүй сувилагчийн сургуульд элсч. Сургуулиа төгсөөд одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн клиникийн нярайн сувилагчаар жил ажиллажээ. “Асаргаа, сувилгаа ихтэй хүнд хүүхдийн судас олно гэдэг яггүй биз” гэж асуухад нөхөр нь “Манай хүн мэргэшсэн сувилагч. Миний бие тавгүйрхэхээр л явж байгаа машин дотор судас тариа хийчихдэг. Өөрийнхөө судсыг ч ганц хатгаад л олно” гэж магтав. “Мэргэшсэн сувилагч яагаад дуучин болчихов оо” гэж цаашлуулахад “Авьяас гэж орхиж болох зүйл биш. Сувилагчаар ажиллаж байхдаа уралдаан тэмцээнд ордог байлаа. Японы дууны уралдаанд орсны дараа тасгийн эрхлэгч маань СУИС-д шалгалт өгөхийг зөвлөлөө. Шалгалт өгөхөөр очоод “Талын таван толгой”-гоо дуултал Н.Норовбанзад гуай Улсын ардын дуу бүжгийн чуулгад ажиллах санал тавьжээ. Маргааш өглөө нь очиход “Бадарчин” дуулалт жүжигт шууд дуулах эрх авчих нь тэр. Чуулгад дөрвөн жил ажиллахдаа СУИС-д гурван удаа шалгалт өгч. Тэнцүүлдэггүй гэнэ шүү. Дуулахаар л “Ийм сайхан задгай хоолойгоо хадгалаад чуулгадаа л бай” гэдэг гэнэ. Гурав дахь удаагаа шалгалт өгөхдөө “Та нар намайг авчихаач. Би боловсролтой дуучин болмоор байна” гээд уйлтал Ардын жүжигчин Г.Хайдав гуай “Та нар наад хүүхдээ авчихаач” гэчихээд “Миний охин иймэрхүү л хоолойтой болно доо” гээд Ардын жүжигчин А.Загдсүрэнг дуулуулахад шалгалт өгч байгаа манай хүн “Өө, болж л байна ш дээ” гээд “дүн” тавьчихсан гэдэг. Шалгалтын комисс “Бүжиглэх үү” гэхэд нь “Бүжиглэнэ ээ” гээд туфлиэ тайлаад чулуудчихаж гэнэ. “Хөл чинь даарна” гэхэд “Халтираад байдаг юм” гэчихээд бий биелээд эхэлж. Нүдний булангаар хартал шалгалт авч байсан мундгууд инээлдээд, нэгийгээ нудраад сүйд гэнэ. “Баларлаа” гэж бодсон ч хөдлөөд л байж. “Болно, болно” гэхдээ хүртэл багш нар инээдээ барьж дийлэхгүй байсан ч сурах шуналыг нь дэмжиж тэнцүүлсэн гэдэг. Эхний хоёр жил ч тал дээрээ байгаа юм шиг задгай дуулсаар байж. Ж.Гантөмөр, Н.Ганхуяг гавьяат, Ц.Ерөө гээд алдартнуудын шавь тэрбээр 2011 онд магистраа хамгаалжээ.
Хилчин гавьяат
СУИС-аа төгсөөд чөлөөт уран бүтээл хийж байхад нь Соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа И.Төмөрбаатар хурандаа Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллах санал тавихдаа “Чөлөө авах энэ тэр бол асуудалгүй шүү. Дуртай цагтаа чөлөө аваарай” гэж панаалдаж. Ингээд сарын дотор дэд ахлагч болж, төд удалгүй даргаасаа чөлөө гуйтал “Цэргийн хүнд чөлөө байхгүй. Чамайг хуурсан юм” гээд тас гэдийчихсэн гэдэг. Тэр цагаас хойш тушаалаар ажилладаг, цэргийн хүн болчихоод байгаа. “Та унтах дуртай гэж ярьсан байх аа. Хоцрохоос эхлээд цэргийн хүнд энэ дутагдал болж нөлөөлнө биз” гэвэл “Эхэндээ өглөөний нэгтгэлээс байнга хоцорно. Жилийн эцсийн үр дүнгийн хурал дээр Д.Доржпалам хурандаа “Өглөө цонхоор харахад Ганчимэг л хоцорчихоод гүйж яваа харагддаг юм” гэж хэлэхэд нь айхавтар ичиж билээ. Тэрнээс хойш хоцрохоо больсон” гээд инээхэд Баагий ах ханийнхаа мөрийг илэнгээ “Цэргийн амьдрал бас сайхан шүү. Миний хань хүний мөрөөсөл болсон хүмүүст очиж дуу хуур бэлэглэдэг юм” гэж ярианд оролцлоо. “Хилээ тав тойрчихжээ. Явах бүртээ шинэ уран бүтээлтэй ирдэг. Манай хилийнхэн их хөөрхөн… Аан, тийм нарийн ширийнийг ярьж болохгүй байх, тиймээ Баагий” гэснээр гэр дүүрэн инээдэм болов. Хилчид араас нь цөөнгүй захидал нисгэдэг бололтой юм. Түүнийгээ ярих гэснээ инээдэм болгоод өнгөрчихөв. Эх орныхоо найман зүгт явахад цасанд суух, халуунд цангах бэрхшээл байлгүй л яахав. Түүнийг зовлон, бэрхшээлд тооцдоггүй нь ярианаас анзаарагдана. “Хилчид маань биднийг очиход байр сууц бэлдчихсэн хүлээж байна. Хоноод яв, хоноод яв” гэж ятгана. Шөнөжин бүжиглэнэ. Бөөн эрч хүч буцна шүү дээ” гэж ярихдаа гавьяатын нүд гэрэлтэж байв. Төрсөн нутгаа, хань ижлээ санасан хилчдэд дуулах дуу нь хүртэл бодлоготой байхгүй бол сэтгэл санааг нь үймүүлчихэж мэднэ. Хаана ч очсон “Чиний минь ирэх харгуй”-гаа хэд, хэд дуулчихна. 2000 оны эхээр нэг арга хэмжээн дээр дуулахаар очиход нэгэн бүсгүй энэ дууг дуулж байгааг сонсоод хөгжмийн зохиолч Ганбат “Чамд тохирох дуу байна” гээд аяыг нь үл ялиг хурдлуулж өгч байжээ. Дараа нь дууны эзэн өөрт нь албан ёсоор өгсөн гэдэг. Үүнээс гадна “Хилчний вальс”, “Ханийн хайр”, “Хань” зэрэг олон сайхан дуу гавьяатаар овоглодог.
Ганаа гавьяат ХЦДБЧ-ын дуучин Дүүриймаа гэдэг шавьтай. Шавь нь уралдаанд оролцохоор Москва явжээ. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг дуулдаг “My voice” уралдаанд шавь нь амжилттай оролцож байгааг гайхууллаа.
Хос вансэмбэрүү цэцгийн түүх
Уран бүтээлийн тухай ярилцаж суухад гэрийн эзэн хоол бэлэн болгожээ. Манай зурагчин ажлаа хийж дагаад гал тогооны өрөө рүү гүйгээд л байгаа хэрэг. Гэнэт гэрийн эзэн “Энэ хүү миний зургийг аваад байх юм. Ганаа, миний хань гал тогоогоо хүлээж ав. Би ганцаараа ажилтай юм шиг харагдаж болохгүй биз дээ” гэхэд Ганаа эгч жигтэйхэн сандарч “Би бас хоол сайхан хийдэг шүү. Баяр ёслолоор хөлсөө гартал гүйнэ шүү дээ” гээд бууз таваглаад ирлээ. Баяр ёслол гэснээс тэднийх сүүлийн хэдэн жил цагаан сараар гадаадад байсан учраас дорвитой тэмдэглэж чадаагүй гэнэ. Наадмаар Баагий ах нээлтэд бүжиглэчихээд бөх үзээд суучихна. Зочид хүлээж авах ажлыг гэргий хариуцахаас аргагүй. Гэргий тоглолттой үед Баагий ах ачааллыг өөртөө авна. Хоёулаа ах дүү олонтой болохоор хөл ихтэй байдаг бололтой.
Хоол идэх зуураа том өрөөний эд, зүйлийг ажиглаж суулаа. Хойморт гэр бүлийн хоёрын цэнхэр дээлтэй зураг хараа булаав. Бас Төрийн ордны төв хаалган дээр Ганаа гавьяат цэцэг тэвэрчихсэн, Баагий ах гараараа далласан сүртэй зураг төгөлдөр хуур дээр нь байна аа. “Ганаа 2011 онд гавьяат авахад нь би албан тушаалаа ашиглаад Төрийн ордон орчихсон юм. Бид хоёр төв хаалгаар гараад ирэхэд ХЦДБЧ-ынхан “Чиний минь ирэх харгуй”-г бүгдээрээ дуулаад бид хоёр жигтэйхэн хөөрчихсөн байсан үе зурагт үлдсэн нь энэ. Дараа нь Ганаа маань гавьяатынхаа тэмдгийг зүүгээд уран сайхны зураг даруулсан. Би ижилсээд Соёлын гавьяатын тэмдгээ зүүж байгаад бас зураг авахуулчихсан байгаа биз” гэж гэрийн эзэн тайлбарлалаа. Хос зургийн наана хуучны гаанс байсан нь тэр айлын хамгийн үнэтэй эд. Ааваас нь үлдсэн өв гэнэ лээ. Бас модон дээр зуруулсан тэдний хөрөг хараа булаана. Чежүд аялж байхдаа зуруулсан гэнэ. Хойморт Ганаа гавьяатын авсан өргөмжлөл, шагнал өрөөстэй юм. Жил бүр байгууллагынхаа аварга болдог бололтой. Баагий ахын шагнал ч их. Хоймор эзэгнэх зураг, эд зүйл, сувенир эмх цэгцтэй гэж жигтэйхэн. “Гэргий нь цэргийн хүн болохоор ийм цэгцтэй байдаг байх даа” гэвэл Ганаа гавьяат “Манай хүн ийм нягт нямбай. Би ч цэргийн ажил, хань хоёроосоо суралцаж яваа хүн шүү дээ” гэж инээнэ. Хоймортоо тавьсан систем хөгжмийн тухайд “Байгууллагын арга хэмжээнд дуулчихаад сууж байтал сугалаа тат гээд. Сугалаа автал тэндхийн хамгийн том шагнал нь энэ хөгжим байж таараад би хожчихсон. Одоо үүнийгээ тавьж байгаад шавьтайгаа дуулж өгнө шүү дээ. Манай байрныхан андахгүй” гэв. Баагий ах ярианд оролцож “Өчигдөр доод давхрын хүү “Эгч ойрд яагаад дуулахгүй байна” гэж асууж байна лээ. Орц болгонд бөө бөөлж байгаа биз дээ. Дуу хууртай байх хүмүүс харин ч таатай юм шиг байна лээ” гээд хөгжимнийхөө микрофоныг яаж ажилладгийг нэгд, нэгэнгүй тайлбарлаж өглөө.
Тэдний төгөлдөр хуурын дээд талд хос вансэмбэрүү залсан нь үнэхээрийн төгс харагдах юм. Төгөлдөр хууран дээр сарнай дэлгэсэн хоёр таваг, цонхон дээр мөн ийм гурван таваг байснаас анхилуун үнэр үнэртсээр. Төгөлдөр хуур, вансэмбэрүү цэцгийн зурагнаас хараа салгахгүй байгааг минь анзаарсан гэрийн эзэн “Манай Ганаагийн найз бүсгүй өнгөрсөн жил бэлэглэсэн юм. Тэр намхан вансэмбэрүү нь миний хань. Өндөр нь би. Доор нь Бахын ноот байгааг анзаарч байна уу. Урлагийн гэр бүл гэдгийг илтгэж байгаа нь тэр” хэмээн тайлбарлав. Хайрын илэрхийлэл болсон цэцгийн тухай ярьчихаад тэдний танилцсан түүхийг асуулгүй өнгөрвөл алдас болно биз.
Д.Баттөмөр гуайн гурван хүүгийн ээж эмч мэргэжилтэй бүсгүй байж олон жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Б.Ганчимэг гавьяат ч залуудаа үрээ алдаж, ханиасаа холдож байсан. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг хойно. Дуучин бүсгүй дуулахаас өөрийг мэдэхгүй хэдэн жил амьдарч. 2006 оны өвөл Үндсэн хуулийн Цэцийн шинэ жилийн арга хэмжээнд дуулчихаад гарахад нүдэнд дулаахан эр “Ах нь гэрт нь хүргээд өгөх үү” гэсэн нь одоогийн хань нь. Машинаа засварт өгчихсөн байсан болоод ч тэр үү цааргалалгүй зөвшөөрсөн гэдэг. Түүнээс хойш машин засвараас гартал хэдэн орой Д.Баттөмөр ханийнхаа жолооч хийжээ. Төд удалгүй нэг гэрт орсноос хойш арваад жил болж байгаа. Тэр хоёрын харц, харилцаанаас хүндлэл, хайр мэдрэгдэнэ. Хил хамгаалах ерөнхий газрынхан ч “Манай Ганаа гавьяат ханийн халамжинд жаргаж яваа хүн. Хаана л явна, Баагий ах халамжилж харагддаг” гэж ярьсан нь аргагүй юм.
Ийн хөөрөлдөж суутал манай зурагчин “Нэгдүгээр нүүрт орох сайхан зураг дармаар байна” гэснээс үүдэж бөөн ажил болоодохлоо. “Өдрийн сонин”-д гоё зураг гарах ёстой, энэ дээл болох уу, тэр дээлтэй хэдэн зураг бий, дэмий” гэхчилэн хувцас сонгох гэж хэцүү ажил гарлаа. Хичнээн ч олон хос дээлтэй юм. Ганаа гавьяат хэнэггүй юм аа, “Миний хань сонгочих оо” гээд үсээ янзлаад суучихав. Баагий ах баахан дээл зэрэгцүүлж байгаад бид хоёроос зөвлөгөө авч эхлэв. Тэгснээ цэнхэр дээл өмсөхөөр сонгож, өмсөх малгайгаа сонгох гэж бас яггүй ажил өрнөлөө. Хувцас хунар дэлгэснийх Ганаа гавьяат тоглолтын дээлнүүдээ сонирхуулж нүд хужирлав. Манай зурагчин Баагий ахад хар малгай зохиж байгааг хэлтэл Ганаа гавьяат “Тэгэлгүй яадаг юм. Би сонгосон юм чинь. Баагийдаа энэ малгайг авчихаад Бээжингийн нисэх буудал дээр байж байтал нэг хятад охин ачаа шалгахдаа аваад шидчихдэг байгаа. Эр хүний малгай шидээд байхдаа яадаг юм гээд баахан орилоод загначихсан” гэж ярихдаа одоо ч хятад бүсгүйд уурласан хэвээр байгаа нь ажиглагдав. Эр хүний малгай, бүсийг дээдэлдэг монгол уламжлал энэ шүү дээ.
Цэнхэр дээлээр ижилссэн хос төгөлдөр хуур дээрээ хослон
“Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн…” гэж үнэхээрийн сайхан дуулж өглөө. Тэдний дуунаас тийм гэхийн аргагүй энэрэл мэдрэгдэж байсныг энд дүрсэлж бичихэд хэцүү юм.
Ингээд “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт залрах зураг дарсны дараа гэрийн эзний сэтгэл “хувирчихав”. “Баянаа аваргын нэрэмжит барилдааны урилга байгаа юм. Цаг болохоо болилоо. Ах нь түрүүлээд явлаа. Та хэд минь тухтай байгаарай” гээд хувцас хунараа шалавхан сольж гарав. Ганаа гавьяат “Манай хүн бөх гэхээр ухаанаа алдчихдаг юм. Бушуу яв, яв” гээд түрүүн дэлгэж орхисон дээл, хувцсаа эмхэллээ. “Хэн түрүүлэх бол” гэж сонирхвол “Өнөө арслан болсон…“ гэснээ “Орой мэдээрэй” гээд хэлэх гэснээ залгичихав. Гэрийн эзэн гарахдаа “Ганаа, машины чинь түлхүүр хаана байгаа билээ. Энэ гараашийн түлхүүр. Гарахдаа гэрийнхээ түлхүүрийг мартав” гээд эгээтэй л хүүхдэд хэлж байгаа мэт захьчихаад гараад явчихлаа.
Ард үлдсэн Ганаа гавьяат “Эмэгтэй хүн сайн ханьтай учрахаар жаргадаг юм байна. Манай хүн халамжтай. Надад бурханаас өгсөн бэлэг гэж баярладаг юм” гэж нөхрөө магтах аж. Үлдсэн бид Ганаа гавьяатын уран бүтээлийн талаар үргэлжлүүлэн хөөрөлдөж, гэрэл зургийн цомгийг нь сонирхлоо. Ганаа гавьяат гурав, дөрвөн СD дээрээ ажиллаж байгаа. 40 гаруй ТВ концерт тоглосон гээд уран бүтээлийн олз ихтэй яваа. 2006 онд “Чингис хаан” рок дуурьт Өүлэн эхийн дүрийг бүтээхдээ “Сайхан ээж хүний дүр бүтээж ээжийнхээ ачийг бага ч болов хариулахсан” гэдэг мөрөөдөлдөө хүрч чаджээ. Энэ дүрийг бүтээхдээ Ардын жүжигчин Н.Сувд гуайн жүжгүүдийг их судалсан гэдэг. Одоо тэрбээр урлагийн сургууль байгуулчих мөрөөдөлтэй яваагаа ярилаа. Урлагийн сургуулиа байгуулж олон шавьтай болох мөрөөдөлтэй гавьяат маань “Ерөөлтэй аялгуу” цомгийнхоо дууг бичүүлэхээр амралтын өдрийн орой гэрээсээ гарсан юм.
Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн