Categories
мэдээ нийгэм

“Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” зөвлөгөөн боллоо

Монгол улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран Монгол Япон улсын хооронд хэрэгжсэн “Шүлхий, шувууны томуу болон бусад хил дамжин халдварлах өвчний оношилгооны чадавхыг сайжруулах ихэрлүүлэх хөтөлбөр”-ийн хаалт болон Ази тив дэх “Хил дамжин халдварлах мал, амьтны гоц халдварт өвчний хяналт” бүсийн зөвлөгөөн Улаанбаатар хотод боллоо. Тус арга хэмжээнд Азийн 20 гаруй орны 70-аад төлөөлөгчид ирсэн байна.

ДМАЭМБ-ын үйл ажиллагааны хүрээнд Япон улсын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах хүрээлэн болон Монгол улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторитой хамтран 2016-2018 онд хэрэгжүүлсэн “Шүлхий, шувууны томуу болон бусад хил дамжин халдварлах өвчний оношилгооны чадавхыг сайжруулах” ихэрлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Харин “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” зөвлөгөөнөөр Ази тив ялангуяа Зүүн Азийн нутаг дэвсгэрт гарч буй мал, амьтны гоц халдварт өвчнүүдийн нөхцөл байдал, дэлхийн болон бүсийн хэмжээнд хэрэгжүүлж буй стратеги, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл сонсож, туршлага солилцож, хэлэлцүүлэг хийлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын дарга Г.Батсүх “Мал амьтны гаралтай халдварт өвчин нь ганц Монголд байдаггүй учраас дэлхий нийтээрээ анхаар ч байгаа юм. Жишээ нь шувууны томуу, гахайны өвчин, галзуу, мялзан зэрэг нь Азийн улсуудад тархалт өндөртэй байдаг. Үүнд тохирсон хариу арга хэмжээг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, чиглэлийн дагуу явуулна. Улсын Их Хурлаас 2017 оны арванхоёрдугаар сард баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөсөн байдаг. Энэ нь мал амьтныг эрүүлжүүлэх, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, мах, сүүний эрүүл аюулгүйн баталгааг гаргаж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг тус газар хариуцан ажиллахаар болсон” хэмээв

Энэхүү бүсийн зөвлөгөөн нь Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсаны дараахь гадаад хамтын ажиллагааны томоохон арга хэмжээний нэг болж байгаа аж.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *