БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Ерээд оны эхээр гэнэт тэмээний тавхай үнэ орлоо. Тавхайны үнэ бүтэн тэмээнээсээ үнэтэй болж. Олон ч тэмээ тавхайнаасаа болж тэнгэрт халилаа. Гэхдээ хэн ч тавхайг нь аваад бусдыг нь хаяж байсангүй. Дэлгүүрт давснаас өөр юмгүй болсон тэр үед монголчууд малын буянаар өлсөж үхэлгүй тэр хүнд үеийг давсан, тэмээний мах энд их үүрэг гүйцэтгэсэн. Харин тавхай яагаад үнэ хүрэх болов? Монголын тэмээг устгах Бээжингийн төлөвлөгөө гэнэ. Тэмээг нь устгаад дараа нь хүнийг нь хүйс тэмтрэх зорилготой гэнэ. Тэмээгүй болчихвол Монгол Улс сөнөх гэнэ. Тэмээгүй Монгол гэдэг тайган эр л гэсэн үг. Ингээд “Тэмээ хамгаалах хууль” УИХ-аар батлагдан гарлаа. Тэмээний тухай олон ном гарав. Тэмээ бол тэнгэрийн амьтан. Монголын тэмээ аврагдлаа. Хятадын хорон муу санаа дарагдав. Тэмээн тавхай үнэ хүрэхээ болив. Төр ард түмний хамтын сэрэмж монгол гентэй монгол тэмээгээ аварлаа.
Үнэндээ юу болсон бэ? Өмнөд Хятадад тансаг хоолны найрлагад баавгайн тавхай ордог аж. Хонконгод бүр их үнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тавхайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчихаж. Цаадуул нь мэдсэнгүй. Тэгэнгүүт давраад Монгол, Өвөр Монголоос тэмээн тавхай үнэ хүргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгүй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг нийтийн хийрхэл давамгайлаад гурван жил боллоо. Шалтгаан нь байгалийн эрдэс түүхий эд гэнэт үнэд орсноос болсон хэрэг. Хэн нь илүү эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл өрнөв. Эх оронч гэдэг цол бол Сүхбаатарын одонгоос ч илүү гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг цангатлаа уралдан орилолдов. Ерөөсөө байгалийн баялгаа ашиглахаа болиод хойд үедээ үлдээе, ингэхийн тулд өнөөдөртөө цөмөөрөө өлсөж үхэцгээе, яадаг юм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргүүлж байв. Ялангуяа Хойд Америкийн хөрөнгө оруулагчдыг эцэж үхтлээ хараацгаав. Хөрөнгө оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гайгүйд тооцогдож байсан Монгол энэхүү гурван жил үргэлжилсэн хийрхэлийн шанд хөрөнгөө оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтүн” гэсэн хаягтай болж орхилоо.
Хятад, Оросоос өөр орон айгаад ойртохоо больж буй хэрэг.
Дэд бүтэцгүй, далайгаас хол орны түүхий эд төдийлөн тоогддоггүй. Энэ дэлхий эрдэс баялгаар халгиж цалгиж байгаа, олдворлолтын аль өртөг багатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай. Таван толгойн коксжих нүүрсний ордыг нээгээд 45 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хүлээж авч байгаагүй. Далаад оны дундуур Румын нэг сонирхсоноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “түй” гээд орхижээ. Наяад оны дундуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг панаалдах гэж хамаг ураа гаргасан боловч өвгөн дарангуйлагч өөрийн мэргэжилтнүүдтэй хөөрөлдөөд “ашиггүй” гэсэн дүгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австралийн Би Эйч Би хэмээх аварга компани хайгуулын лицензийг нь аваад хоёр жил судалж үзээд бас л “түй чоорт” гээд буцааж өгөөд шилээ харуулсан.
Монголын байгалийн баялаг газар зүйн утгаасаа болж зөвхөн Хятадын зах зээлд борлогдох нигууртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох өрсөлдөгч. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр байгалийн баялгаас улам бүр хараат болж, эрчим хүчний өлсгөлөнд орж буй Хятадын өсөн нэмэгдэх хэрэгцээнээс болж Монголын баялагийн үнэ өснө. Монголын үнэ хүрч буй баялгийг ашиглаж боловсруулж хятадуудад худалдах сонирхол дэлхийн том компаниудад үүсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хөрөнгөтэй, нэр хүндтэй нь Австрали, АНУ, Канадын компаниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Түүхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэнхдээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хүнд бүхий гуравдагч оны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд үндэсний аюулгүй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгүй хожоотой.
Уул уурхайн хөрөнгө оруулалт гэдэг асар их мөнгө шаардсан эд. Энэ мөнгийг яаж босгодог вэ? Хөрөнгийн биржээр дамжуулан энэ дэлхийн олон арван сая хүнээс мөнгө татан босгодог. Эзэмших гэж байгаа орд газраа зад панаалдан хөөргөн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хүмүүсээс мөнгийг нь салгаж авна. Мөнгөө банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илүү ашигтай юм байна гэж хүмүүс итгэл үнэмшилтэй болсон үедээ мөнгөө цутгаж эхэлнэ. Мөнгөө хийх гэж байгаа хүмүүс манай ХЗХ-ы хохирогсдоос арай илүү туршлагатай байдаг учир орд бүхий орны хуулийн орчин, бусад хөрөнгө оруулагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь тогтворшил зэргийг судалдаг. Биржээс хөрөнгө босгох гэж байгаа эзэд ч заримдаа улайраад хэтрүүлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фридланд гэгч юм. Тэрээр Монголоос олсон ордоо 5 доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашигтай мэтээр хадуурчээ. Өнөөгийн дэлхийд ингэж 20 нугардаг хар тамхины бизнес ч байхгүй. Фридланд ер нь нэлээд хийтэй нөхөр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй байгаад манайхныг бодвол арай ч гайгүй л дээ. Тэрээр Монголын бүх юмыг Энхбаяр гэдэг ганцхан нөхөр мэддэг гээд хэлснийх нь дагуу ойлгочихсон учир ганцхан тэр рүү гүйж түүнтэй л тохироод давхиад байсан нь харин ч муугаар эргэж Монгол бол Африк биш болохоор чөлөөт орны ард иргэд түүний эсрэг босчээ. Хийтэй нөхрөөс болж маш их алдагдалд орсон компани нь мань эрийг даргын албанаас нь хуссан төдийгүй хувьцааныхаа нэлээд хэсгийг асар туршлага бүхий Английн нэг компанид зарж голдиролдоо орсон аж.
Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Урьд үүнийг концессоор шийддэг байж. Сүхбаатар кинонд нэгэн америк эр концесс өгөх үү гэж асуухад энэ ямар учиртай үг болохыг жанжин өөр нэгнээс сэм асуудаг. Нэгмөсөн харанхуйгаар тодорхой мөнгө төлөөд гадны компани өөрсдийн хөрөнгөөр ашиглаж гарах ашгийг нь бүгдийг нь авдаг наймааг концесс гэх. Өдгөө улс орнууд соёлжоод ийм маягийн “луйвар” бараг устжээ. Ордын үнэ болон нөөц, ашиглалтын өртөг, борлуулах зах зээлийн идэвх, ирээдүй, тухайн орны хуулийн орчин зэргээс хамаарч янз бүр гэрээ хийгддэг ба тэр нь олон улсын хүрээнд стандартчилагджээ. Үүнийг олон улсын жишиг гэж үздэг, аль аль тал хожоотой, сэтгэл ханамжтай хоцорно. Хамгийн алтан гэрээг “бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэж үздэг юм билээ. Ашиглагч оронд төлөх татвар, роялтийн хэмжээ олзворлолтын хэмжээгээр нэмэгдэх ба эцэст нь ордоос нийт гарах ашгийн 60 хүртэл хувийг эзэн орон ганц ч төгрөг гаргаагүй мөртөө авсан дүнтэй гардаг аж.
Ядуу орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн нэг шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөртөө ашигтай өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмэнт аль аль нь үгүй мөртлөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлнээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно.
1978 онд гадаадын хөрөнгө оруулагчдаас хурааж авсан асар том зэсийн уурхайг Перугийн төр жил хагас ажиллуулаад бүрэн дампууруулан хааж байсан нь ганц тэдний явдал биш төрийн менежмэнтийн чадварыг илтгэсэн тод жишээ болон сурах бичигт үлджээ. Төр олон улсын жишгээр баялаг ашиглалтаас татвар роялтигийн зарчмаар мөнгө олон түүнээ нийгэмд зарцуулж чадвал улс орон хождогийн жишээг Чилиэр жишээлдэг нөгөө нэг үзүүлэлт мөн л сурах бичигт тод үлдсэн. Ядуу орны үндэсний үйлдвэрлэгчид гадаадын туршлага, мөнгө бүхий компаниудтай хавсран биржээс хөрөнгө татан олон улсын жишгээр ажиллаж баялгийг үр дүнтэй ашиглан улсаа босгосон олон жишээ хамгийн сонгодгоор шалгарч буй гэнэ.
Олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, ард түмэн нь хоосорч буй жишээг холоос биш энүүхэн Сүхбаатар аймгаас харж болно. Саяхан тэд 2006 оны ногдол ашиг гэж 10 сая доллар хувааж авсан тухай би сонссон. Монголын ард түмэнд шавхруу ч ногдоогүй. Байгалийн баялгийг шууд өөртөө ашиглах худалдан авагч орон орд эзэмшин ашиглах илүү сонирхолтой байдаг. Иймээс хорвоогоор нэг тарсан хайгуулын болон ашиглалтын лицензийг хөршийнхөн маань илүү шохоорхон ихээр нь худалдан авсан билээ, сүүлийн хэдэн жил. Монголд орж ирсэн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах сонирхол ч тэдэнд л илүү их байсан. Иймээс эсэргүүцлийн жагсаал цуглаан, эвдэн сүйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, өдөөн хатгах, санхүүжүүлэх илүүтэй шалтгаантай юм. Үүнд автахын тулд нэгдүгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хөөрхөн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хүмүүсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.
2007.4.3