“Монголын Морьт Харваа”-ны холбооноос “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг энэ сарын 7, 8-нд “Чингис хаан хүрээ” цогцолборт зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээнд Малайз, Канад, Унгар, Өмнөд Африк зэрэг 17 орны 40 гаруй тамирчид оролцохоор хүрэлцэн иржээ. Тэмцээн зөвхөн спортоос гадна аялал жуулчлал, эдийн засагт хувь нэмэр оруулж, морьт харваагаар хичээллэдэг залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй болгож буйг тэмцээний зохион байгуулагч онцоллоо.
Тэмцээний зохион байгуулагч Ш.Цогтхүү “Морьт харваа гэдэг бол бид бүхэнтэй салшгүй холбоотой. Өвөг дээдсийн минь дайчин уламжлалыг морь, нум сумгүйгээр төсөөлөх аргаагүй. Энэ уламжлалыг монголчууддаа өвлүүлээд зогсохгүй олон улсын түвшинд морьт харваа сонирхогчдыг нэг дээвэр дор цуглуулж тэмцээн зохион байгуулах болсноороо онцлог юм” гэлээ.