Categories
мэдээ цаг-үе

Хиймэл оюун ухааны эрэн дэх монголчууд

Аж үйлдвэрийн I хувьсгалыг “Механикжуулалтын хувьсгал” гэх бөгөөд 1780 оноос эхэлсэн гэж үздэг.Суутангууд нэхмэлийн суурь машин бүтээснээр гараар утас ээрдэг арга энэхүү шинэ машины хэрэгцээг хангаж чадахгүй болжээ.Ингээд утас ээрдэг, буддаг машинууд бий болж нэхмэл бүрэн механикжин үйлдвэрлэл эрс нэмэгдэж өртөг нь багасав.Эдгээр суурь машинууд гэрт багтахгүй байсан тул тусдаа том байранд орж бие даасан үйлдвэрүүд бий болов.Гэвч нэхмэлийн суурь машинуудыг усан тээрмээр хөдөлгөдөг байсан учир голын эрэг дагуух газрын түрээсний үнэ тэнгэрт хадаж, нэхмэл бүтээгдэхүүний үнэ хиймлээр өсөх болжээ.Цаг үеийн энэхүү зайлшгүй шаардлагаас үүдэн уурын хөдөлгүүр бий боллоо. Уурын хөдөлгүүр бүтээх болсон бас нэг шаардлага нь нүүрс олборолттой хамааралтай байв. Өөрөөр хэлбэл, хуучирсан технологиор буюу англид ховор байдаг модны нүүрс ашиглан төмөр гаргаж авдаг байсан тул XVI зуунаас эхтэй өндөр хэрэгцээг хангаж дийлэхгүй болов. Харин XVIII зуунд Абрахам Дербитөмөр гарган авах, Их Британийн аралд элбэг байдаг чулуун нүүрсийг коксжуулах аргыг нээснээр асуудал шийдэгджээ. Чулуун нүүрс олборлолт нэмэгдэхийн хэрээр нүүрсний уурхайн гүний усыг зайлуулах асуудал босч ирэв. Үүнийг шийдэхийн тулд 1712 онд Томас Ньюкомен уурын хөдөлгүүр ашиглан шахуурга бүтээв. Улмаар 1785 онд Жеймс Ватт уурын хөдөлгүүрээс гаргах энергийг бүлэх хөдөлгөөнөөс эргэлдэх хөдөлгөөн рүү шилжүүлжсэн нь уурын хөдөлгүүрийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, төрөл бүрийн машин техникт хэрэглэх бололцоотой болгосон байна. Үр дүнд нь төмөр зам, хүчирхэг усан онгоцнууд бий болов. Ингэж энергийн эх үүсвэр болох голоос хол зайд ч янз бүрийн үйлдвэр барих боломжтой болсон билээ.

Аж үйлдвэрийн I хувьсгалын сайн тал нь Оюуны өмчийн гэрчилгээ хэмээх Хөдөлдөг хөрөнгөний оргил цэгийг бий болгосон явдал бөгөөд энэ үеэс үүдэлтэй, хожим бий болох бүх тэрбумтангууд оюуны өмчийн эзэд байх болно. Мөн Бараа бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх болсонтой холбогдуулан амьжиргааны өртөг буурч иргэдийн амьдрал сайжрав. Бас үйлдвэржилтийн улмаас хүн амын төвлөрөлт, орчин үеийн хотжилт үүсэн шинэ нийгэмшил бий болж, ажилчин анги гэх ойлголт бүрэлдэн тогтсон юм. Энэ нь хөгжил дэвшлийн үндэс болсон хөлмөрийн хуваарийг бий болгож иргэд мэргэжил, мэргэшилтэй болох боломж бүрдэв. Муу тал нь хөрөнгөтний нийгмийг муу муухайн үүр гэж үздэг социализмын онол ч энэ үед үүсч бий болжээ. Энэ нь хожим хүн төрөлхтний бараг талыг эрхшээсэн утопи гэх биелэгдэшгүй, хоосон уриатай, дундад зууны буюу ордны хуйвалдааны тогтоцтой, хүний түүхэнд гарч байгаагүй цаашид ч гарахгүй харгис, хэрцгий, бурангуй арга барилтай, бүх эд зүйлс, тэр байтугай иргэдийн сэтгэхүйг хүртэл нам-төр-улс хэмээх хэний ч биш өмчид хамруулах гэсэн эрмэлзэлтэй, эцэстээ төрийн албан тушаалтангууд нь алдаа гаргахгүйн тулд юу ч хийхгүйг хийсээр байгаад бусдаасаа хөгжлөөр хол хоцорч 70 жил оршин тогтноод нам сөнөх социалист системийг бий болгох болно. Мөн бас нэг муу тал нь шинээр бий болсон олон үйлдвэрүүд түүхий эдийн асар их баялаг шаардах болсон тул асар их нутаг, хүн ам бүхий зах зээл олдог колончлолыг дахин сэргээн явуулж, бусдыгаа улам эрчимтэй шулах болсон төдийгүй Аж үйлдвэрийн хувьсгалын ачаар бусад улсаас хүчирхэг болсон улсууд хөгжиж амжаагүй байгаа улсуудыг эзлэн түрэмгийлж, мөлжиж буйгаа зөвтгөхийн тулд хүн төрөлхтөнг дээд, доод үндэстэн гэж хоёр хуваан, арьс өнгөөр гадуурхан, ялгаварлах үзлийг бий болгоод байсан билээ. Тухайн үед бусдаасаа илүү хүчирхэг болсон англичууд энэхүү үзлийг бүр улсын тусгай бодлого болгон тараан дэлгэрүүлэв.Хожим колончлогчид гэгдэх испани, голланд, протугал, франц, англичуудын хамтран зохиосон энэхүү үзлийг герман бага дарга шинэ шатанд гарган хөгжүүлж, өөрсдөд нь болон хүн төрөлхтөнд урьд, хожид гарч байгаагүй гай гамшиг тарьж, маш олон сая хүний амь насыг авч одох болно.

Аж үйлдвэрийн II хувьсгалыг 1870 оноос эхтэй “Цахилгаанжуулалтын хувьсгал” гэх ба цахилгаанжуулалт амьдралд нэвтэрсэн нь шөнө үйлдвэрлэл явуулж үйлдвэр тасралтгүй явагдах нөхцөлөөр хангагдсан төдийгүй янз бүрийн цахилгаан мотор бий болсноор механикжуулалт үйлдвэрлэлд төдийгүй иргэдийн ахуй амьдралд орж ирэн амьдралыг нь сайжруулах боломж олгосон явдал юм. Хамгийн сайн тал нь маш олон сая ажлын байр шинээр бий болж иргэдийн цалин хангамж нэмэгдэж, амьдрал эрс сайжрав. Муу тал нь технолгийн дэвшлийг бусдыгаа ноёрхох зэвсэг болгох гэснээс үүдэн дэлхийн хоёр дайны галыг өдөөснөөр олон арван сая хүний амь, амьдралаар тоглосон явдал байв. Энэхүү хувьсгал нь бидэнд орчин үеийн хими, авто машин, цахилгаан бараа болон бусад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг авчирсан. Дашрамд дурдахад, судлаачид авто машин, нисэх онгоц, сансрын техник, хэрэгслүүдийг бие даасан хувьсгал гэж үзэлгүй цахилгаанжуулалтын хувьсгалд хамруулдаг. Учир нь цахилгаангүйгээр энэхүү тээврийн хэрэгсэлүүдийг төсөөлөх боломжгүй юм. Аж үйлдвэрийн III хувьсгалыг бүтнээр нь “Дижитал, цахим, мэдээллийн технологи(IT), автоматжуулалтын хувьсгал” гэх бөгөөд 1960 оноос эхтэй гэж үздэг. Чухамхүү энэ л үеэс монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, Аж үйлдвэрийн III хувьсгалыг биеэрээ туулан гарсан болохоор сайн, муу талыг нь маш сайн мэдэх үндэстнүүдийн нэг болсон билээ.

Өнөөдөр бидний амьдралд аажмаар, мэдэгдэхгүй шахам орж ирж буй Аж үйлдвэрийн IV хувьсгалыг товчоор “Хиймэл оюун ухааны хувьсгалын эрин үе” гэж нэрлэж байна.Гол онцлог нь өмнөх хувьсгалууд эдийн засгийн тодорхой салбаруудыг хамарч байсан бол энэ хувьсгал нь амьдралын бүх салбарт нэвтэрнэ. Ухаалаг (өөрөөр хэлбэл, хүний оролцоогүй буюу хүний оролцоо маш бага) үйлдвэр, хөдөө аж ахуйн ферм, үйлчилгээ, тээврийн хэрэгслүүд бий болж, цоо шинэ материалууд амьдралд нэвтэрч, нано болон био технологи, анагаах ухаан үсрэнгүй хөгжин хүний амьдрах орчин эрс сайжран өөрчлөгдөнө гэж үзэж байна.

Маш товчоор ухаалаг программ бүхий роботууд хүмүүсийн биеийн хүчний ажлыг, харин хиймэл оюун ухаан хүмүүн таны оюун ухаан шаардсан ажлыг орлоно гэсэн үг. Иймээс судлаачид удахгүй алга болох нягууртай мэргэжлийн жагсаалтуудыг гаргаж дэлхий нийтийг айлган, сандаргаж байгаа бөгөөд энэ жагсаалтад орсон мэргэжлийн тоо, өнөөдрийн байдлаар тун удахгүй 300-г давах шинжтэй байна. Харин монголчууд бидэнд бусдыг даган айж, сүрдэх өчүүхэн ч шалтаг байхгүй байгаа юм. Учир нь та гудамжинд таарсан дурын европ хүнд утсаа өгч өөрийнхөө зургийг даруулаарай. Зөвхөн таны дүрийг л харж цаана байгаа зүйлийг огт анзааралгүй зургийг чинь авсан байх болно. Харин дурын ази хүнээр зургаа авахуулбал таны зургийг, ард нь байгаа фонотой нь давхар анхаарч зургийг чинь авсан болох нь төвөггүй ажиглагдана. Энэ нь европчууд аливаа зүйлийн цаад талыг бус ил байгаа наад талыг нь хардаг сэтгэхүйн онцлогтой учраас л ажилгүй болж гудамжинд гарах нь гэж айж сандарцгаагаад байгааг баталж байна гэсэн үг. Дэлхий нийтээр “XXI зуунаас Азийн зуун эхэлнэ” гээд байдгийн цаад учир нь ч энэ билээ.

Эрдэмтэд XIX зууныг Капиталын зуун буюу хөрөнгө, мөнгөний хуримтлал бий болсон зуун гэнэ. Олон сая ажилчдын амь нас, эрүүл мэндийг зольж хөрөнгө хуримтлагдсан болохоор зарим эрдэмтэд энэ зууныг “Зэрлэг капитализмын зуун” ч гэх нь бий. Харин XX зууныг “Мэдээллийн”, XXI зууныг “Технологийн зуун” буюу Оюуны өмчийн зуун гэж санал нэгтэйгээр нэрлэдэг. Тэгвэл биеийн хүчний мэргэжлийг орлох хиймэл оюун ухаантай робот болон хүмүүн таны оюун ухаан шаардсан ажлыг ухаалаг программ орлох нь үнэн боловч өндөр бүтээмжтэй эдгээр технологийг амьдралд нэвтрүүлэхэд маш бага зардал орно.Бас таныг орлож буй эдгээр зүйлс цалин,эрүүл мэндийн болон нийгмийн даатгал огт шаардахгүй.Энэ нь хиймэл оюун ухааны бий болгосон орлого шууд болон шууд бус замаар иргэдэд очиж хүчирхэг дундаж давхарга бүхий цоо шинэ нийгэм үүснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг хэн нэгэн их мөнгө цуглуулах шаардлага огт үгүй болно.Бүр товчоор баян хоосны ялгаа арилж иргэн бүр дундаж давхаргад орж, сайн сайхан амьдардаг болно гэсэн үг.Энэ явдлыг арай тодруулж тайлбарлавал Оюуны өмчийн гэрчилгээ авч үүнийгээ амьдралд нэвтрүүлэхийг инноваци гэнэ. Иймээс инновацийг хөгжлийн түлхүүр гэдэг.Тэгвэл энэ талаар монголчуудад бусдаасаа илт илүүрхэх гурван том боломж байна.Үүнд:

1.Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд 3,4 сая монголчуудаа төлөөлж ихэр охин очоод, тэрбум дөрвөн зуун гучин сая хүнээс шалгарсан эрэгтэй хүүхдийг дундаа оруулан тэргүүлж, Гиннесийн номд бүртгэгддэг бидэн шиг ард түмэн одоохондоо энэ бөмбөрцөг дээр л лав алга. Энэ нь монголчуудад хиймэл оюун ухаан бүтээх төрөлхийн маш том боломж байгаагийн баталгаа билээ.

2.Өнөөдөр НҮБ-ын гишүүн 193 тусгаар улсаас бидэн шиг бусадтайгаа эвтэй байгаа улс, үндэстэнг үзээд өгье гэсэн ч алга. Өнөөдөр шиг ийм олон улстай найрсаг харьцаатай байсан түүх Монголын өөрийнх нь түүхэнд ч байгаагүй байх юм. Өнөөдөр монголчууд та бидэн шиг газар нутгийн маргаангүй улс дөрвөн зүг, найман зовхист л лав алга.Энэ нь монголчуудад дэлхийн зах зээлд хиймэл оюун ухааны бүтээлээ экспортлох,бусад улсын иргэд мөрөөдөж ч чадахгүй маш том боломж байна гэсэн үг.

3. Саяхан Монгол Улсын УИХ-д цэвэр шинжлэх ухааны ололтод тулгуурлах, улс төрөөс ангид, бүр анхны гэж болох Инноваци, цахим бодлогын байнгын хороо олон намын төлөөлөлтэй байгуулагдлаа.Энэ нь тун удахгүй манай улс цахим засаглалтай болно гэсэн үг.Цахим засаглалтай болно гэдэг нь авлига, арын хаалга хэмээх алагчлал алга болж улсад орж буй орлого идэж, уудгуудад бус иргэддээ шууд очдог болно гэсэн үг.Маш товчоор монголчууд бүгд баталгаат дундаж давхаргад хамаарах иргэд болж аз жаргалтай амьдарцгаах болно гэсэн үг билээ.

Өнөөдөр ган болоод металлургийн бусад бүх үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүнээ үрлэн хэлбэрт шилжүүлж байна. Энэ нь оюуны өмчгүй иргэд үрлэн металлыг ухаалаг 5D принтерт оруулан ямар ч машин, механизм тэр ч байтугай сансрын хөлгийн сэлбэгийг гэрийнхээ нэг өрөөнд үйлдвэрлэж, нөгөө өрөөндөө ухаалаг зурагт үзсэн шиг хангалттай цалинтай амьдарна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд өнөөдөр такси, автобус, том машины жолооч нар болон шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга хийж буй хүмүүс ажилгүй болох нь ойлгомжтой болоод байна.Гэхдээ энэ хүмүүс улсынхаа иргэний хувьд ажилгүй болсон ч хиймэл оюун ухааны бүтээсэн баялгийн орлогоос амьдралдаа хангалттай хүрэлцэхээр хувь хүртэх нь дамжиггүй юм. Инноваци, цахим бодлогын хорооноос авч явуулах бодлогын ачаар шаардлагатай байгаа шинэ мэргэжлийг иргэд маань хурдан хугацаанд эзэмшинэ.Шинэ мэргэжил эзэмшинэ гэдэг нь товчоор өөрийн сонирхож буй сэдвээр, эцэг эхээс өвлөн үлдсэн авьяасынхаа дагуу өөрийн нэр дээр оюуны өмчийн гэрчилгээ авна гэсэн үг. Харин энэ оюуны өмчөө амьдралд нэвтрүүлэн инноваци болгоход энэхүү Байнгын Хороо тусгай бодлогоор туслах болно.Хийсэн бүтээснээ инноваци болгож буй хүмүүсийг дэлхий нийтээр “Бараг бурхад” буюу “Баялаг бүтээгчид” гэдэг.Энэ нь Аж үйлдвэрийн IY хувьсгалын дүнд монголчууд маань бүгд “Бараг бурхад”гэж нэрлэгдэх нягууртай болчихоод байна гэсэн үг ажгуу.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *