Categories
мэдээ цаг-үе

Хиймэл бөөрийг ирэх жилээс худалдаанд гаргахаар төлөвлөжээ

Дэлхий дээр 700 орчим сая хүн бөөрний архаг өвчтэй бөгөөд тэдний эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 гаруй хувийг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тэдний ихэнх нь бөөр орлуулах эмчилгээ буюу гемодиализын аппаратанд хэвтэхийн тулд урт дараалалд хүлээгдэж, эдийн засаг, цаг заваа ихээр алддаг. Тогтмол хугацаанд уг аппаратанд орохын тулд ажил төрлөө хойшлуулж, эмнэлэг барааддаг. Энэ байдлыг анзаарсан эрдэмтэд бөөрний архаг өвчтэй хүмүүс хиймэл бөөрний аппаратанд орохын тулд эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр аппаратаа өөртөө зүүгээд авч явах, эсвэл мэс заслын аргаар бөөрний судсанд хиймэл бөөр холбох зэргээр судалгааны ажил хийсний үр дүнд хиймэл бөөрийг гаргаж авчээ. Ерөнхий бүдүүвч зураг болоод ажиллах дараалал нь хиймэл бөөрний аппарат буюу гемодиализын аппаратын жижигсгэсэн хувилбар гэж хэлж болно.

АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Шову Рой, Виллиан Бандербилт нар уг төхөөрөмжийг зохион бүтээжээ. Уг хиймэл бөөр буюу төхөөрөмжийг мэс заслын аргаар бөөрний гол судсуудтай холбох юм байна. Төхөөрөмж цус шүүж, бөөрний үйл ажиллагаа, тэр дундаа дааврыг зохицуулах, цусны даралтыг хянах зэрэг олон үүрэгтэй ажээ. Эрдэмтэн Ройн хэлснээр уг хиймэл бөөр нь цуснаас хортой бодисыг цэвэрлэдэг уламжлалт гемодиолизын аппаратаас ялгаатай нь маш нарийн шүүлтийн дамжлагатай юм байна. Микрочипээс бүрдсэн хиймэл бөөр сэнжтэй аяганы хэмжээтэй бөгөөд туршилтын явцад овор хэмжээг нь багасгаж улам боловсронгуй болгожээ. Төслийн багийнхны хувьд хиймэл бөөрний туршилт дуусч эрүүл мэндийн салбарт хэрэглэхийг зөвшөөрвөл 2020 онд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Хэрвээ хиймэл бөөр худалдаанд гарвал бөөрний дутагдалтай хүмүүс диализын аппаратнаасаа салах, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохгүйгээр эрүүл мэндээ зохицуулаад явах боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ төхөөрөмжийг хүний биед суулгасны дараа 14 хоногийн дараа бие организмтай уялдаж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж дасан зохицдог аж. Хиймэл бөөрийг гахайнд суулгаж туршсаны дараа хүн дээр турших юм байна.

Энэ хиймэл бөөр хүний биед зохицож, бөөрний үүргийг 95-аас дээш хувьтай гүйцэтгэж чадвал 3D принтерээр хэвлэсэн эд эрхтнүүд ч ажиллагаанд орох боломж бүрдэнэ гэж зарим судлаачид харж байгаа юм.

Анагаахын шинжлэх ухаан, шинжлэх ухаан өндөр хөгжсөн барууны орнуудад 3D био-хэвлэгчээр хүний биеийн эрхтэнүүдийг хэвлэж гаргаад байгаа билээ. Эхний ээлжинд чих, хамар зэрэг эрхтэнийг амьд эс, тусгай гидрогел ашиглан хэвлэж гаргасан. Хэвлэж гаргаж авсан эрхтэнүүд нь хүний бие организмд зохицох, цусны судас ургаж төлжих бяцхан сувгуудтай ажээ. Нэг эд эрхтэнийг 30 минутын дотор хэвлэдэг бөгөөд эрдэмтэд арван жилийн турш тасралтгүй ажиллаж чих, хамар гаргаж авсан бол одоо бөөр, элэг, уушги, зүрх, ходоод зэрэг эрхтний амьд эдийг хэвлэхээр туршилт хийж байгаа гэнэ.

Эрдэмтдийн баг мөгөөрсөн хоолой, мөөгөөрсний амьд эд хэвлэж гаргаж аваад лабораторийн хулганад шилжүүлэн суулгасан нь амжилттай болж, хоёр сарын дараа мөгөөрс бий болж, улмаар судас үүссэн байна. Тиймээс 3D-гээр хэвлэж гаргасан эд эрхтэнүүдийг хүний биетэй дасан зохицуулах, биед суулгасан хойно нь өөрөө бие даан ургаж, төлжих явцад анхаарал хандуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *