“Хичээх өдөр” арга хэмжээг НИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа. Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” тохиосон юм. НҮБ-аас жил бүрийн энэ өдрийг зам тээврийн осолд өртөн нас барсан хүмүүсийн дурсгалд зориулан тэмдэглэдэг ажээ. Харин Монголд “Хичээх өдөр”-ийг эмгэнээд өнгөрөх бус зам тээврийн ослоос урдчилан сэргийлэх, ослын гаралтыг бууруулах зорилгоор тэмдэглэсэн. Энэхүү ажил нь үр дүнгээ өгч зам тээврийн осол эрс буурч, хүний амь эрсдээгүй байна. Тодруулбал, “Хичээх өдөр”-өөр 191 дуудлага ирж, дөрвөн хүн бэртсэн нь бусад өдрүүдтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн газарт өдөрт дунджаар 400 орчим осол аваартай холбоотой дуудлага ирж, өдөр бүр 1-2 хүн амиа алдаж, 15-20 хүн бэртдэг байна. Энэхүү үзүүлэлт нь сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс гаргасан тоо баримт юм. “Хичээх өдөр”-ийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат тодруулахдаа “Зам, тээврийн осолгүй амьдрах боломжтойг эл арга хэмжээ харууллаа. Бүртгэгдэж буй ослын дуудлага, мэдээлэл 60, бэртсэн хүний тоо 70 хувиар буурч, хүний амь эрсэдсэнгүй. Жилд 600 орчим хүн ослоор амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тэгвэл бүгдээрээ хичээснээр зам, тээврийн осол гаргахгүй байх боломжтойг та, бид хамтдаа баталж чадлаа. Цаашид хамтдаа сэргийлж, сайжруулах шаардлагатай олон асуудал бий. Тухайлбал, жолооны эрх олгох сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хянаж, сайжруулах шаардлага байна. Мөн жолооч нарыг тогтсон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, жолоодох эрх үргэлжлүүлэн олгох, эсэхийг шийддэг тогтолцоотой болгох шаардлага тулгарч байна. Цаашид хүн бүр хичээж чадвал осол гэмтлийн улмаас нас барагсдын тоо буурах боломжтой. “Хичээх өдөр” ч гэлтгүй бүх л өдөр хичээцгээе” гэсэн юм.