Өнгөрсөн өдрүүдэд төв талбайн зүүн хэсэгт байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг дуудлага худалдаагаар худалдсан нь олны анхаарлыг ихэд татлаа. Уг барилгын газрыг Иран улсын гаралтай ч Монгол улсын иргэншилтэй болсон Абдул Карим гэгч худалдан авсан юм. Ингээд түүнтэй холбоотой мэдээллүүд ар араасаа хөврөх болж хэн болох талаар бүгд сонирхох болсон билээ. Гэвч Абдул Каримын талаар сайнаасаа илүү саар мэдээллүүд хөврөх болсон. Түүнийг шонхор шувууг арабуудад худалддаг гол хүн гэх мэдээлэл хүртэл гарсан. Энэ бүх мэдээллээс залхсан Абдул Карим хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг авахаасаа татгалзаж буйгаа өөрийн биеэр мэдэгдлээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Л.Баянбат мэдээлэл өгөхдөө “Абдул Карим дуудлага худалдаанд оролцож, хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг худалдаж авсныгаа цуцалж буйгаа мэдэгдэн өргөдлөө өглөө. Өргөдөл өгөх болсон шалтгаанаа “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэрийг гаргалаа. Дуудлага худалдааны ялагч болсон хэдий ч татгалзах нь зөв шийдвэр гэж үзсэн” гэж тайлбарласан гэв. Мөн тэрээр “Тиймээс дахин дуудлага худалдаа зарлахгүйгээр дараагийн үнийн саналыг өгсөн “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайханд эрх шилжих боломжтой. Бид түүнд саналаа хүргүүлнэ. Хэрвээ тэр зөвшөөрөхгүй бол дуудлага худалдааг дахин зарлах болно. Мөн дуудлага худалдаанд оролцох журмын дагуу Абдул Каримын дэнчинд өгсөн 710 сая төгрөгийг улсын орлого болгоно” гэсэн юм.
Ийнхүү “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэвлэх үйлдвэрийн газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахаар боломжтой боллоо. Гэхдээ тэрбээр авах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Түүний хариу өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм.Тиймэээс хэвлэл үйлдвэрийн дараагийн эзэн “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан байх уу эсвэл өөр хүн болох уу гэдэг өнөөдөр тодорно. Хэрэв тэрбээр хэвлэх үйлдвэрийн газрыг авахаас татгалзвал дахин дуудлага худалдаа зохион байгуулах аж.