Categories
мэдээ цаг-үе

ХЭҮК: Он гарснаас хойш хурдан мориноос 7 хүүхэд унаж нас барсан DNN.mn

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө. 

Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр холбогдох албан байгууллагууд, эцэг эх, уяач нарт шаардлага хүргүүлсэн. Хурдан морины уралдаан нь үндэсний өв соёл боловч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгалаалах нь зүй ёсных. Унаач хүүхдүүдийн хамгаалах хувцас хэрэгсэл, даатгалд хамруулж байгаа эсэхэд холбогдох байгууллага хяналт тавьж байгаа. ХЭҮК 21 аймгийн Засаг дарга нарт Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд 11 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Унаач хүүхдэд тавигдах стандартын шаардлагыг тусгасан.

Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр он гарснаас хойш хурдан мориноос унаж амиа алдсан 7 хүүхэд байна. Тэрний 4 нь хурдан морины үсэргээ зохион байгуулснаас үүдэлтэйгээр, 3 нь бусад шалтгааны улмаас мориноос унаж амиа алдсан. Өмнөговь аймагт 2, Төв аймагт 2, Увс аймагт 1, Өвөрхангай аймагт 1, Хэнтий аймагт 1 хүүхэд нас баржээ.

Хамгийн сүүлийн тохиолдол нь Хэнтий аймгийн Дархан суманд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулах явцад хүүхэд мориноос унаж нас барсан. Ахуйн хүрээнд буюу Төв аймагт жуулчдын хөтөчөөр ажиллаж байсан хүүхэд мориноос унаж усанд живж нас барсан.

Хүний амь нас эрсдсэнтэй холбоотой уг хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Гэхдээ хүүхэд ямар нэгэн байдлаар амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохироод байгааг таслан зогсоох ёстой. Хурдан морины уралдааны бэлтгэл ажилд оролцож байгаа бүхий л үйл явцад хүүхдийг бүрэн хамгаалах хувцсаар хангах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *