Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нар өнөөдөр (2021.01.06) Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч П.Болормаа, төслийн менежер А.Лхагвадэмбэрэл, захиргааны ажилтан Б.Баярцэцэг нартай цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны санал солилцлоо.
ОУХБ-ын үндэсний зохицуулагч П.Болормаа ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүсээд ОУХБ-ын Монгол дахь үйл ажиллагаа, “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь”, “Зохистой хөдөлмөрийн төлөө худалдаа” төслүүдийг товч танилцуулав.
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд гишүүн Ж.Хунан “Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зөрчлүүдийг арилгах, үндэсний хууль эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, бизнес ба хүний эрх, сургалт, нөлөөллийн ажиллагааг хамтран зохион байгуулах, ХЭҮК-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд зарим ажил, үүргийг тусгах боломжтой” гэв.
Манай улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцид нэгдэн орох шаардлагатай бөгөөд энэхүү конвенцийг соёрхон баталснаар хөдөлмөрийн харилцаан дахь зарим зөрчил, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг зөрчлийг шийдвэрлэхэд ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа юм. Талууд уг асуудлаар санал нэгдэж, хамтран ажиллахаас гадна ОУХБ-ын суурь конвенцийн хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах, конвенцийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах, GSP+3 хөтөлбөр, ОУХБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, ялангуяа хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай конвенцтой холбоотой зөвлөмж буюу хурдан морь унаач хүүхдийн эрх, “Ковид-19” цар тахлын үед хөндөгдөж буй хөдөлмөрлөх эрхийн асуудал болон нөлөөлөл, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.