Categories
мэдээ нийгэм

ХЭҮК 2020 он хүртэл баримтлах стратегиа баталлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний баталгааг тууштай хангах, хүн бүрт эрхийг нь бодитойгоор эдлүүлэх, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, бусад хууль, олон улсын гэрээг удирдлага болгон 6 дахь стратеги төлөвлөгөөгөө 2015 оны зургаадугаар сарын 10-ны хурлаар батлан гаргалаа.

Комиссын 2015-2020 онд баримтлах стратеги төлөвлөгөө нь хүний эрхэд суурилсан хууль тогтоомж, төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад бодитой хувь нэмэр оруулан ажиллах, бүх нийтэд хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чиглэх бөгөөд Комиссын хуулиар хүлээсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал төлөвлөлтийн баримт бичиг юм.

Энэхүү стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэд олон нийт, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлд суурилж хэрэгжүүлэх юм.