БНХАУ-ын хэт өндөр цахилгаан дамжуулах шугамын урсгалын дунд болон урт хугацааны төлөвлөгөө буюу Азийг бүхэлд нь эрчим хүчээр хангах улс дамнасан аварга том “Азийн супер сүлжээ”.
Эрчим хүч гаргахын тулд эрчим хүчний эх үүсвэрийг зөөгөөд байх шаардлагагүй болжээ. Уран, усан цахилгаан станц, нар салхи, нүүрс нь хаана байна, тэнд нь л эрчим хүч үйлдвэрлээд хэрэгтэй газарт нь хүргэж өгөх шинэ шийдэл Азид хүчээ авч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ шинэ технологийг соргог мэдэрч Монголоос олон мянган километр алдагдалгүй цахилгааныг кабелиар дамжуулан авч болно гэдэг саналыг Зүүн хойд Азийн улсуудад санал болгоод байгаа билээ.
БНХАУ-ын “State Grid” компани 1500 км цахилгааныг зургаахан хувийн алдагдалтайгаар дамжуулдаг төхөөрөмжийг хэдхэн жилийн өмнө бүтээсэн нь асар их хэмнэлт, ашиг авчраад байгаа юм. Одоогоор тус компани 1000-аас дээш километрт цахилгаан дамжуулдаг 14 шугамыг ажиллуулаад байгаа юм байна. Эрчим хүчийг 3300 км радиус дотор хаана үйлдвэрлэснээсээ үл хамаарч, маш бага алдагдалтай дамжуулж байгаа нь өнөөдрийн хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугамын хүрч байгаа дээд урт гэж хэлж болно.
“State Grid” компани эрчим хүч үйлдвэрлэлээрээ 2018 оны байдлаар дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм. 927 мянган ажилчинтай, 1.1 тэрбум хэрэглэгчтэй уг компани өмнөх хоёр жилд 363 тэрбум ам.долларын орлого олжээ. Тус компани 2002 оноос үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийж 1000 кВт-ын Ultra-high voltage буюу хэт өндөр хүчдэл дамжуулах шугамын ажлаа эхлүүлсэн байдаг.
500 кВт хүртэл өсгөсөн хүчдэлийг UHV дэд станцын шугамд холбож UHV автотрансформатороор 1000 кВ хүртэл нэмэгдүүлэх зарчмаар эрчим хүчийг хувиргадаг юм байна. Ингэснээр дахин дамжуулах болон завсрын холболтоос үүсдэг элдэв зардал ихээхэн багасч, цахилгаан дамжуулах чадал нэмэгдэж, эрчим хүчний сүлжээний тогтвортой байдал сайжирчээ.
UHV дэд станц
UHV трансформатор (хувьсгуур) бол цахилгаан станцыг UHV эрчим хүчний сүлжээнд холбох үндсэн төхөөрөмж. 2010 онд эхний UHV шатлалт трансформаторыг боловсруулсан бөгөөд тогтвортой гүйцэтгэлтэйгээрээ дэлхийн шинэ рекордыг тогтоожээ.
2020 он гэхэд одоо байгуулаад буй 14 шугам дээр нэмж дахин шугам барих агаад ± 1100 кВт UHV дамжуулах системийг бий болгохоор зорьж байгаа юм байна. Ингэснээр энэхүү систем нь дэлхийн хамгийн өндөр хүчдэлийг дамжуулах хүчин чадалтай (12000МВт), хамгийн урт буюу 3300 км газарт дамжуулах аж. БНХАУ-ын байгуулж буй UHV цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэр бүхий станцуудаас бүрдэх юм байна.
Одоогоор нийт 5350 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай. Уг цогцолбор руу Монгол Улсаас 1500 км хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татахаар төлөвлөжээ. Уг төслийн хөрөнгө оруулалтад ойролцоогоор долоон тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо бий. Төслийн хүрээнд нийт 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ордыг түшиглэн жилд 20 сая тонн орчим нүүрс олборлох тооцоог гаргаад байгаа юм байна.
Хятадын инженер, эрдэмтдийн бүтээсэн UHV системийг анхлан зохиосон шалтгаан нь утаанаас ангижрахын тулд хийсэн ажил гэж үзэж болох талтай гэнэ. Учир нь Бээжин болон бусад хотыг битүү бүрхсэн утааг багасгахын тулд баруун хойд талын нүүрсний уурхайнуудтай UHV буюу хэт өндөр хүчдэлийн дамжуулах шугамаар холбосон нь маш өндөр үр дүн авчирсан юм. Өөрөөр хэлбэл Өмнөд Монгол, Шаньси мужид нүүрсээ шатааж цахилгааныг нь Бээжин, Шанхай руу дамжуулж байгаа гэсэн үг. Ийм дамжуулах шугамыг нийт 27 ширхэгийг барьж байж тус улс дотоодын асуудлаа бүрэн шийдэх аж. UHV дамжуулах шугамын хамгийн урт нь манайхтай хиллэдэг Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Хамигаас зүүн эргийн Жэнжоу хот хүртэлх 2100 км газар байх гэнэ.