Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэт халуун өдрүүд үргэлжилнэ

-ЗАРИМ ГАЗАР 40 ХЭМ ХҮРЧ БОЛЗОШГҮЙ-

Өнөөдөр нийт нутгаар усархаг бороотой байлаа. “Ойрын хоёр гурав хоног жаахан бороо орж магадгүй. Тэрнээс хойш халах төлөвтэй байна. Наадмын үеэр 11-12-ны үед Улаанбаатар орчимд 30 градусаас дээш гарч халах төлөвтэй байна” гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн, Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогт дуулгалаа. Гэтэл Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн урд хэсгээр залхтал бороо орж байгаа юм. “Борооны үүл наашлахгүй юм байх даа” гэвэл “Үүл наашлахад хаалт хориг үүсчихээд байгаа. Нутгийн төв хэсгээр явуулахгүй, үүлийг нь тэр хавьд нь эргэлдүүлээд, бороо асгаад байдаг хориг процесс үүсчихээд байна. Байгалийн энэ хориг процессын үед нэг хэсэг газар бороо ороод үер болоод, нөгөө талд нь айхавтар халуун болдог” гэлээ. “Байгаль дэлхийн энэхүү хориг процессыг хүн зохицуулах боломжгүй” гэж Ж.Цогт хэллээ. Бороотой нутагт Алтайн нуруунаас эх авсан голууд нь үерлэж байгаа гэнэ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Хаагуур хэт халж байна. Халуун өдрүүд үргэлжлэх үү?

-Зургадугаар сарын дунд үеэс халалт явагдсан.Түрүү сарын агаарын температурын дунджийг олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар 1.1-5.1 градус дулаан гэсэн мэдээ гарсан юм. Гол халалт газар тариалангийн бүс нутгаар эрчимтэй явж байна. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад маш их халалт үүсч байна. Үндсэндээ 37-38 градус хүрч халж байна. Хөрсөн дээрээ зарим газруудаар 70 градус хүрч байна. Зургадугаар сарын 30-ндзуншлагын байдлыг гаргасан. Нийт нутгийн 50 хувьд зуншлага хэвийн, 10 хувьд нь гантай байна. 40 орчим хувьд нь гандуу байна гэсэн мэдээ гарсан. Үр тариа, хадлан тэжээлээ авдаг бүс нутгууд гантай байна. Гэтэл энэ жил баруун зүгийн нутгийн урд талын хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсэг Дорнод, Сүхбаатар, Дундговь аймгийн баруун тал, Өмнөговь аймгийн зүүн тал, Дорноговь аймгийн урд талын хэсгүүд зуншлага сайтай байна. Жилийн жилд говийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор зуншлага муутай гэгддэг байсан бол энэ жил тэр газруудаар олон жилийнхээ дунджаас хэд дахин их бороо орсон. Долдугаар сард ч халалт хэвээрээ байна. Энэ халалттай байгаа газруудад 4-5-ны үеэр үүл хуримтлагдах нөхцөл бүрдэх нь үү гэж хараад байна. Тэр үеэр температурын жаахан бууралт гарч ирж магадгүй. Дараа нь дахиад л хална. Ялангуяа маргааш Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар дахиад хүчтэй хална. Бүр 36-37 градусаас ч илүү халж болзошгүй. Шулуухан хэлэхэд 40 градус хүрч болзошгүй байна.

-Энэ их халалт юунаас болж байна?

-Хүн бүр л уур амьсгалын дулааралт гэж ярьж байна. Уур амьсгалын дурааралтын нөлөө мэдрэгдээд эхэлж байна. 2013-2014 онд зундаа даарах шахуу байсан. Энэ жил зургадугаар сарын дундаас эхлээд халчихлаа. Олон жилийн дунджаар Монголд халуун болдог үе бий. Долдугаар сарын 15-даас хойш наадмын дараахан халалт үүсдэг. Энэ жил сарын өмнөөс халлаа. Халах халахдаа тогтвортой, цаг уурынхны хэлдгээр нутгийн төв хэсгээр тогтвортой өндрийн даралтын орон үүсчихээд хоёр талдаа бага даралтын оронтой. Тэндээ буюу баруун зүүн аймгийн нутгаар бороо ороод байдаг. Яг бороо ороосой гээд хүсээд байгаа газар тариалангийн бүс нутагт бороо ордоггүй. Долдугаар сарын урьдчилсан төлвөөр энэ сардаа ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градус орчим дулаан болно гэсэн мэдээ гарсан. Халалт олон хоногоор үргэлжлэх нөхцөл үүсч болзошгүй. Орох тунадасны хэмжээ өндөр биш, олон жилийн дунджийн орчим, түүнээс бага байх төлөвтэй. Ер нь л идэх будаа, малын тэжээлийн асуудал бараг үүсэх гэж байна даа.

-Зарим оронд хэт халуунаас болоод тэдэн хүн амь насаа алдлаа гээд байх юм. Мэргэжлийн байгуул­лагын зүгээс шийдвэр гаргагч­дад урьдчилан анхааруулах, хүн арддаа сэрэмжлүүлэх талаар юм хийдэг үү?

-Бид зургадугаар сарын 15-нд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн дээралбан тоот явуулсан. Долоо, найм хоногийн үргэлжилсэн халалт үүсэх нь ээ. Тийм учраас халалтаас урьдчилан сэргийлэх, агротехникийн арга хэмжээ авахыг зөвлөж байна гэсэн. Түүний дараа Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дээр манайхныг аваачиж, мэдээлэл сонссон.Үүл буудах сумны асуудал, хур тунадас нэмэгдүүлэх талаарЗасгийн газар тэр өдрөө хуралдаад, санхүүжилтийн асуудлыг нь шийдчих шиг болно лээ.Одоо хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ авъя гэхээр халалт үүссэнээс болоод ямар ч үүл байхгүй болчихоод байна. Хуурайшилт ихтэй байгаа газар нутгаар холбогдох яам, ОБЕГ, Цаг уурын газраас мэргэжилтэн оролцуулаад, ган тогтоох ажлын хэсэгявсан.

-Монголчууд аагим халуунд дассан хүмүүс биш, анхааруулах сэрэмжлүүлэх арга хэмжээ авах ёстой байх л даа?

-Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоол гэж бий. Говийн нутагт 40 градус, тал хээрт 36 градус, бусад нутагт 32 градус давбал хэт халалт гэж үзнэ гэсэн утга энд бий. Тэр утгахүнд зориулагдсануу, газар тариаланд зориулсан утга уу гэдэг тодорхойгүй байгаа юм. Би бол газар тариаланд зориулсан утга байна гэж ойлгоод байгаа юм. Түүнээс биш говийн хүн 40 градусыг даана, хангайнхан бол 32 градусаас илүү гарах юм бол хатаж үхнэ гэсэн ойлголт байхгүй болов уу. Хүн бол говьд ч байсан, хангайд ч байсан адил. Бид хүн рүүгээ ханддаггүй улсууд. Юм болохоор мал эсвэл газар тариалан гээд явчихдаг гэв.

ХЭТ ХАЛУУНААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

Хэт халуун, бөгчим эдгээр өдрүүдэд нарны малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршихаас сэргийлэхийн тулд

-Наранд аль болох бага явах,

-Нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.

-Гар, хөл, хүзүү зэргээ нарандил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх

-Аль болох битүү хувцас өмсөөд, толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх

-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх

-Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө (9.00-11.00 цаг), (үдээс хойш 16.00 цагаас хойш)

-Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уулгах

-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс идэх тэс хүйтэн усуух нь хоолой өвдөхөд хүргэдэг.

Нарших үед илрэх шинж тэмдэг:

-Дотор бачуурч нозоорох

-Огиудас хүрэх, бөөлжих

-Суулгах,

-Бага зэрэг халуурах

-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямрах.

-Нүд харанхуйлж, манарах.

Авах арга хэмжээ:

-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах

-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших

-Шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх

-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.

-Мөнтолгой шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай

-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.

Бага насны хүүхэд,даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй. Түүнчлэн нарны хордлого авсан хүнд гэрийн нөхцөлд үзүүлэх тусламж нь хүйтэн ус толгой дээрээс нь асгах, хүйтэн усанд бүх биеэр нь оруулах, нойтон алчуураар ороох зэрэг энгийн аргуудаас эхэлнэ. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам уугаарай. Гэхдээ шингэн уухдаа бага багаар уухгүй бол бөөлжиж мэднэ. Уух шингэний хэмжээ нь хордлого авсан хүний нас, биеийн жингээс хамаарна.

Б.ЭГШИГЛЭН