Categories
мэдээ цаг-үе

Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эмч нарын нэг өдөр


М.Отгонбаяр эмч өрөөнийхөө үүдэнд угтаж авлаа. Кофе чанах зуураа “Би өглөө 07 цаг гэхэд ажил дээрээ ирчихдэг юм. Замын түгжрэлд саатвал хагалгаанд орох өвчтөн, мэс заслын багийнхан маань хүлээж байгаа шүү дээ. Мэдээ алдуулалт цаг хугацаатай. Хагалгаанд орох хүнээ унтуулчихаад замын түгжрэлд зогсож байвал юу болох билээ. Тийм учраас би түгжрэлээс өмнө амжиж ажил дээрээ ирдэг юм. Ажил дээрээ ирээд цахим шуудангаа шалгана. Тэгээд өвчтөнүүдээ үзсэнээр миний ажлын өдөр эхэлдэг” гэлээ.

М.Отгонбаяр бол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн дарга, анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч. Эдний төвийг хэрх өвчтэй хүмүүсийг улсын хэмжээнд хүлээн авч эмчилдэг гол газар гэж ойлгож болно. Хэрх өвчнөөс гаралтай үений маш олон үрэвсэл бий. Дээхнэ үед хоолойны ангина хүндэрвэл үе рүү орж, сүүлдээ зүрх рүү ордог. Ер нь хоолой байнга өвдөөд байвал үе мөчгүй болдог гэдэг ойлголт түгээмэл байсан. Гэтэл тийм биш гэнэ шүү. Хүний дархлалын тогтолцоо буруу ажилласнаас болоод үеэ гэмтээдэг юм байна. Гаднаас ямар нэгэн өвчин үүсгэдэг нян бактери орж ирэнгүүт тэрийг дархлаа устгах үүрэгтэй. Гэтэл дархлааны тогтолцоо маань буруу ажилласнаас болж үений эд, бусад эдээ гадны эд мэтээр таниад эхэлнэ. Ингээд л өөрийнхөө эдийг гадны эд байна гэж дайраад өөрөө өөрийгөө гэмтээгээд байдаг. Үүнийг л ревмавитзм буюу хэрх гэдэг юм байна. Түүнээс биш ангинатай холбоогүй. Хуучин бол тэгж тайлбарладаг байсан тал бий. Ангина нь стрептококк гэдэг нянгаар үүсгэгддэг. Гэтэл үений өвчин тэр нянгаар бас үүсгэгддэг. Адилхан нянгаар үүсгэгдэж байгаа учраас хуучин тэгж тайлбарлаж хоолойны махыг нь аваад хаячихдаг байсан. Одоо бол ангинаар өвдсөн хүн болгоны үе мөч өвдөнө гэсэн ойлголт байхгүй болсон учир хоолойны мах харин ч ашигтай гэж үзээд үлдээдэг болжээ.

Холбогч эдийн гаралтай өвчнүүдийг оношлох, эмчлэх, эмийн болон мэс заслын эмчилгээ хийх чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа үзүүлэх төвийг 2018 онд байгуулсан нь М.Отгонбаяр эмчийн даргалж буй энэ төв юм байна. Хэрх үе судлал, үе сэргээх төв нь холбогч эдийн гаралтай өвчнийг судлах, оношлох, эмчлэх, дотрын, эмийн болон бусад эмчилгээнд үр дүнгүй, эргэж сэргэхгүй болсон үе мөчийг сэргээх, мэс засал хийх гэсэн хоёр салбараас бүрдэнэ.

Одоогийн байдлаар М.Отгонбаяр, С.Дашцогт, Б.Түвшинжаргал, Ө.Баярцэнгэл, О.Чойдог, Н.Энхтайван гэсэн зургаан мэс заслын эмч, Д.Энхтуяа, Э.Хөлгөн гэсэн хоёр ревматологийн эмчийн бүрэлдэхүүнтэйгээр улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Эмийн эмчилгээ, мэс засал, шинжилгээ судалгаа зэргээ бүгдийг цогцоор нь хийж байгаа учир төв гэж нэрлээд байгаагаас биш гадны том төвүүдтэй харьцуулахад жижигхэн. Ревматологи, холбогч эдийн эмийн эмчилгээ болон мэс заслыг цогцоор нь шийддэг энэ төвийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тушаалаар байгуулсан юм байна. Төв байгуулагдахаас өмнө 2011 оноос үе солих хагалгаа Нэгдүгээр эмнэлэг дээр хийгдэж эхэлсэн бөгөөд анхны хагалгаагаа арван жилийн өмнө буюу 2009 онд хийж байжээ. Тэгэхээр Нэгдүгээр эмнэлэг үе солих хагалгаа хийгээд 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа гэсэн үг. М.Отгонбаяр дарга ийн эмнэлэг, төвийнхөө тухай ярьж сонирхуулж байх зуураа пор порхийн буцлах кофе чанагчаасаа уур савссан, аагтай өтгөн хар кофе авчраад аягалж, кофегоор дайллаа. Тэрээр өдрийн их ажлаа эхлүүлэхийн өмнө чихэргүй, хар кофе уудаг заншилтай. Эмчийн умгархан өрөө кофены таатай үнэрээр бялхлаа.

Кофе уух зуур нь “Танай төв өнгөрсөн хугацаанд хичнээн хүний үеийг сольсон бол оо” гэж асуувал “Бид 10 жил тасралтгүй үений мэс засал хийж байна. Үе солих хагалгааг ихэнхдээ хийсэн. Ихэвчлэн өвдөг, түнхний үе солих хагалгаа хийжээ. Жилд дунджаар 400-500 хүнд өвдөг, түнхний үе солих хагалгааг хийж байна. Мэс заслын тасаг нь 14 ортой төвд бол энэ тоо том тоо” хэмээлээ. Биднийг очсон өдөр эдний хамт олон дөрвөн хагалгаа хийх төлөвлөгөө гаргасан байв. Долоо хоногт дунджаар үе солих 20 хагалгаа хийдэг. Үе солих хагалгаа их том цар хүрээтэй хагалгаа байдаг учир олон хүний бүрэлдэхүүнтэй баг хагалгаанд оролцдог. Тиймээс нэг өдөрт үе солих дөрвөн хагалгаа хийнэ гэдэг нь маш ачаалалтай гэсэн үг л дээ.

Хүн ил харагдах эд эрхтэнээ л тойлоод байдгаас далд байдаг эрхтэнүүд, эд эсээ ер нь тоодоггүй. Тэр тусмаа “Миний үенүүд ер нь юу болж байгаа бол. Ямархуу байр байдалтай байгаа бол” гэж бодоод үендээ тухайлан анхаарал хандуулах нь огт үгүй. Бүр явж чадахаа байгаад, юм түшээд таяг тулсан хойноо л сая үендээ анхаарч эхэлдэг. Үеийг хүмүүс аминаас хол гэж яриад байдаг. М.Отгонбаяр “Үе чинь өвдөөд явж чадахаа больчихвол аминаас хол биш болчихож байгаа байхгүй юу. Үеэ дагаад хүний бусад эд эрхтэн муудаад эхэлдэг. Хүн хөдөлж байж, эд эрхтэн ажиллаж байж эрүүл байх ёстой байтал үегүй болоод суунги болчихвол зүрх, судаснаас эхлээд бүх юм өвчилнө. Тэгэхээр үе шиг чухал юм үгүй” гэснээ “Ревматизм чинь залуу хүмүүс өвддөг өвчин. Хэрх, холбогч эдийн гаралтай эдгээр өвчнүүдээр залуучууд өвддөг. Нэг үгээр дархлалын гаралтай эдгээр өвчнүүд нь залуучуудыг хамардаг гэсэн үг л дээ. Харин үе солиулж буй өвчнүүд бол ихэнхдээ настай хүмүүс. Олон жил явна шүү дээ. Тэгэхээр үений гадаргуугийн нимгэхэн гадаргуу үрэгдчихдэг. Хүний нүүрэн дээр гарч байгаа өөрчлөлтөөс ялгаа байхгүй. Нас явангуут тэжээлээ алдана, цусан хангамж муудна, хатуурна. Үе бол биеийн жингээ авч явах ёстой. 50, 60 жил биеэ үүрч явна. Тэгээд 60 жил болонгуут мөгөөрсний дутмагшил, мөгөөрсний үрэгдэл үүснэ. Гулгаж байгаа, гөлгөр мөгөөрс нь дуусчихаар яс руугаа орчихно. Хоёр яс хавираад ирэхээр үе солих хагалгаа хийхээс өөр ямар ч аргагүй болно” гэж ярилаа. Манай орны эрс тэс уур амьсгал ч юм уу, нийгмийн байдлаас болоод настай хүмүүс үе солиулдаг юм биш. Дэлхий нийтээр насжилт нэмэгдэж байгаа учир үе солих хагалгаа дэлхий даяар хийгдэж байгаа ажилбар юм байна. АНУ-д жилд 650 мянган хүн үе солиулж байна.

Гэхдээ эдний төв ялангуяа залуу хүмүүсийг аль болох эрт үений хагалгаанд оруулахгүйн тулд, үений хагалгаанд орох хугацааг нь хойшлуулахын тулд үений дурангийн хагалгаа хийдэг. Мөн үений тэнхлэг засах хагалгаа, үүдэл эсийн эмчилгээ, үе дайрсан том хэмжээний хавдрын хагалгаа, ясны үений идээт үрэвслийн хагалгаа, үений тарилга эмчилгээ зэргийг хийдэг юм байна. Нийтдээ хиймэл үе суулгах 3000 орчим мэс заслыг хийгээд байгаа аж. Хөлний тэнхлэг засах мэс заслыг 2017 оноос хийж эхэлсэн бол үений дурангийн мэс засал, үүдэл эсийн эмчилгээг энэ оны долдугаар сараас эхэлж хийж эхэлсэн юм байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар Т.Мөнхсайхан эмч ирснээс хойш олон шинэлэг ажил эхлүүлсний нэг нь Хэрх үе судлал, үе сэргээх төв үений дурангийн аппараттай болсон явдал. Т.Мөнхсайхан дарга өөрөө үений дурангийн мундаг эмч гэдгийг Гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлж байсан хүмүүс андахгүй.

М.Отгонбаяр эмч ийн эмнэлэг, төвийнхөө талаар мэдээлэл өгч “Хагалгаанд орох эхний хүн маань бэлтгэгдчихсэн. Одоо хагалгаандаа орно доо. Түүнээс өмнө тасгуудаар орж, өчигдөр хагалгаанд орсон өвчтөнүүдийнхээ биеийн байдалтай танилцана” гэлээ. Хүмүүст хаанахын хиймэл үе суулгадаг вэ гэж сонирхвол “Тендерийн дагуу шалгарсан компани маань Герман улсад үйлдвэрлэгдсэн үе нийлүүлж байгаа” гэлээ. Үеийг бүтэн солиход 10-15 жил болно гэдэг ч заримдаа 20 жил болох тохиолдол байдаг юм байна. М.Отгонбаяр эмчийн 2008 онд хиймэл үе суулгаж өгсөн дөрвөн хүн тэр үетэйгээ явж л байгаа гэсэн.

Эрт үед үе өвдөж эхэлж байгаа шинж тэмдгүүд бий. Ачаалал өгөхөд үеэр хатгуулж эхэлнэ. 100-200 метр явахаар л үеэр хатгуулдаг болсон. Дунд нь сууж амарч байж явж байгаа гэдэг ч юм уу иймэрхүү зүйл ярьж эхэлбэл эхний шинж тэмдэг бүрдлээ гэж ойлгож болох нь. Үе хөшдөг боллоо, нугалж тэнийлгэхээр өвддөг боллоо. Сүүлдээ зүгээр сууж байхад хатгуулж өвддөг боллоо, бүр шөнө дунд өвддөг боллоо гэж яриад эхэлбэл шинж тэмдэг нь хүндэрч байна гэсэн үг. Үе бол холбогч эд. Яс ч холбогч эд. Яс, үеэ сайжруулахын тулд дотроосоо уураглаг хоол хүнс идэж, эм бэлдмэл хэрэглэхээс илүүтэй дасгал хөдөлгөөн сайн хийж байх нь үе, ясанд сайн нөлөө үзүүлнэ. Гол нь энэ юм байна. Манай нөхцөлд эрт үедээ үе солиулаад байгаагийн том шалтгаан нь таргалалт, хөдөлгөөний хомсдол. М.Отгонбаяр эмч “Сүү уу, сүү кальцитай гээд байдаг. Та сүү уугаад суухаасаа илүүтэй тэр сүүгээ өгөөд байгаа үхрээ дагаад хариулаад явж байвал яс, үе чинь маш сайн байх болно. Явган алхаад байвал булчин чинь сайжирна. Булчин сайн бол яс, үе сайн байна” хэмээн зөвлөлөө. Сүүлийн үед эмч нар хүмүүст ингэж зөвлөдөг зарчим руу шилжсэн юм байна.

Төвийн хувьд тасагтаа сувилагч гэж байхгүй. Сувилгааны албатай. Мэс заслын тасагт тухайн өдөр хичнээн сувилагч ажиллахыг тус алба нь шийдэж, сувилагчаа гаргадаг болсон юм байна.

Ачаалалтай үед хагалгаа хийсээр орой 20 цаг хүргэх нь бий. Мөн хүнд хагалгаанд орвол 3-4 цаг болно. Ердийн хагалгаа бол унтуулгатайгаа нийлээд хоёр цаг үргэлжилдэг юм байна. “За, манай өрөөний эмч С.Дашцогт орж ирлээ. Яг ирдэг цагтаа л ирлээ. Таван минут хожигдоод орж ирлээ” хэмээн М.Отгонбаяр эмч хошигноход бүгд инээлдэв.

Ингээд М.Отгонбаяр дарга Үений мэс заслын клиник рүү орж хагалгаанд орсон хүмүүстэй уулзлаа. Энэ үед эмнэлгийн өглөөний хоолны цаг болж байлаа. Эхлээд эмч нарын өрөөгөөр ороход эмч нар дэлгэц харан “Хагалгааны дараах дөрөв дэх хоног…”, “…миний харж байгаагаар одоо эмчилгээг нь …” гэх зэргээр өвчтөний зургийг харж зөвлөлдөж байлаа.

Эхэлж орсон тасагт өчигдөрхөн өвдөгний үений хагалгаанд орсон залуу хэвтэж байлаа. Хажуух орон дээр нь нэг залуу сууж байна. Төв аймгаас ирсэн тэрээр мориноос болж өвдөгний чагтан холбоос нь тасарчээ. М.Отгонбаяр эмч “Өвдөгний чагтан холбоос тасрах нь тамирчдад түгээмэл тохиолддог боловч малчид маань морь малнаас унах зэргээр ийм гэмтэл авдаг талтай” гэж явуут дундаа хэлж дараагийн тасаг руу орлоо. Түүнийг гэрэл зурагчин бид хоёроос гадна хоёр, гурван ч эмч дагалдана. Дараагийн орсон тасагт хоёр настай хүн байна. 78 настай Г.Баатар гуай гурав хоногийн өмнө өвдөгний үе солих хагалгаанд оржээ. Дэргэдэх орных нь Р.Болдбаатар гуай 65 настай. Гэнэт л явж чадахаа байгаад энэ эмнэлэгт иртэл түнхний үе нь бүр хайлсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Түнхний хагалгаанд амжилттай орсон бөгөөд одоо ямар нэгэн зовиургүй хэмээн орон дээрээ сууж байлаа. Тэрээр “Өдрийн сонин”-ы уншигч, захиалагч бөгөөд манай сонины шинэ дугаарыг дэрэн дээрээ тавьчихжээ. Тэгтэл хажуух орны Г.Баатар гуай “Хүүе, сурвалжлагч аа” гээд эрхий хуруугаа гозойлготол хүн бүр инээлдлээ. Тэрээр их баясалтайгаар “Гоё шүү. Эднийх хагалгааг маш сайн хийдэг юм. Хар даа” гээд өмнө нь нөгөө өвдөгтөө хийлгэж байсан хагалгааны сорвио үзүүлээд “Ёстой алтан гартай эмч нар байдаг юм. Би маш их баярладаг. Ах нь тамирчин хүн. Одоо эмнэлгээс гараад бөмбөгөө хөөнө шүү дээ. Би хөлбөмбөг, гар бөмбөг, теннис, бөх, бокс тоглож байсан хүн. Удахгүй дахиж талбайд гарч тоглоно шүү. Мөн гоё оо” хэмээлээ. Дараагийн тасагт орлоо. Архангай аймгаас ирсэн нэгэн эмэгтэй өчигдөр өвдөгний хагалгаанд оржээ. Нас нь 56. М.Отгонбаяр эмч “Энэ хүн 150 см өндөртэй, 78 кг жинтэй, 56-хан настай залуу хүн. Гэтэл үе солиулах мэс засалд орлоо. Ийм залуу хүн үе солиулна гэдэг муу шүү. Та жингээ хасаарай. Илүүдэл жингээс л энэ бүхэн үүдэлтэй шүү” гэхэд тэр эмэгтэй гэм хийсэн хийсэн хүүхэд ааваасаа зэмлэл хүртсэн аятай ялимгүй бөхийнгөө нүдний булангаараа бидэн рүү хараад инээлээ. Хагалгааны дараах тасгаар орлоо. Өчигдөрхөн хагалгаанд орсон гэсэн настай хүмүүс байна. Хүчилтөрөгчийн аппаратаар тоноглогдсон өрөө юм байна. Сувилагчийн посттой ч ойр. Өчигдөрхөн хагалгаанд орж, хөл нь боолттой, сойлттой ч тасгийнхан бүгд эмч нартаа талархаж буйгаа илэрхийлж “Удахгүй бүжгэнд явцгаана аа” хэмээн инээлдсээр үлдлээ.

Тэндээс Мэс заслын тасаг руу очлоо. Хаалга нь тусгай кодоор онгойно. Оронгуут бүх хувцсаа тайлж, тусгай ариутгасан хувцас өмсч, амны хаалт зүүж, нэг удаагийн малгай өмсч, үсээ далд хийлээ. Хагалгааны өрөөнд орлоо. М.Отгонбаяр эмчийг ирэхээс өмнө бусад эмч, сувилагч нар нь өвчтөнийг хагалгаанд бэлтгэж, ариутгаж, багажаа гарган хагалгааны бэлэн байдлыг дахин дахин шалгаж байлаа. Өвчтөний зүрхний цохилт болон биеийн бусад үзүүлэлтийг харуулсан хяналтын самбар ажиллана. Даралт нь 120/82 зааж байлаа. Мөн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нь харагдана. Зүрхний цохилтынх дагуу дийд дийд гэж дуугарах дохио нь эмчээс өөр мэргэжилтэй, энгийн хүмүүст бол жаахан түгшүүртэй. Нийтдээ есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр мэс засал хийх нь. Хагалгаа хийх орчинг ерөнхийд нь туйлын цэвэр, цэвэр, бохир гэж ангилдаг бөгөөд өвдөг, түнхний хагалгаа нь туйлын цэвэр мэс ажилбарт тооцогддог учир ариун байдлыг дээд зэргээр сахина. Хагалгаанд орох настай эмэгтэйг хагас мэдээгүйжүүлжээ. Түүний толгой хавьд нэг эмч зогсч чихэнд нь чихэвч зүүлээ. Хагалгааны үеэр хөрөө, алх зэргийг хэрэглэх үеэр чимээ гарах учир түүнийг нь дарж, мөн тайвшруулах зорилгоор ийнхүү хөгжим, дуу сонсгоно. Ямар дуу сонсгож байгааг нь эмчээс шивэгнэн асуувал “Эмч, дуучин Б.Хангалын дуутай CD юм аа. Яагаав, “Эмч хүн жаргалын ээжий” гээд дуу дуулдаг шүү дээ” гэлээ. Ингээд хагалгаа эхэллээ. Ариун хэсэг рүү гадны хүн ойртох ёсгүй учир наад хавьд нь зогслоо. Зүсэлт хийж эхэлсэн гэдгийг эмч нарын гарын хөдөлгөөн, биеийн хэлэмжээс таамаглав. Өвчтөний цээжин дээгүүр хөшиг татсан учир чухам ямар үйл явдал болж байгааг хөшигнөөс наана зогсоо хүмүүс мэдэх боломжгүй гэсэн үг л дээ. Хөрөө ч юм уу, таслагчаар ч юм уу ямар нэг зүйлийг тасалж байгаа болов уу гэж таамаглах аядлаа. Эмч, сувилагч нар хоорондоо юу ярьж байгааг ч тэр бүр ойлгосонгүй. Ийм тийм багаж аваад аль, барьж бай, хатга, бариарай гэх үгс л сонсов. Цаг орчим зогсоход даарах маягтай болоод ирлээ шүү. Учир нь хагалгааны өрөө сэрүүхэн юм. 10-15 хэмийн дулаан байх ёстой бөгөөд ийм байх нь элдэв нян үржих боломжийг хязгаарладаг гэдгийг мэдэж авав. Хагалгаа дуусч байгаа бололтой.

Хагалгааны тасгаас гарч, клиникээр дамжаад шатны дэргэдэх хүлээлгийн сандал дээр очиж суулаа. Хагалгаа хийнэ гэдэг маш хариуцлага, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой нэр төртэй ажил. Тийм болохоор монголчууд мэс засалчдыг ихэд хүндэтгэдэг. Хүн бүр мэс засал хийх, мэс засалч байх нь хүнд хэцүү гэж ярьдаг ч ингэж хагалгааны явцыг нь нүдээрээ үзэж, орчинд нь хамт байна гэдэг бас л том даваа аж. Хагалгаанд орсон ээжийгээ, эгчийгээ хүлээсэн ар гэрийнхэн нь клиникийн үүдэнд хүлээцгээнэ. “Их сайн эмч нар байдаг гэсэн. Санаа зовох юм алга. Манай хүн чинь өөрөө мундаг бие сайтай хүн” гэлцэнэ. Ингээд эмч нарын түрүүч нь хагалгааны өрөөнөөс гарч ирлээ. Хэсэг завсарлаад дараагийн хагалгаанд орно гэв. Дараагийн хагалгаа нь үений дурангийн хагалгаа.

Өвчтөнүүдийн тасаг, хагалгааны дараах тасгаар ороход нэг зүйл анзаарагдсан юм. Түнх, өвдөгний хагалгаанд орсон гэх хүмүүс эхний хагалгаагаа энэ төвд хийлгээд хоёр дахь хагалгаагаа мөн эднийд ирж хийлгэдэг юм байна. Хэрвээ эхний хагалгааг нь муу хийсэн бол эдгээр хүмүүс “Нөгөө хөлдөө мэс засал хийлгэе” гээд ирэхгүй л болов уу гэж бодогдлоо.

Олон төрлийн мэс ажилбарыг манай Монголын чадварлаг эмч нар эх орныхоо өнцөг булан бүрт, нийслэл хотдоо өдөр тутам хийж, ачаалалтай ажилладгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн хамт олны нэг өдрөөр ийнхүү харууллаа. Тус төвийн эмч нартай өглөө эрт, ажил эхлэхээс өмнө л сууж ярих боломж олддог юм билээ. Яагаад вэ гэвэл өдөржингөө хагалгаатай байдаг учир хүнтэй уулзах нь байтугай гар утсаар ярина гэсэн ойлголт тэдэнд байдаггүйг хоёр ч хагалгааг нь харж зогсохдоо анзаарсан юм. Эмнэлэгт өнжиж болох ч мэс заслын өрөөнд өнжинө гэдэг эмчээс өөр мэргэжилтэй хүмүүсийн хийх ажил биш юм билээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *