Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль дэмжлэг авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Т.Аюурсайхан нарын санаачилсан уг хуулийн төслийг ЖДҮ эрхлэгчдэд дарамт учруулна гэж гишүүд үзэж шүүмжлэлтэй хандаж байсан юм. Байнгын хороо Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байлаа. Тиймээс байнгын хорооны гаргасан дүгнэлтээр санал хураалт явуулав. Гэвч чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 77 хувийн саналаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ хуулийн төсөлд 15 зүйл заалтаар 500 удаа торгох эрх олгож байна. Зарим барааны үнийг хуулийн дагуу тогтооно гэж байна. Энэ нь ямар нөхцөл байдлыг бий болгож байгааг та бүхэн мэдэх байна уу. Энэ хууль бол том аж ахуй нэгжид үйлчлэхгүй. Харин ЖДҮ-т ирж наалдах хууль байна. Тиймээс хуулийн төслийг хойшлуулах нь зүйтэй гэж хэлмээр байна. Энэ хуулийн төслийг дэмжээд явах юм бол бүх зүйл заалтыг нь засах шаардлагатай болно. Парламентад олон удаа суусан гишүүд бүх зүйл заалтыг нь засна гэж байдаггүй юм гэж хэлдэг. Бизнес эрхлэгч хоёр хүнтэй байсан ч, 2000 хүнтэй байсан ч хаах, нээх цагаа хуулиар зохицуулна гэж байна. Мэргэжлийн хяналтаас шалгалт хийвэл боловсон хүчний тоогоо гаргаж өг гэсэн заалт байна. Би Т.Аюурсайханыг шударга сайхан залуу гэж боддог. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд дэмжих боломжгүй. Өнөөдөр аж ахуйн нэгж цалингаа тавьж чадахгүй байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: “Миний хувьд Ж.Ганбаатар гишүүнтэй санал нэг байна. Хуулийн дарамт байгаа. Дахиад дарамтлах шаардлагагүй. 1200-гаад ТҮЦ-ийг ачаад, самарч байна, гадаа. Аймаар их найрладаг хотын даргадаа хэлмээр байна. Энэ хуулинд гадаад үг их байна. Гишүүд ч гадаад үг их хэрэглэх юм. Үгэндээ анхаараач ээ. Амнаас гарч байгаа үг гэдэг чинь үндэсний үйлдвэрлэлээ яаж дэмжих вэ,улс үндэстнээ яаж аврах вэ гэх хэрэгтэй. Амнаасаа гадаад үг гаргаад байвал гадаадыг дэмжээд байна гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэл амнаас гарч байгаа үгнээс эхэлнэ. Маргаашнаас эхлээд монгол дээлээ өмсмөөр байна. Та бүхний эхнэрүүд оёдоггүй бол цалингаа аваад Нарантуулаас худалдан авах хэрэгтэй. Дотор чинь Монгол байгаа бол гаднаа харуулаач.

Хоёрдугаар сарын 27-ны Их тэнгэр цогцолборт Шинэ жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэр баярлах мөнгөөрөө өлсөж байгаа түмэндээ гэдэс, толгой, шийр авч өгмөөр байна. Цаасан дээр хууль үйлдвэрлэх, амьдрал дээр хэрэгжүүлэх хоёр ондоо асуудал. Хулгай хийдэг Ерөнхийлөгчтэй, зээл гуйдаг УИХ-ын даргатай, мэнэрээ Ерөнхий сайдтай байна. Нэг өдөр Монгол Улс босвол яана” хэмээн бухимдав.

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *