Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 14.9 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн судалгааг гаргаснаа өчигдөр танилцуулсан юм. 

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо буурчээ

Улсын хэмжээнд эхний долоон сард 47279 иргэн амаржсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.2 хувиар өсчээ.  

Харин нялхсын эндэгдэл 728 болж, өмнөх оны мөн үеийнхээс 66 хүүхэд буюу 10 хувиар нэмэгджээ. Ингэхдээ тав хүртэлх насандаа 884 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 72 хүүхдээр нэмэгдсэн аж.

Нийгмийн үзүүлэлтэд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоог мөн гаргадаг билээ. Тухайлбал, эхний долоон сарын байдлаар 19339 иргэн өвчилсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 5191 буюу 21.2 хувийн бууралттай үзүүлэлт юм байна. Үзүүлэлт буурсан тохиолдол нь гахайн хавдраар өвчлөгсдийн тоо 4588 буюу 92.6 хувь, вируст гепатитаар өвчлөгсөд 1068 буюу 60.8 хувиар тус тус буурсантай холбоотой юм байна. Гэхдээ үүний зэрэгцээ зарим өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдсэн үзүүлэлт бий. Тодруулбал, тэмбүү өвчнөөр 264 буюу 7.4 хувь, цусан суулгаар 61 буюу 6.7 хувь, сүрьеэ өвчнөөр 105 буюу 4.0 хувиар тус тус өсчээ. 

Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн тухайд 34.7 мянга болж буурчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхээс 4.2 мянга буюу 10.9 хувиар буурсан үзүүлэлтээс харж болох юм.

Оны эхний долоон сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 751.1 тэрбум, зарлага 734.3 тэрбум болжээ. Энэ нь орлого 30.9 тэрбум буюу 4.3 хувь, зарлага 122.3 тэрбум төгрөг буюу 20.0 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

Харин нийгмийн халамжийн сангаас 191.1 мянган хүнд 80.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 11.4 мянган хүн буюу 6.3 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 6.1 тэрбум буюу 8.2 хувиар өсчээ. 

“Хүний хөгжил”-ийн сангаас 18 хүртэлх насны 978.9 мянган хүүхдэд 138 тэрбум төгрөг олгожээ. 

Нийгмийн байдалд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол гэмт хэргийн бүртгэл байдаг. Тэгвэл дээрх хугацаанд 15628 хэрэг бүртгэгдсэн өмнөх оны мөн үеийнхээс 812 буюу 5.5 хувиар өсчээ. Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, бусдын бие махбодод хохирол учруулсан хэргүүд голчлон нөлөөлсөн гэж Статистикийн хорооноос мэдээллээ. Дээрх гэмт хэргийн улмаас 5993 хүн гэмтэж, 623 хүн нас барсан байна. Энэ нь гэмтсэн хүмүүсийн хувьд өмнөх оны энэ үеэс 795 буюу 15.3 хувь, нас барагсад ес буюу 1.5 хувиар нэмэгдсэн мэдээлэл юм.

  Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 14.9 хувиар өсөв

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ энэ оны эхний хагас жилд оны үнээр 9856.9 тэрбум төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 6634.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад оны үнээр 14.6 хувь, зэрэгцүүлэх үнээр 5.3 хувиар өсчээ.

Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2014 оны эхний хагас жилд оны үнээр 9429.7 тэрбум, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 6730.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн  үеийнхээс оны үнээр 11.1 хувь, зэрэгцүүлэх үүнээр 5.1 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 7.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөн үзүүлэлтэд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 2.5 хувь, тээврийн бүлгийн үнэ 2.0 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хувьд өнгөрөгч долдугаар сарын эцэст 859.6 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 0.5 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин өмнөх оны мөн үеийнхээс 27.4 тэрбум төгрөг 3.3 хувиар өсчээ. 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл ч мөн нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ингэхдээ долдугаар сарын эцсийн байдлаар 12225.4  тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 76.6 тэрбум төгрөг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3107.7 тэрбум төгрөг буюу 34.1 хувиар өсчээ.

Мөн банкны чанаргүй зээл долдугаар сарын эцэст 599.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 32.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 146.8 тэрбум буюу 32.4 хувиар өссөн байна. 

Манай улс өнгөрсөн долоон сарын хугацаанд дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 6088.6 сая ам.доллар, үүнээс экспортын хэмжээ 586.8 ам.доллараар өссөн байна. Харин импортын хэмжээ 536.9 сая ам.доллар буюу 14.6 хувиар буурчээ. Мөн гадаад худалдааны тэнцэл өнгөрөгч оны долоон сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 207.6 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Эдгээрийг харьцуулахад 1.1 тэрбумаар буурсан үзүүлэлт гарч байгаа юм. 

Олборлох болон боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн байна

Өмнөх оны мөн үеийг бодвол уул уурхай, олборлох болон боловсруулах аж үйлдвэрийн салбарт бүтээгдэхүүний үйлдвэрлэл харьцангуй өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, молибдений баяжмал 47 хувийн агуулгад шилжүүлснээр төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хайлуур жонш, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2.7-53.9 хувь нэмэгдсэн. Түүнчлэн боловсруулах аж үйлдвэрийн салбар буюу амтат ус, ундаа, шингэн сүү, бууз, банш, сүлжмэл эдлэл, цэвэр ус, гурил, гоймон, зайрмаг, вакум цонх, хаалга, зүсмэл материал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.6 хувиас 2.5 дахин өссөн гэсэн таатай мэдээлэл байна.  

Харин төмөр замын тээврээр 11129.4 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 1999.8 мянган зорчигч тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 807 мянган тонн буюу 6.8 хувь, зорчигчдын тоо 252.4 мянган буюу 11.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ингэхдээ төмөр замын тээврийн салбарын орлого 233.5 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 6.4  тэрбум буюу 2.7 хувиар буурсан байгаа аж.

Агаарын тээврийн тухайд ачаа тээвэрлэлт болон зорчигчдын тоо мөн л буурсан үзүүлэлттэй байна. Учир нь 1959.1 тонн ачаа, давхардсан тоогоор 395.2 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 374.9 тонн буюу 16.1 хувь, зорчигчдын тоо 44.3 мянган хүн буюу 10.1 хувиар буурсан байгаа юм. Агаарын тээврийн салбарын орлогын хувьд 126.5 тэрбум болж, өмнөх оныхоос 1.3 тэрбум төгрөг буюу 1.0 хувиар буурчээ. 

 Дорнод аймгийн Баян-Уулд хамгийн их хур тунадас оржээ

Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр өнгөрсөн долдугаар сард хамгийн их хур тунадас Дорнод аймгийн Баян-Уул суманд оржээ. Хур тунадасны хэмжээ 161.7 мм-т хүрсэн байна.

Харин халууны хувьд Өмнөговь аймгийн Ханбогд суманд температур 41.4 хэм хүрсэн бол хүйтэн нь Баянхонгор аймгийн Баянбулаг суманд -4.4 хэм болжээ. 

Салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хамгийн их буюу 32 метр секунд хүрчээ.

Аюулт үзэгдэл, осол энэ оны эхний долоон сарын байдлаар 2787 удаа гарсны улмаас 136 хүн амь насаа алдаж, 13390 мал хорогдсоноос 3454 нь шүлхий өвчнөөр хорогдсон байна. 

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургийг Ц. МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *