Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 14.6, өмнөх сарынхаас 2 хувиар нэмэгдэв.
Ийнхүү өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 21.3 (мах, махан бүтээгдэхүүн 23.9 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.9 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.6, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.8, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.6, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.1 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Харин өмнөх сарынхаас 2 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.4, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 2.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.9, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 1 дүгээр сард 7.3 хувь, 2020 оны 1 дүгээр сард 5.6 хувь, 2021 оны 1 дүгээр сард 2.4 хувь гарч байсан бол 2022 оны 1 дүгээр сард 14.6 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.2 нэгж хувиар нэмэгдсэн байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 14.6 хувь гарсны 5.9 нэгж хувь буюу 40.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийслэлд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлдэг.
Инфляц энэ оны 1 дүгээр сард 14.6 хувь гарсны 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 нэгж хувиар нэмэгдсэн байна. Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 2021 оны 1 дүгээр сард 7.8 хувиар, 2022 оны 1 дүгээр сард 19.5 хувиар өсөж, өсөлтийн хурдац 11.7 нэгж хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 1 дүгээр сард өсөлтгүй байсан бол, 2022 оны 1 дүгээр сард 12.3 хувиар, өсөлтийн хурдац 12.3 нэгж хувиар нэмэгджээ.
Улаанбаатар хотод энэ оны 1 дүгээр сард хүнсний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 21.3, хүнсний бус бүлгийн үнэ 14.1 хувиар өссөн нь хамгийн их байв. Барааны бүлгийн үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 2.7 хувиар, 2022 оны 1 дүгээр сард 16.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 14.1 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 1 дүгээр сард 1.4 хувиар, 2022 оны 1 дүгээр сард 7.7 хувиар өсөж, өсөлтийн хурдац 6.3 нэгж хувиар өссөн аж.
Нийслэлд энэ оны 1 дүгээр сард барааны бүлгийн үнэ 19.2, үйлчилгээний бүлгийн үнэ 9.7 хувиар өссөн нь хамгийн өндөр байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ мөн сард өмнөх сарынхаас 4.2 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 4.9, хонины махны үнэ 5.9 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 23.9 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 23.4, хонины ястай махны үнэ 25.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.