-ФЕЛЬЕТОН-
Манай төр “Засгийн газрын Хэрэг эрэх газар” (ЗГХЭГ) гэдгийг байгуулжээ. Янз бүрийн хэрэг эрж олоод Ерөнхий сайдад илтгэж байх үүрэгтэй аж. Даргыг нь “Засгийн газрын хэрэг эрэгч” гэх юм байна. Хичнээн олон хэрэг олно, төдий чинээ хурдан хямралаас гарах гэнэ.
Томилогдонгуутаа янз бүрийн гоё хэрэг эрж олохоор гараад алга болчихсон дарга нь саяхан эргэж иржээ. Зайлуул, залуу хүн юм хойно “Эндээс нэг хэрэг яг олно доо”, “Тэр ч баараггүй хэрэг мөөн” гэж юм, юм руу очиж шагайсаар яваад их ч удаж.
Гэхдээ ганзага хоосонгүй иржээ. Хэрэг эрэх газрын дарга сэтгүүлчдийг цуглуулаад “Өмч хувьчилсан”, “Орон сууц хувьчилсан” зэрэг гоё, гоё хэрэг олсон тул хямдралаас удахгүй гарах байх гэж итгэж байгаагаа ярьжээ.Засгийн газрын тогтоол ёсоор ЗГХЭГ-ын олсон хэргүүдийг эхний ээлжинд бүртгэлжүүлэн, сертификат олгох ажээ.
Мал хувьчилсан хэрэгт MNC00001, харин орон сууц хувьчлалд MNC00002 серийн сертификат олгон, “Халаас руу дүрсэн хуруу”-ны дүрс бүхий үүрд хадгалуулах цом өгсөн байна.
-Гэмт хэргийг бүртгэлжүүлснээр монгол хэрэг дэлхийд ч данстай, ISO стандарттай ч боллоо гэж Хэрэг эрэх газрын дарга ярьжээ.
Дэлхийд данстай гэснээс, эрүүгийнхэн “Азын дугаартай хавтаст хэрэг” нээлгэх гэж өдөр товлон гэмт хэрэг үйлддэг болсон гэх. Тэдний дунд “За маргааш л айл ухъя. Хэрэг бүртгэгч нар шинэ сери задална гэж байна” гэхчлэнгийн яриа гардаг болжээ. Учир нь эрүүгийн хэрэгт сертификат, цом олгохдоо хавтаст хэргийнх нь дугаарыг баримтлах болсон юм байна.
Засгийн хэрэг эрэх газрынхан ажлаа үүгээр хязгаарласангүй. Олон сайхан хэрэгт лиценз, сертификат олгосноос гадна бэрхшээл туучин хийж байгаа ажил багагүй.
Хэрэг эрэх газрынхан зөвхөн Монголоос хэрэг эрэх төдийгөөр ажлаа хязгаарласангүй. Тухайлбал, “Эрдэнэтийг оросуудаас хулхидаж авсан” хэмээх гадаад хэргийг энд нэрлэж болно. Бас “Зөвлөлтийн өрийг төлөөгүй” хохироосон асуудлыг ч зүгээр орхихгүй гэнэ. Цаашдаа, ШХАБ-д орохын тулд Даашинхүүгийн пүүсийн зээлийг төлөх, Да хүрээнд байсан Дайчин Инхан банктай авлагаа барагдуулах зэрэг ноцтой, ноцтой гадаад хэргийн чимээ дуулдаж байна.
“Хэрэг эрэх”-ийнхэн “Өмч хувьчилсан” гэмт хэргийг шалгаад хувьчилсан мал, орон сууцыг эргүүлэн хурааж авах төлөвлөгөө боловсруулжээ. Гэтэл ЗГХЭГ-ын “1959 малыг нийгэмчилсэн гэмт хэрэг”-ийг шалгах ажлын хэсгээс “нэгдэлд цуглуулсан малыг эргүүлэн тараах” санал гаргачихаж. Иймээс, хувьчлалыг засах үүднээс бүх малыг хурааж авах боловч, нийгэмчлэлийг хүчингүй болгох зорилгоор буцаагаад өгөх юм байна.
Журам нь ч гарчээ. Малчид бүх малаа ирэх зургадугаар сарын 1-нд тууж ирээд хураалгах ба тэр дор нь эргүүлээд олгоно гэнэ. Шүүхийн шийдвэр нь “хураасугай, олгосугай” гэсэн хоёрхон заалттай аж.
Саяхан “Хэрэг эрэх”-ийнхэн нэгэн ноцтой авлигын хэргийн мөрөөр оржээ. Энэ бол иргэн Е.Тэмүүжин “Мэргэдээс эхнэрээ авах тендер”-т ялахын тулд Тендерийн комиссын дарга Тоорилд булган дэх бэлэглэсэн байж магадгүй ноцтой хэрэг юм. Шалгах комиссынхон авлигын хэрэг мөн болохыг бараг тогтоосон бөгөөд шударга бус өрсөлдөөний замаар Мэргэдээс авсан Бөртэ үжинг нэхэмжлэгч талд буцааж тун болзошгүй байна.
Түүнчлэн “Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт иргэн Е.Бэгтэр араасаа харвуулсан байдалтай нас барсан хэргийн эзэн холбогдогчийг тогтоох ажил урагштай байгаа тухай мэдээлэл ч байна. Уг хэргийн сэжигтнээр тус аймгийн Дадал сумын засаг даргаар ажиллаж байсан иргэн “Т”-г байцааж байгаа бололтой.
Хэрэг эрэхийнхэн эрлээ улам гүнзгийрүүлсээр. Тэд Монгол Улсын нутаг дэвсэрт визгүй нэвтэрсэн, хил зөрчсөн анхны гэмт хэргийг тогтоон шалгажээ. Өөрсдийгөө Бүртэ чоно, Гоо марал гэж нэрлэсэн тэдгээр этгээд “Тэнгис далайг гатлан ирсэн” гэж мэдүүлж байгаа юм байна. Сэжигтнүүд “Бат цагаан нэрт нэгэн хөвүүн” төрүүлснээ улсын бүртгэлд хамруулж, гэрчилгээ аваагүй байсан нь бас илэрчухай.Тэднийг албадан гаргахыг үгүйсгэхгүй.
Олон сайхан хэрэг эрж олохын сацуу олон ч нууцыг нээх, нууцаас гаргах ажил хийж байна. Жишээ нь Эрдэнэт гэж нууц үйлдвэр, нууц хот байсныг улсын нууцаас гаргажээ. Удахгүй “Монголын нууц товчоо”-г улсын нууцаас гаргаж нийтийн хүртээл болгоно гэнэ.
Хэрэг эрэх газрын зөвлөхүүд ч дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Мэдээллээс үзвэл, тэнд Трамп, Путин, Шерлок Холмс, Штирлиц, Чингачкук зэрэг алдар цуутнууд зөвлөхөөр ажилд оржээ.
“Хэрэг эрэх”-ийнхэн зогсоо зайгүй хэрэг эрсээр. Иргэн Алунгоогийн хүүхдийн эцэг тогтоох комисс, Дува сохрын нэг нүд яасныг илрүүлэх групп энэ тэрийг бол та нар хаашдаа дуулсан байх. Харин стандартын шаардлага хангахгүй спиртээр архи нэрсэн, хүн хордуулсан Татаар иргэдийн хэргийг өөр газар, Мэргэжлийн хяналтаас шалгаж байгаа гэсэн.