Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ?

Засгийн газар огцроод даруй хагас сарын хугацаа өнгөрсөн ч дараагийн Ерөнхий сайд хэн болох нь оньсого таавар мэт байсаар байна. УИХ дахь МАН-ын бүх гишүүд амаа хамхиад зугтжээ. Тэд Ерөнхий сайд хэн болохыг Намын бага хурлаар шийднэ гэсэн нэг л хариу хэлцгээж байна. Бодвол Бага хурлын бэлтгэл хангахаар өөр өөрийн нутаг руугаа явцгаасан биз. Хэнийг хэний төлөө санал өгүүлэхийг ятгаж сэнхрүүлэх ажил хийж яваа байлгүй. Сүүлийн үед өрнөж буй үйл явдал, хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэл болон зарим нэгэн эх сурвалжийн өгүүлж буйг багцлан тоймлож хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ гэдгийг тодруулах гээд үзье. МАН доторх фракцуудаас зориуд түгээж буй мэдээлэл, хэвлэлийн таамаг зэргээс харвал Ерөнхий сайд болохоор горилогсод чамгүй олон ажээ. Бүгд л дотроо “Тэр болж байхад би яагаад чадахгүй билээ” гэсэн бодол тээгээстэй. Гэхдээ хүн болгоны санаан зоргоор бүтнэ гэж юу байх. Хувь хүний нэр төр, зангараг, мэдлэг боловсролоос гадна нам дотроо хэний дэмжлэг авдаг, тухайн фракц нь хэр нэр нөлөөтэй болон бусадтайгаа хэрхэн тохирч чадах вэ гэдэг нь хамгийн том шалгуур билээ.

1. Ө.ЭНХТҮВШИН. Ерөнхий сайдад нэр дэвшихээ тэрбээр өчигдөр албан ёсоор зарлалаа. Уг мэдэгдэлдээ “Төрийн ажлын туршлагадаа үндэслэн, басхүү ахмад хүний хувьд нэг зүйлийг би шууд хэлье. Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдгийг бид 20 гаруй жилийн туршид хангалттай харлаа, амслаа. Энэ удаа насны үеэр нь бус, уг хүний үйлдэл, зам мөрийг харж сонголт хийх учиртай гэж үзэж байна” хэмээн онцолсон нь яах аргагүй өрсөлдөгчдөдөө хаягласан үг.

МАН-ын дарга байсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаа унагасан хэмээн даргын албаа сайн дураараа өгч байсан удаатай. Парламентад таван удаа сонгогдсон, намдаа нэр хүндтэй, чадварлаг боловсон хүчний нэг яах аргагүй мөн. Чуулганы хуралдаан дээр “Юманд эрэмбэ дараа, ээлж дугаар гэж бий” хэмээн хэлж байсан хүн. Тийм болохоор одоо өөрийнх нь ээлж, эрэмбэ дараалал болсон гэж үзэж буй байх. Намын дарга болохоосоо өмнө жигүүр удирдаж байсан Ө.Энхтүвшингийн хувьд хүчтэй эсэргүүцэл бага харагддаг. Засгийн газар унагахад дэмжиж гарын үсэг зураагүй нь ч түүнд бодлого, зорилго байсныг илтгэнэ. Сүүлд гарсан мэдээллээр Ө.Энхтүвшинг хотын фракцынхан дэмжих бөгөөд хэрэв Ерөнхий сайд болсон тохиолдолд Засгийн газрын талыг хотын фракцаас бүрдүүлнэ гэсэн тохироо хийсэн хэмээжээ. У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын фракцаас Ерөнхий сайдад нэр дэвшигчид яг ялна гэсэн хатуу итгэл байхгүй, элдэв янзын тохироо энэ тэрээ тултал нь хийж чадаагүй бол Ө.Энхтүвшинд эсэргүүцэл бага ирнэ. Ялангуяа нэр хүнд өндөр, шударга, нэг бүлэглэлийг улайран дэмждэггүй тэрбээр фракцуудын зөрчилдөөн дундаас гараад ирэх боломжтой юм.

2. У.ХҮРЭЛСҮХ. Ерөнхий сайд болно гэж горилогсдоос түүнийг хамгийн магадлалтай хэмээн яригдаж байгаа ч саад тотгор чамгүй их бий. “Би байгаа цагт Хүрэлсүхийг намын дарга болгохгүй” гэж М.Энхболд хэлсэн хэмээх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдаг. Ямартаа ч Засаг унагахгүй хэмээн кноп дарсан 32 дээр санал хураалтад байгаагүй гурван гишүүн нэмэгдэж түүний эсрэг санал өгнө. Сү.Батболдын фракцынхантай яриа тохироогоо сайн хийж чадахгүй бол Ерөнхий сайд болох хамгийн магадлал өндөртай хэмээн харагдаж байвч цагаа тулахаар У.Хүрэлсүхийг дэмжих хүч сул гэж улстөрийн хүрээнийхэн ярьж байна. Ерөнхий сайд болсон ч нэг их удахгүй гэх. Тэрбээр одоо бага хуралдаа найдлага тавьж, хамаг хүчээ дайчилж байгаа байх. Учир нь намын гишүүд дотроо нэр хүнд дажгүй сайн яваа. Мөн өнгөрсөн бүтэн жилийн турш хөдөөгүүр хэрэн хэсч уулзалт хийсэн нь жирийн гишүүдийнхээ итгэлийг олоход чиглэгдсэн. Ингэж явсан нь хэр үр дүнтэй эсэх нь одоо харагдах байх. Одоо У.Хүрэлсүх шиг хүн намыг удирдаж, нэр хүндийг нь өсгөх ёстой гэж олон хүн үздэг, дэмждэг.

3. Н.ЭНХБОЛД. Мэдлэг, туршлага, парламентад сонгогдсон байдал зэргээрээ яалт ч үгүй намдаа жин дарах хүний нэг. Ямар нэгэн хэл ам, хэрүүл шуугианаас ангид байж чаддаг. С.Баяртай найз нөхөд гэдэг тэрбээр Ерөнхий сайдын ажлыг чадмаг хийх мэдлэг туршлагатай. Магадгүй засаг огцруулахад гарын үсэг зураагүй нь ч үүнтэй холбоотой байх. Харин тэрбээр нам дотроо дэмжлэг бага харагддаг. Засаг унагах гарын үсэг зурсан гишүүд болон хотын фракцынхан түүний эсрэг санал өгнө гээд бодохоор дэмжлэг авах магадлал тун бага юм.

Related image4. Ч.ХҮРЭЛБААТАР. МАНын бэлтгэгдсэн боловсон хүчний нэг. Түүнийг Сү.Батболдын фракц гэдэг. Сү.Батболдын хувьд намын дарга, Ерөнхий сайд байсан энэ намын том төлөөллийн нэг. Гэхдээ эдний фракцынхан намдаа эзлэх жин бага. Эднийг хэвлэлээр баян тарган гэж их шүүмжилдэг. Уул уурхай, оффшорын асуудлаар хэл аманд байнга л ордог. Ч.Хүрэлбаатарыг Сү.Батболд гэж хараад намынхан нь дэмжихгүй байх магадлалтай. Гэхдээ фракц болгонд байх нутгийн гэх фактор үйлчилж мэднэ. Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар хоёр өрсөлдсөн тохиолдолд нэг нь нөгөөдөө найр тавьж нэрээ татах хэмжээний ойрын найз нөхөд гэдэг.

Сү.Батболдын гэгдэх фракцад Д.Цогтбаатар гээд мэдлэг чадвар, боловсрол өндөртэй залуу бий. Намын дарга, Ерөнхий сайдын албыг чадмаг хийгээд явчих залуу гэж түүнийг масс үнэлдэг. Гэхдээ түүний нэр энэ удаагийн Ерөнхий сайдын алба горилогсод дунд байхгүй. Дашрамд хэлэхэд, Засгийн газар унагахад Сү.Батболдыг гарын үсэг зурсанд олон хүн гайхшран хүлээж авсан. Өөрөө Ерөнхий сайд байсан, жаргал зовлонг нь хамгийн их ойлгох ёстой хүн байтал унагах гарын үсэг зурсанд одоо ч хүмүүс дургүйцсээр байдаг юм билээ.

Image result for Ж.ЭНХБАЯР5. Ж.ЭНХБАЯР. Намын шинэчлэл, шударга ёс ярьж засаг унагах санал санаачилга өрнүүлсэн залуу гишүүдийн төлөөлөл. Ж.Энхбаярыг хотын фракц буюу М.Энхболдын хүмүүс бүгд эсэргүүцнэ. Сү.Батболдынхон дундыг барина. Тиймээс хэрхэн тохироо хийсэн эсэхээс хэр санал авах нь хамаарна. “Бидний үе ирсэн” гэж ярьдаг түүнд Ерөнхий сайдын суудал ойрхон харагдаж болох ч энэ удаа нэр дэвшихгүй, бүр сайд ч болохгүй гэж ярьсан сурагтай. Тэгвэл У.Хүрэлсүхийг дэмжин ажиллах нь тодорхой. Тэрбээр 2020 оноос арай буурь суурьтайхан хөдлөх төлөвлөгөө боловсруулсан шигээ алхаж яваа гэх.

6. Ц.НЯМДОРЖ. Хэдийгээр Ц.Нямдоржийг Ерөнхий сайд болно гэсэн мэдээлэл мэр сэр гарч буй ч өөрөө нэр дэвшихгүй байх. Түүнд өнөөдрийн энэ албан тушаалаас илүү арай холыг харсан нүүдэл буй гэлцдэг. Хурц шударга үгтэй, фракц энэ тэрд харьяалагдаад байдаггүй тэрбээр намдаа төдийгүй олон түмний дунд ч нэр хүндтэй. Гэхдээ намын зарим залуу гишүүд түүнийг яг ярьж байгаа шигээ шударга хүн мөн эсэхэд эргэлздэг гэнэ лээ.

Related image7. Д.ХАЯНХЯРВАА. Түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэж байсан ч өөрөө үгүйсгэсэн.

Одоогоор Ерөнхий сайдад яригдаж буй нь дээрх хүмүүс. Эднээс хамгийн магадлал өндөртэй хоёр нь У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нар. Аль аль нь санал өгөх хүмүүсээ багцлан ярьж тохирсон бөгөөд тоогоо бодоод гаргачихсан гэх. Тоогоо бодоод гэдэг нь Бага хурлын 330 гишүүний хэдийг нь өөрийн талдаа татсан гэдгээ тооцсон гэсэн үг.

Ямартаа ч өчигдөр орой Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ. Түүнийг хотын фракц буюу М.Энхболд дэмжиж байгаа, Ерөнхий сайд болсон тохиолдолд танхимаа яаж бүрдүүлэх тохироогоо хийсэн гэх яриа ортой бололтой. Тэрбээр нөгөө талд буй У.Хүрэлсүх тэргүүтэй залууст “Надад туршлага байна. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдог” хэмээн анхааруулаад авав. МАН-ын Бага хуралд М.Энхболдын хотын фракц илүү жин дардаг, нэр нөлөөтэй гэдэг. Тэр үнэн бол Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болох магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр уулзаж байгаа мэдээлэл хэвлэлд хэд хэд гарсан. Тэдний харилцаа өөрчлөгдөж, шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, цаашлаад намын даргын талаар ярилцаж тохирсон гэх мэдээлэл бий. Ингэх ч шалтгаан байна. Үүнд Т.Бадамжунай гэх хүний үүрэг оролцоо их бий гэдэг. Нэгэн цагт У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар улсын мөнгө идсэн уусан хэрэгт эрүү үүсгэн шалгагдаж байсан түүхтэй. Тэр үед зовлон нэгт хоёр ах дүүс шиг болсон гэдэг. Т.Бадамжунайг хэзээнээс М.Энхболдын баруун гарын хүн гэдэг. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын харилцаа Т.Бадамжунайн тусламжтайгаар сайжирсан гэх яриа байна. Мөнхийн дайсан гэж байдаггүй. Мөнхийн эрх ашиг гэж бий гэдэг. Тэрсэлдэж, бие биенээ үзэн ядаж байсан хүмүүс ямар эрх ашиг нэгтгэгдэн яриа тохироо хийсэн эсэхийг цаг хугацаа харуулах буй за. Мөн Засаг унагах хүртлээ тохиролцож ярьж чадаагүй хүмүүс одоо нэг зүгт харна гэж байхгүй. Эцсээ хүртэл өөр өөрийн үзэлдээ үнэнч байх хүмүүс ч гэдэг. Дээр дурдагдсан хүмүүсээс гадна огт нэр гараагүй шинэ хүн гаргаж ирэх боломжтой ч төдийлөн оновчтой хувилбар биш юм.

Энэ удаа ил өрнөж буй үйл явдал, мэдээ мэдээдэлд анализ таамаглал хийлээ. Хөшигний цаана хэн хэнтэй уулзаж, ямар яриа тохироо хийсэн нь цаашид өрнөх үйл явдлуудаас тодорхой болох биз ээ.

Эцэст нь хэлэхэд, ямар ч хүн Ерөнхий сайд боллоо гэхэд бодлогын зоригтой өөрчлөлт хийхгүй бол удаан тогтохгүй. Ингэхдээ эдийн засгийн ямар ямар бүлэглэлийн эрх ашгийг хөндөх вэ гэдгээс бас шалтгаална. Мөн Ерөнхийлөгчтэй нийлээд намаа хөөдөөд хаячихгүй хүн байх хэрэгтэй. Энэ бүх эрх ашгийг нэгтгэж чадах хүн Ерөнхий сайд болж бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийхгүй бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувь заяа давтагдана. Өнгөрсөн үйл явдлаас харж байхад намууд дураараа дургиж, аль нэг бүлэглэл, эрх ашгийн төлөө илэрхий зүтгээд байвал ард түмэн УИХ-ыг тараах хүртэл сэтгэлзүйн бэлтгэлтэй болжээ. Тийм учраас шинэ Ерөнхий сайд ард олны сэтгэлд нийцсэн, тэднийг тайвшруулахуйц хэмжээний хүн байх ёстой. Үүнийг тоохгүй байж болохгүй. Намыг сохроор дагадаг байсан ард түмэн өөрчлөгдсөн. Бидний төлөө юу хийх вэ гэдгийг гярхай ажиглан харж, үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцдог ард түмэнтэй шүү гэдгээ эрх баригчид мартах учиргүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *