Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд орон сууц болон мөнгөн нөхөн олговор олгоно

ЗурагУИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тагнуулын ерөнхий газрын бүрэн бус мэдээгээр 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянга орчим хүн хэлмэгдсэн гэдэг бөгөөд 1939 оноос өнөөг хүртэл нийт 31208 хүн цагаатгагдсаны 28256 нь улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагджээ. Нийт цагаатгагдсан иргэдийн 20637 нь буудан алах, 8032 нь хорих ял, 43 нь тэнсэн харгалзах, 5 нь торгох ялаар шийтгүүлсэн байдаг бол 569 хүн хоригдож, мөрдөгдөж байх хугацаандаа суллагдсан, 124 нь шоронд нас барсан, 1593 хүний ял тодорхойгүй, 205 нь нам захиргааны байгууллагын шийдвэрээр ажил албан тушаалаасаа халагдаж, нутаг заагдан цөлөгдөх шийтгэл хүлээсэн байдаг.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийнхэн 18178 иргэнд 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хүний гэр бүлийн хүнд 153 иргэнд орон сууц, 204-д нь орон сууц орлосон хэмжээний мөнгөн олговор олгоод байна.

Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхэд 400 орчим байна. Эдгээр хүүхдүүд нь бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэрэг багагүй хохирол хүлээжээ. Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр 1 удаагийн нэмэлт нөхөн олговор олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө орон сууц, түүнийг орлосон мөнгөн олговор авсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, түүний гэр бүл, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, ач, зээ нарт нэмэлт нөхөх олговор олгох заалт хамаарагдахгүйгээс гадна нөхөх олговрыг хэлмэгдэгсэд, түүний эхнэр гэр бүл, хүүхдэд давхардуулахгүйгээр олгох учир улсын төсөвт их хэмжээний дарамт учруулахгүй хэмээн үзэж буй.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд өнгөрсөн оны сүүлчээр өргөн барьсан. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад 100 хувийн дэмжлэг авсан тул чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *