УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн аймшигт хэлмэгдүүлэлтэд өртөж хохирсон олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон.
Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд “Саж ламын хэрэг” гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг.
Монголын түүхэнд тохиосон аймшигт хэлмэгдүүлэлтийг гурван үед хуваан авч үздэг.
Нэгдүгээр үе шат буюу 1920-1944 он. Эдгээр жилүүдэд 28451 хүн баригдаж шийтгүүлснээс 20822 буюу 73 хувь нь буудуулж амиа алдсан гэдэг. 1932-1937 онд гэхэд 1730 хүн шийтгэгдэж, 162 нь буудуулах ял оноогдон гүйцэтгэгдсэн бол 1937-1940 хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 26721 хүн шийтгэгдэж, түүний 20660 нь буудуулж амиа алджээ.
Хоёрдугаар үе шат буюу 1940-1955 он. Тусгай комисс байгуулагдаж улс төрийн хэлмэгдүүлэлтийг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэн хэргийн гэрчийг устгаж, түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байжээ . Тус комисс 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнд хилс хэрэг тулган, амийг нь хөнөөжээ.
Гуравдугаар үе шат буюу 1956-1990 он. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн энэ үе Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг чиглэн тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход “анхаарчээ”. Тиймдээ ч 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Х.Нямбуу, Л.Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн юм. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үедээ амийг нь хөнөөх замаар “хэрэгжиж” байгаад аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, нэр төрийг нь гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах хэлбэрт шилжжээ.
1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.
“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартаг”