“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс 1996 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг зохион байгуулсаар ирсэн. Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа ажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэр бүлийн гишүүдээ цагаатгуулахаар өргөдөл гомдол гаргаж буй иргэдийн асуудлыг 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар зохицуулж ирсэн. Уг хуулийн дагуу 2011 оны арванхоёрдугаар сарын 25-аас өргөдөл гомдол хүлээж авахаа болиод байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 12-нд Я.Санжмятав гишүүний санаачилгаар тус хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цаазаар авхуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхэд 400 гаруй байдаг аж.
-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэлмэгдэгсдийг цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг 2 жилээр сунгаж, 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүлээж авахаар болжээ. Харин нөхөн олговрын тухайд энэ жилийн улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас 2019 оноос эхлэн олгох юм байна.
-Мөн өмнөх хуульд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүүс ач зээ нарт нөхөн олговор олгодог байсан бол энэ удаад эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан, нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдийн аль нэгт нь өгөхөөр болжээ. Гэхдээ эдгээр хүмүүсээс өмнө нь байр орон сууц болон түүнийг орлосон мөнгөн олговрыг төрийн аль нэг байгууллагаар дамжуулан олгож байсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
-Хуулийн дагуу цаазын ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох аж.
Энэ өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр тус хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагын удирдлагууд, нийслэлийн Засаг дарга, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцов. Мөн өнөөдөр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчилэн хийд хэлмэгсдийн хойдын буянд зориулан хурал ном хурж байгаа аж.