Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг Хууль сахиулахын их сургууль дээр хоёр өдөр болж өндөрлөлөө.
Хэлэлцүүлгийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт амьдрал дээр ямар байна. Эдгээр хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэлүүд үүсэв. Ямар асуудлууд дээр хууль, шүүхийн байгууллагууд нэг мөр ойлголтод хүрэх ёстойг ярилцахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байна гээд, тухайлбал Эрүүгийн хуулийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа, хэргийг нэмж нэгтгэх, тодорхой төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зэрэг асуудлууд дээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд зарим зүйлийг засаж, тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах, зарим зүйлийг нь хуулийн байгууллагууд нэгмөр ойлгох талаар мөрдөх алба, шүүгч, прокурорууд саналаа хэлж байна гэв.
Хуульзүйн шинжлэх ухааны доктор Ж.Болдбаатар уг хэлэлцүүлэгт хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн салбарынхан идэвхтэй оролцож байгааг сайшаагаад “Энэ арга хэмжээ бол хуулийн төслийн хэлэлцүүлэг биш хуулийн хэрэгжилтийн байдлын хэлэлцүүлэг гэдгээрээ онцлог бөгөөд энэ утгаараа Монголын хуульзүйн практикт шинэлэг зүйл боллоо. Эрүүгийн хууль тогтоомж гэдэг бол гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого юм. Тиймээс энэ бодлогод ахиц дэвшил гаргаж, эрүүгийн хууль тогтоомжийг энэрэнгүй болгох учиртай” гэлээ.
Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн П.Оюунчимэг “Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр, Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Гантөмөр “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр үндсэн илтгэл тавьж, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүллээ.
2015 оны Эрүүгийн хуулийн хувьд дэвшилтэт зүйл олон байгаа боловч уламжлалт эрхзүйн онолыг хэт үгүйсгэж, өөр соёл, ахуйтай гадаад орнуудын эрхзүйн онол, практикийг хуулбарлаж, гэмт хэргийн ангилал, шалгуурыг үндэслэлгүй хуульчилсан нь хэрэгжүүлэх явцад бэрхшээл үүсгэж байгааг судлаачид онцолж байв. Ийнхүү хоёр өдрийн турш хэлэлцэгчид Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус бүрээр ажил хэрэгч саналууд, зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо. Хууль зүй, дотоод хэргийн яам уг зөвлөмжид үндэслэн Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм.
Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл, орон нутгийн хуулийн байгууллагуудын 400 орчим төлөөлөл оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.