Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны байгууллагынхан, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж үүрэг даалгавар өгөхдөө нэлээд даацтай үг хэлсэн. Сайн ч үг хэлсэн, зоригтой дуугарч, зөв шүүмжиллээ. Олон түмэн ч залуу Ерөнхий сайдын хэлсэн үгэнд таатай хандаж, овоо доо гэцгээж байна. Гэхдээ ийм сайн сайхан үгийг, олон түмэнд таалагдахуйц үгсийг хэлдэг дарга нарыг олныг үзлээ дээ.
Сүүлийн хорин хэдэн жил үе үеийнхээ дарга нараас монголчууд сайхан үг сонссоор ирэв. Сонсдоггүй биш сонсдог. Чих баярлахаар сайхан үг сонсч, өнөөх үлгэрт нь итгэдэг. Нөгөө “Хүүхний сайхныг Монголдоо харлаа” гэж дуулдаг шиг “Үгийн сайныг Монголдоо л сонсдог”. Үүгээр бид азтай үндэстэн. Үлгэр болж, биелэхийг нь хэзээ ч харж байгаагүйгээрээ бид хувьгүй улсууд.
Хэрэв тэр сайхан үгс нь биелдэг байсан бол бид юуны өмнө Азийн бар улс болчих байлаа. Баруунаас зүүнийг холбосон төмөр замтай болж, Баян-Өлгийгөөс казах ээж Дорнодод цэргийн алба хааж байгаа хүүтэйгээ уулзахаар унтлагын вагоноор бие амар яваад хүрчихдэг болох байв. Аж үйлдвэрийн парктай болж, үйлдвэрлэл өрнөж, эдийн засгийн нээлттэй бүсэд нь түмэн хэлийн улсын наймаа арилжаа бужигнаж байхаар байлаа. Мөн гангийн үйлдвэртээ ган бөмбөлөг хайлуулж, зэсийн үйлдвэртээ өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ боловсруулах байв. Бас зэсийн баяжмалаа дагаад гарчихдаг алт, мөнгө гээд үнэт металлуудаа цуглуулчихсан шиг сууна. Тавдугаар цахилгаан станц байгуулагдах Засгийн газрын шийдвэр гарсны 20 жилийн ой гэж хоосон шийдвэрийн баяр тэмдэглэж суух биш үйлдвэр байгуулагдсаны арав, хорин жилийн ойг тэмдэглэж болох л байлаа. Магадгүй тэр үйлдвэрийн ахмад ажилтнууд эхнээсээ тэтгэвэртээ гарч эхлэхэд гайхахгүйгээр хугацаа өнгөрчээ. За цаашлаад, нефтийн үйлдвэртэй болчихсон. ОХУ нефтийн үнээ нэмчих вий гэж айж эмээх зүйлгүй амьдрах байв.
Дотоодын газрын тос маань дутаад байвал гаднаас түүхий тос оруулж ирж нэрээд л, гаргаж зараад л, бензиний үнэ дагаж талх өслөө гэж бухимдахгүй байх байлаа. Гадагшаа түүхий эдээ биш өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ тал бүрийн төмөр замаар илгээх байсан. Бас дарга нарын хэлж байсан үнэн бол Монгол Улсын иргэнийхээ хувьд сая төгрөгтэй, үгүй ээ 1.5 сая төгрөгтэй, биш юмаа хоёр намын хэлснийг аль алийг нийлүүлсэн 2.5 сая төгрөг тогтмол хүртдэг улсууд болох байв. Бас хувьцааныхаа ногдол ашгийг хүртээд л. Үе, үеийн дарга нарын хэлж байсан бүхэн биелж байсан бол бид өнөөдөр дампуурлаа зарлахдаа тулсан орны иргэд биш байгалийн баялагтай, бардам түүхтэй, нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийн улсуудын дунд дээгүүр биш юм гэхэд толгой гудайхгүй явах улсын иргэд байхаар байсан. Гэвч тэд сайхан үг хэлж байгаагаа хийсэн юм шиг санаж, бид сонсч байгаагаа хүртэж байгаа мэт бодсоор иржээ. Нөгөө “Чи сайхан хоолны нэр хэлээд бай, би савхдаад идье” гэдэг шиг. Ж.Эрдэнэбат сайдын хэлсэн үгийг хүмүүс яагаад сайхан үг гэж талархан хүлээж аваад байна вэ. Уг нь төрийн албан хаагч, татварын мөнгөөр цалинжиж ирсэн хүмүүсийн хувьд хийх ёстой, дагаж мөрддөг байх ёстой бүгдийг нь хэлж байгаа юм л даа. Даанч хэн ч дагаж байгаагүй, тэгэх ёсгүй юм шиг санаж ирснийг нь тэг ээ гэж сануулсан хүн нь Ерөнхий сайд болсон учраас талархаад байгаа юм.
Хамгийн гол нь энэ хэлснээ хийгээсэй гэж хүсч байна. Ерөнхий сайдын хэлсэн үг сайхан ч барын бамбар, тугал хоёрын үлгэрийн жишгээр ард олон итгэхгүй байна. Түүнээс өмнөх бүх сайд, дарга нарын сайхан үгст хууртсаар байгаад итгэхэд хэцүү болж. Харин түүний хэлсэн үгэн дунд энэ л үнэн үг байна даа гэж анхаарал татсан нь “26 жилийн алдаа ч, оноо ч Монголын улс төрийг ээлжлэн барьж ирсэн гол хоёр нам дээр ирнэ” гэж хэлсэн үг. Хамгийн үнэн үг. МАН, АН гэсэн хоёр намын ээлжлэн барьж ирсэн төр өнөөдрийн энэ нийгмийг бий болгосон. Тэр байтугай нарийн яривал энэ хоёр намын эрх мэдэлтэй явж ирсэн арван хүнтэй л холбоотой. Хорь гаруй жилийн өмнө эрх мэдэлтэй байсан, одоо чиг л эрх мэдэлтэй яваа тэр хүмүүстэй холбогдоно. Ерөнхий сайд алдаа, оноо энэ хоёр намтай холбоотой гэдэг үнэнийг хэлж чадсанаараа магадгүй түүний хэлээд байгаа бүхэн үнэн байж болох юм гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байгаа юм. Сайхан үгэнд хууртсаар байгаад эс итгэгч, эс үнэмшигч, үнэнээс зугтагч болсон хүмүүст нэг үнэн үг магадгүй бусад нь үнэн болж болох юм, дахиад итгээд үзвэл гайгүй ч юм уу гэсэн зурвас найдварыг төрүүлж байна. Үнэхээр тэгээд үзвэл төрд орж баяжина гэсэн итгэлээр шургалдаг жижигхэн сэтгэлтнүүдэд газар үгүй юм байна. Эдийн засгийн хямралыг давна гэчихээд дарга нар төсвөө данхайлгаж, баялаг бүтээгчдээсээ татаас нэмдэг байдал зогсох нь.
Өөрөөр хэлбэл, төрийнхөн өөрсдөөсөө эхэлж бүсээ чангалах юм байна. Өөрийнх нь эрх ашиг тусгагдахгүй бол хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш эрх ашгийг нь хамгаалах Засгийн газартай болох нь. Санхүү болоод хууль цаазын дэг журамтай болох юм байна. Төрийн албанд очоод унаагаа шинэчлээд, хангамжаа нэмээд байдаг төрийн албан хаагчид байхгүй болох юм байна, төрийн мөнгөөр ажил хийж яваа нэрээр хэд дахин үнэтэй онгоцны үнэтэй суудалд тухалдаг дарга нар харагдахгүй юм байна гэж ойлгож байна.
Мөн төсвийн хөрөнгөөр хийдэг найр наадам бүхэн хяналттай болж, төрийн нэрийн өмнөөс алба залгуулж байгаа атлаа дүрэм журмаар далайлган авлига нэхдэг жижигхэн нөхөд гишгэх газаргүй болох ажээ. Энэ хэлсэн бүхэн даанч сайхан. Хэлэх яах вэ, хийх л чухал шүү.