Ахмад зохиолч Б.Тогооч
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд Монголын ард түмэн, Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Болор цом-35” наадмаа Алтай хотод ёслол төгөлдөр хийлээ.
Далайн түвшнээс дээш 2180 метр өндөрт оршдог Алтай хотын баруун талаар Хан Тайширын хөх уулс хорооллох мэт оршино. Алсын нөмөр нь юм уу, аясын салхи, нимгэн цастай болохоор намар шиг налайгаад хүн ардын сэтгэл тэнүүн айсуй соёлын чимээг чагнах мэт сайхан байв.
Талдаа нийслэлээс 1000 км замын алжаалыг умартан зүтгэсэн 30 яруу найрагчаа тэсч ядаж хүлээх зуур 1997 онд “Төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит болсон хоёрдугаар сургуулийн сурагчид “Хан Тайширын хөх сувд-1” яруу найргийн наадмаа хийсэн билээ. 26 сурагч өөрсдийн зохиосон хоёр шүлгээрээ оролцсон уралдаанд шалгарсан 13 сурагч таван минутанд “Цэцэг” сэдвээр хүч сорив. Аргагүй л ном их уншдаг хүүхдийн далд мэдрэмж, үгийн тэнхээ, сайхан зөв бичгийн соёл бусдаас илүү байсан.
Нийгмийн ухааны заах аргын нэгдлийн багш нартай мөр зэрэгцэн сууж, хүүхдийн цоглог дуунд уяран шүүгчээр ажиллах завшаан тохиосонд Д.Шуубанза захиралтай нэрэмжит сургуулийн хамт олон, ахмад багш нар номын садан зохиолч, сэтгүүлч нөхдөдөө баярлаж суулаа. Говь-Алтайчууд дэлхийн хүн Ч.Лодойдамба зохиолчийн дараа орох гавьяатнуудаараа бахархаж, Монгол Улсын Гавьяат эдийн болсон Лоохууз гуайн санаачилсан баялаг үзмэртэй аймгийн музейг үзүүлэн, оюуны их санч далч мэргэн Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайгаа Нобелийн шагналтан болгохсон гэж ерөөх нь сайхан.
2018 оны нэгдүгээр сарын 9-нд болох Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ойн баярын мэндийг ном дээдэлдэг үр хүүхдүүддээ үлгэр хэлж, цэцэн үгээр сурган сайн муугийн учрыг эрт ухааруулдаг, номын сандаа дэлхийн сонгодог, Монголын нууц товчооноос эрт эдүгээгийн шилмэл бүтээл олноор хадгалан уншуулсаар ирсэн, уншигч түмэндээ өргөн дэвшүүлье.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ