СБД-ийн ахмад настан Н.Адилбиш
2016 онд ТҮЦ-үүдийг шинэчилж байгаа хэмээн нийслэлээс мэдэгдсэн. Худалдаа үйлчилгээний дарга Цогзолмаа “Манай хийсэн ТҮЦ-ийг авахгүй бол газар өгөхгүй” гэх сүрдүүлгээс нь айж, тухайн үед найман сая таван зуун мянган төгрөгөөр ТҮЦ хийлгэсэн билээ. Ингээд автобусны буудал дээр үйл ажиллагаагаа явуулж байтал нийтийн тээврийн зогсоол дээр буусан хэмээн нүүлгэсэн. Гэтэл сар ч болоогүй зам тавина хэмээн дахин нүүлгэхийг шаардсан. Мөн ингээд байж байтал наймдугаар сард дахиад нүү хэмээн хөөсөн. Энэ удаад хаана буух вэ гэтэл хотын захиргаанаас “ТҮЦ байлгахгүй, тийм болохоор ТҮЦ-ээ нэг мөр буулга” гэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ мэт хэд дахин нүүлгэж, бөөн зардал чирэгдэл учруулж, ашиг орлого ч үгүй болж, бидэнд маш их хохирол учруулчихаад эцэст нь ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг минь хориглочихлоо. Иргэн хүний хувьд хохирлоо барагдуулахаар Ерөнхийлөгчид хандан хүсэлт хүргүүлсэн юм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас миний энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг холбогдох албаны улсуудад үүрэг өгсөн. Гэтэл миний асуудлыг шийдвэрлэх битгий хэл ямар ч хариу хэлээгүй. Улмаар Газрын албаны Сугар, нягтлан бодогч Лхагважав, VIII хорооны байцаагч Мөнхтуяа нар албан тушаалаа ашиглаж, журмын хашаанд бараатайгаа байсан ТҮЦ-ийг минь авсан. Ер нь зам тавьж дууссаны дараа хэлсэн ёсоороо миний ТҮЦ-ийг буцаагаад автобусны буудал дээр буулгачихаж болох л байсан шүү дээ. Охиных маань зээл авч хоёр өрөө байр 130 сая төгрөгөөр худалдан авсан. Энэхүү өрийг ах, дүүсээрээ нийлж төлсөөр одоо 20 гаруй сая төгрөг үлдчихээд буй. Одоо зээлээ хэрхэн төлөх вэ. Хүний амьдрал мэдэхгүй албан тушаалтнууд танил талаа л боддог бололтой. МУИС-ийн автобусны буудал дээрх хоёр ТҮЦ одоо хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж буй. Энэ хоёр ТҮЦ ийн амар тайван үйл ажиллагаагаа явуулж болоод байхад бусад нь яагаад айж, сандарч, ашиг орлого, ахуй амьдралаа золиослох ёстой юм. Миний гомдлын мөрөөр шийдвэрлэж чадах дарга нар байвал надад туслаач. Үнэнч шударга амьдрахыг бүх шатны дарга нараас хүсэж байна.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН