Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Төрийн түшээд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хойрго хандаж байна

Улсын их хурлын эрхэм гишүүд зөвхөн агаарын бохирдол, утаанд зориулж сүүлийн жилүүдэд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Харамсалтай нь энэ их хөрөнгийн үр дүн гарсангүй.Өнөөдөр Улаанбаатарт агаарын бохирдол дэлхийн дундаж төвшнөөс давж бүр гамшгийн хэмжээнд очсон байна. Үүний хамгийн гол хохирогчид нь жирэмсэн эхчүүд болж хохирсоор. Үүний уршгаар эхчүүд хордож эрүүл биш гажигтай хүүхэд төрүүлж байгаа нь харамсалтай санагддаг.

Агаарын бохирдлыг шийдэхийн тулд гэр хорооллыг бүхэлд нь орон сууцжуулах тухай ярьдаг. Байж болох ч оновчтой гаргалгаа яавч биш. Мөн орон сууцанд орохыг таашаадаггүй, гэр хороололдоо утаагүй эрүүл орчинд амьдрахыг илүүд үздэг иргэд олон байгаа шүү дээ. Эдний хүсэл сонирхлыг уландаа гишгэж яавч болохгүй.

Үүний оронд нийслэл болон Багануур, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудыг хөгжүүлж иргэдийн ажиллах аж үйлдвэрийг байгуулбал хот руу өдрөөс өдөрт шилжин ирж суурьшигчдын тоо цөөрч, нийслэлд аж төрж буй ажилгүй иргэд бэлэн ажлын байраар хангагдана.

Үүнээс гадна биднийг өдөр тутам бухимдуулдаг замын түгжрэлийн оновчтой гаргалгаа энэ байж болно. Өнөөдөр агаарын бохирдол бууруулах нэрийн доор төсвөөс үр ашиггүй зарлагадаж буй мөнгийг станц, цахилгаан түгээх сүлжээ зэрэгт тооцоотой зарцуулж, өдрийн тарифыг 50-иас доошгүй хувиар хөнгөлж өгмөөр санагддаг.

Мөн цахилгаанаар ажилладаг орчин үеийн сайн үүсгүүрүүдийг утааны голомтыг бүрдүүлж буй гэр хорооллын айл өрхүүдэд боломжийн хөнгөлөлттэй үнээр санал болгоход агаарын бохирдлын асуудал мэдэгдэхүйц багасна. Ядаж 50 хувь нь түүнээс ч илүү үр дүн гарах магадлал өндөр шүү.

Төрийн түшээд, УИХ-ын гишүүд жирийн эмгэн надаас дор сэтгэв гэж. Агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийг хүсэхгүй, “нүдэн балай, чихэн дүлий” царайлж байгаа нь ард иргэдийн уур бухимдлыг ихээр төрүүлж байна. Ерөнхийлөгч, шинээр бүрэлдсэн Засгийн газар маань үүргээ ухамсарлаж ард иргэдээ утаан дунд удаан амьдруулахгүй гэдэгт найдаж, итгэж, хүлээж байна даа.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Т.Анима

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *