Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Тэтгэвэр авагчдын тэтгэмжийг нөхөн олгох нь зөв

Чингэлтэй дүүргийн өндөр настан Б.Банзрагч

Үндсэн хуульд “Шударга ёс, тэгш байдал нь .. төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн байдаг. Гэтэлд ноцтой “шударга бус явдал” тэгш биш байдал байх юм. Одоо үед хүмүүс долоо хоногт таван өдөр буюу 40 цаг, жилд 1920 цаг ажиллаад тэтгэвэрт гарахдаа 36 сарын буюу гурван жилийн цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж авч байна. Тэгэхээр нэг сард 5-10 сая төгрөгийн өндөр цалин авдаг хуульчид, уурхайн дарга нар бол тэтгэвэрт гарахдаа энэ их цалин, бас өндөр тэтгэвэр дээрээ нэмж, 180 сая төгрөг, 360 сая төгрөгийн тусламж улсаас авах нь байна. Уг нь ядууст л тусламж үзүүлдэг биш бил үү. Харин 1920-1930-аад онд төрсөн бид сард 200-700 төгрөгийн цалин авч, долоо хоногт зургаан өдөр буюу 46 цаг, жилд 2208 цагийн ажил хийж, 35 жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа одоогийнхноос таван жил гаруйн ажил илүү хийж байжээ. Гэтэл төр биднийг 1995 оноос өмнө тэтгэвэрт гаргахдаа өчүүхэн тэтгэвэр өгөөд л одоогийнх шиг тэтгэмж гэдэг юм өгөлгүй гаргасан билээ. Зүй нь 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэрт гарагсад бол одоогийнхноос таван жил илүү ажилласан учраас тэднээс өндөр тэтгэвэртэй баймаар атал эсрэгээрээ. Бид 20 жилийн турш одоогийн зиндааныхнаасаа бага тэтгэвэр авлаа. Үүнийг шударга байна, Үндсэн хуулийн дээрх заалт хэрэгжиж байна гэх үү? Иймээс төр байдлыг нягталж үзэж, Үндсэн хуулийн дээрх заалтыг биелүүлж, иргэдээ алагчлан ялгаварладгаа больж, 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэрт гарсан одоо амьд байгаа хүмүүстээ 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжийг нөхөн олгох нь шударга ёс, тэгш байдалд нийцнэ. Хэрэв тэдэнд энэ тэтгэмжийг нөхөн олгохгүй бол иргэд хөгшчүүдээ 1995 оноос өмнөх, хойших гэж хувааж алагчилсан тэдний нэг хэсгийг хэтэрхий тэтгэж, нөгөөг нь гомдоож хөсөр хаясан энэ 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг бүр устгавал зохино. Адилхан аавын хүүхдүүдийг алийг нь араас, алийг нь өврөөс гарсан гэх вэ гэдэг дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *