Бэлтгэл хурандаа Донторын Бухбат
90-ээд оны эхээр монголын телевизээр гарч байсан Мексикийн олон ангит “Баячууд ч бас уйлдаг” нэртэй кинонд гардаг үйл явдлыг санаж байгаа байх. Сайхан амьдрахад юуны өмнө бие биенээ хайрлах үнэнч хайранд тулгуурласан гэр бүлийн эрүүл зөв уур амьсгал л хэрэгтэй. Харин үүнд нэлээд ур чадвар, зохих хэмжээний ухаан шаардлагатай. Үнэндээ шинээр гэр бүл болж, амьдрал зохионо гэдэг тийм ч амар ажил биш. Яагаад гэвэл та хоёр, өөр өөр орчинд өссөн, магадгүй та хоёрын өссөн гэр бүлийн ёс уламжлал, зан заншил, эрхэмлэдэг зүйл огт өөр байх нь наад захын хэрэг. Ер нь анхнаасаа л сайн эхнэр (нөхөр) гэж хаа ч байдаггүй. Алс хэтдээ л сайн эхнэр, нөхөр болдгийг санавал зохино. Харин та бол энэ ертөнц дээр ганцхан хувь бодьгал, таны эхнэр хүүхэд ч ялгаагүй. Энэ утгаараа танай гэр бүлийн амьдрал ч энэ ертөнц дээр ганц. Иймээс нийтийн жишгээр эсвэл бусдаас дор орохгүй амьдарна гэдэг шиг утгагүй үг байдаггүй. Үүнээс л атаа жөтөө, шунал тачаал, уур хилэн, хамаг нисваанис эх ундаргаа авдаг. Харин ёс суртахуунлаг байх, хууль, нийгмээс тогтоосон дэг журамд захирагдана гэвэл өөр хэрэг. Ерөөс “Амьтай бүхнийг хайрлаж, амьгүй болгоныг гамнах” зарчмыг гэр бүлийн төдийгүй нийгмийн амьдралын хэм хэмжээ болговоос зохилтой. Ямар нэгэн аргаар их мөнгөтэй болж баян тансаг амьдарна гэлгүй, шударгаар хөдөлмөрлөж аз жаргалтай амьдaръя гэж тэмүүлвэл зохино. Боловсрол, эрүүл мэнд, бусдад туслах гэх мэт зайлшгүй хөрөнгө мөнгө шаардагдах цөөн зүйл бий. “Эрүүл мэнд бол бүх зүйл биш, гэхдээ эрүүл мэндээ алдвал бүх зүйл, юу ч биш.” гэсэн үг байдаг. Энд өгүүлэгдэн буй “бүх зүйл” гэдэгт олсон эрдэм боловсрол, эд хөрөнгө, сайхан эхнэр (нөхөр), үр хүүхэд, үнэнч найз нөхөд, алдар цол, албан тушаал, өндөр байшин, үнэтэй машин бүгд орно. Эрүүл мэндээ алдвал энэ бүгдийн аль нь ч танд тус болохгүй л гэсэн утга. Хүмүүний өмсөх хувцас, орох орон, идэж уух энэ бүхэн маань, биднийг халуун хүйтнээс хамгаалах, алдсан энерги эрч хүчээ нөхөх л зориулалттай болохоос бус гоо сайхан, амьдралын төвшнийг илэрхийлэх үүрэггүй билээ. Ер нь, аз жаргалтай амьдрахын үндэс нь хайр, эрүүл мэнд хоёр. Иймээс “амьдрал хайр дээр тогтдог” гэх нь ихээхэн өргөн утгатай ажээ.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН