СХД-ийн IX хорооны иргэн Б.ТЭГШБУЯН
Нэг үеэ бодвол цаг сайхан болжээ. Хувь хүн хөгжихөд ямар ч асуудал алга. Чи хичнээн ядуу, мөнгөгүй, сурах боломжгүй байсан ч гэсэн мэдлэгтэй болъё, хөдөлмөрлөе, сайхан амьдрахын төлөө зүтгэе гэж санах л юм бол бүтэхгүй зүйл алга. Би өдгөө хувийн барилгын бизнес эрхлэн яваа хүн. Газар сайгүй л өндөр, өндөр барилга барьж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, эхнэр хүүхдүүдтэйгээ боломжийн сайхан амьдарч байна. Намайг бага байхад аав, ээж минь зуурдаар хорвоог орхиж, энэ дэлхийд би гэдэг хүн харж, хандах хүнгүй орь ганцаар үлдсэн. Тэглээ гээд амьдралд бууж өгөлгүй, гутралгүй сайхан амьдрахын төлөө тэмцсэн. Надад сурч мэдье гэсэн ч их дээд сургуульд суралцах боломж байсангүй. Ингээд сайхан амьдрахын төлөө ажлыг гололгүй, өдөр шөнөгүй л хийсэн. Зах дээр тэрэг түрж, хүн амьтны өгснийг нь авдаг байлаа. Зун болохоор барилга дээр ажиллаж, өвөл нь таньдаг ахтайгаа хамт холын тээвэрт туслах жолоочоор нь явдаг байв. Ганц биеэ хөдөлмөрийнхөө хөлсөөр хоол, хувцсаар дутаахгүй, хүний зэрэгтээ л явлаа. Ингэж явсаар нэг зун олон жил хамт ажилласан барилгын компанийн захирал миний хөдөлмөрч, хичээнгүй, хүнтэй эвийг нь олж харьцах занг маань үнэлсэн үү бригадын даргаар томиллоо. Орох орон сууц ч зээлээр өглөө. Миний амьдралд олдож буй энэ алтан боломжийг, хүний итгэлийг би алдалгүй ажилдаа үнэнчээр зүтгэж, улмаар өөрийн гэсэн хувийн барилгын компанитай болсон юм. Өдгөө энэхүү өндөрлөгт хүрснээ, сайхан амьдарч яваагаараа бахархаж байна. Хүн өөрөө хөдөлмөрч, нийтэч, хичээнгүй, хамгийн гол нь сайхан амьдрахын төлөө зүтгэх сэтгэл, зүрхтэй л байвал энэ хорвоод болохгүй юм байхгүй гэдгийг ойлгосон. Нийгэмд бие эрүүл, ухаан саруул залуучууд их. Эдгээр залуус маань хэт их жаргалдаа бялхаж, багахан бэрхшээлийг зовлон мэтээр харснаас болж, өөрийн амьдралаа сүйрүүлж байна. Зовлон, жаргалаа ойлгож байгаа юм алга. Хүний хорвоод зовлон гэж хэлж болохоор хэдхэн үйл байдаг. Энэ нь ижий, аав, хайрт хань, үр хүүхдээсээ хагацах. Үүнээс өөр үйлийг үнэхээр зовлон гэж хэлэхгүй ээ.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу. Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН