Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Олонхи болсон намын Ерөнхийлөгч л тодрох нь байна

Хан-Уул дүүргийн XV хорооны иргэн Г.Дашням

“Үндсэн хуулийг та нар өөрчлөөд сайн болгох юм уу” гээд анхны Ерөнхийлөгч П.Очирбат ёжтойхон инээмсэглэв.

Олон мянган жилийн түүхтэй, төрт ёсны уламжлалтай монголчууд бид хаант төрийн ач буяныг эдэлж ирсэн нандин ёс заншилтай гэдэгтэй хэн ч үл маргана. Энэ бол Монголтойгоо мөнхөрсөн түүхэн үнэн. 1990 оны ардчилсан хувьсгалын ачаар хаант төрийнхөө уламжлалыг шинэ агуулга, хэлбэрээр сэргээж бүх ард түмнээрээ сонгодог Ерөнхийлөгчтэй болсон билээ. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж нэн оновчтой тодорхойлжээ. Гэтэл шинэ Үндсэн хуулийн төслөөр Ерөнхийлөгчийг УИХ сонгодог болгохоор төлөвлөжээ. Ерөнхийлөгчийг бүх ард түмэн эхлэн сонгодог, УИХ батламжилж, тангараг өргүүлдэг ёсыг устгах нь байна. Монголын бүх ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог эрхэнд нь халдсан гэмт халдлага гэхээс өөрөөр хэрхэн үзэх вэ. Хэрэв Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохоо боливол Үндсэн хуулиас “Ерөнхийлөгч төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэсэн зүйлийг хасах хэрэгтэй. Үндсэн хуулийн суурь үзэл санаанд халдахгүй гэсэн яалаа. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийг ард түмний оролцоогүйгээр сонгодог болбол их хуралд олонхи болсон намын ерөнхийлөгч тодорно. Дарангуйлагч намын Ерөнхийлөгч гарч ирвэл Монголд ардчиллын үнэт зүйл алдагдаж өнгөрсөн зууны эхээр ардчиллын төлөө тэмцсэн Орост В.И.Ленин, Италид М.Муссолини, Германд А.Гитлер нухчин дарсан шиг юм болох вий. Харин Ерөнхийлөгчийг зургаагаас найман жилээр сонгодог саналыг хүлээн авч болох юм. Социалист систем гэж байхад Югословын холбооны улсад Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр сонгоно гэчихээд энэ заалт одоогийн Ерөнхийлөгч Броз Титод хамаарахгүй гэсэн шиг манай шинэчилсэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хамаарахгүй гэсэн ч яадаг юм. Ц.Элбэгдорж зүтгэлтэй, итгэлтэй ерөнхийлөгч, түүний ардчиллыг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр, Монгол Улсын гадаад олон улсын нэр хүндийг өсгөснийг нь үнэлэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *