Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Ногоон парламентын гишүүн Л.Оюунчимэг
Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Ногоон парламентын элч дуучин С.Баттулгын аялан тоглолт Архангай, Өвөрхангай аймагт амжилттай боллоо. Олон хүн “Баярлалаа” гэж хэлсэн. Орон нутагт жишиг болох эко цэцэрлэгт хүрээлэн бий болгоход хувь нэмрээ оруулж, С.Баттулга маань тоглолтын орлогынхоо 50 хувийг орон нутагт үлдээж байгаа юм. Орон нутагт ногоон байгууламж бий болгох анхны жишиг бүтээн байгуулалт хийхээр бид зорьж байна. Энэ ажил яаж эхэлсэн гэхээр энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр МБОИЗ, Ногоон парламентын нээлттэй хуралдааны үеэр Төв аймгийн Мөнгөнморьт сумын байгаль хамгаалагч Хурцаа гуай орон нутагт цэцэрлэгт хүрээлэн бий болгоё гэж санаачилга гаргасан юм. Эко элч дуучин маань нийгмийн филантропи (хүний төлөө сэтгэл гаргаж, хандив өгөх) сайн хийдэг хүн юм. Өмнө нь Улаанзагалмайн нийгэмлэгийн шугамаар хүмүүнлэгийн үйлсэд оролцож, хорих байгууллагуудад тоглолт хийж, олон хүнд итгэл найдварын гэгээ хайрласан юм билээ. Нийгмийг өөрчилье гэвэл нийгмийн филантропиг хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Хүмүүс бие биеэ заавал мөнгө төгрөгөөр бус сэтгэл санаагаар дэмжих, оюун санааны хандив үзүүлэх, нэг хүн эргэж хараад хоёр хүнд тусалж байвал нийгэм маш хурдан хөгждөг юм байна. 1800-гаад онд Эндрю Карнеги гэж нөхөр Шотландаас АНУ-д очоод, төмрийн үйлдвэрийн эзэн болж, маш их хөрөнгөтэй болоод “Их мөнгөтэйгөө үхэх нь шившиг” гэсэн үзэл санааг гаргаж ирсэн. АНУ даяар 2800 нийтийн номын сан байгуулсан байдаг. Энэ нь Америкт иргэний нийгмийн оюун санааны үндсийг тавьсан гэж үздэг юм билээ.
Бидний санал санаачилгыг ойлгож дэмжиж байдаг Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн байгаль орчны өдрийг Монголд тэмдэглэж эхлэхэд “Жишиг ногоон аймаг болно” гэж анхны илтгэл тавьж байсан Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Баясгалан нарт баярлалаа. Иргэншсэн нийгмийн гол үндэс ном эрдэм, ногоон орчныг бий болгож, амар тайван амьдралыг цогцлоодог юм байна.