Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Ц.Баттөмөр
Энэ нь “хууль хүчний байгууллагыг төрөөс ангид байлгаж байж хүмүүсийн эрх ашгийг хангах ёстой” гэсэн шинжлэх ухааны онолын зарчим алдагдсантай шууд холбоотой. Ялангуяа сүүлийн жилүүдэд, М.Энхболд УИХ-ын даргаар ажилласан 1,6 жилийн хугацаанд бүүр ч тартагтаа тулав. Зөвхөн би ч хэлээгүй. Монголын ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж, мэл хөхөрсөөр л.
Захын баримт сөхөхөд С.Зориг агсны хэргийг яаж шийдсэн болов. Ингэх нь хэнд ашигтай байв, хэний захиалгаар шийдэв. Бас Л.Гансүхийг олон түмний нүдэн дээр “Хүн нь байвал хэрэг нь хайчихав” гэдгээр шийдсэн. Энэ нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах захиалга байсан нь нэгэнт тодорхой болсон. Хүчингийн хэрэг ичгүүр сонжуургүйгээр гаарч ихэнх нь чимээгүй өнгөрөв. Ялангуяа УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбогдсон хэрэг хэвлэл мэдээллээр хэдэн сар хангалттай яригдсан. Өмгөөлөгчид хууль сахиулах прокурорын байгууллага баримтаар нотлоод УИХ-д түдгэлзүүлж өг гэж хүссэн талаар телевиз хэвлэлээр олон мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд нэгдүгээр сарын 3-нд телевизээр “Надад бичиг сэлт ирээгүй, бараг сонсож дуулаагүй” гэж мэдэн будилав.
Батын Хурцын асуудал хурц яригдсан. Тагнуулын газар Засгийн газрын мэдлийн газар, Засгийн газрыг УИХ тохоон томилдлог биш бил үү. Цаана нь нүд байсаар байхад нуухаар нь оролдоод үр дүн гарах уу даа.
Бид монгол нэг л болохгүй байна гэж олон жил ярьцгаав. Бас тогтолцоондоо байдаг юм гэж хичнээн ч жил оношлов. Ийм УИХ-тай, ийм спикертэй 2,5 жил тэвчих үү, гаргалгаа гарц байна уу.
Энэ УИХ-ыг тараах, ядахдаа М.Энхболдыг огцруулах л гарц байна. Энэ парламент Ерөнхийлөгчийн хориг,Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хурлын шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, сөрөг хүчний санал, түмний өргөдөл гомдол бүхнийг “Нохой хуцаж л бай, буга идээшилж л бай “ гэсэн чадсан юманд аргагүйгээр бас л 2,5 жилийг барах уу.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ