Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Монгол хэлээр зөв ярьж, бичихийн үндэс нь эх хэлээрээ сэтгэж сурах юм

Ахмад сэтгүүлч Ш.Цамбажав

Үг шиг хүчтэй юм байхгүй. Үгээр улс төр, нийгмийг босгож, унагаж чадна. Үгээр хүнийг алж, амьдруулж болно. Монголчууд сайн үг сарын хүнс, муу үг тэр өдрийн тээг хэмээн үгийн үнэ цэнийг маш ойлгомжтой хэлсэн байдаг. Үгийг сонгож хэрэглэнэ гэдэг том хариуцлага. Юу хэлэх гэж байгаагаа эхлээд бодох хэрэгтэй.

Дүрмээ дагахгүй бичиж ярина гэдэг хэлний мугуйдал болно. Монгол хэлээр зөв ярьж, бичихийн үндэс нь эх хэлээрээ сэтгэж сурах юм. Зарим хэвлэл мэдээллийн хэл, найруулга тун мөхсийн дээр өгүүлбэр бүхэн алдаатай байдаг. Тухайлбал, олон нийтийн телевизээр нэвтрүүлж буй зүйлийн хэл, найруулга, чанар чансаа бусад телевизийн үлгэр жишээ нь байх ёстой. Гэтэл МҮОНТ-ээр “Хүүхдийн 100 ортой, гурван хүүхдийн эмнэлгийн барилга барина”, “100 хувь үнээний цэвэр сүү”, “Та ямар ганган морио унаж гангардаг вэ?”, гэж ярьж, асуух жишээтэй. Мөн “Ийгл” телевизээр “Ерөнхийлөгчийн олгодог залуу эрдэмтэн” гэсэн нь залуу эрдэмтдэд олгодог Ерөнхийлөгчийн шагнал бололтой. Аман ярианы хэлэнд зохиомол, тодорхой утга санааг илэрхийлэх чадамжгүй, гаж үг, идэвхгүй хэллэг хэрэглэх нь ихэсжээ. Жишээ нь “аймар гоё”, “аягүй сайхан” гэсэн үгийг хэн хүнгүй хэрэглэж байна. “Амралтанд аягүй гоё байсан”, “Аймар сайхан санагдсан” гэнэ. Аягүй гэдэг нь тав тухгүй гэсэн санаа. Гэтэл ингэж ярихаар ямар ч утгагүй болж байна. Мөн хэлэнд орчуулж болохгүй гадаад зарим үгээр баяжих ёсон бий. Гэхдээ гадаад үгийг зөв, буруу хамаа бус хэрэглэх нь монгол хэлээ муу эзэмшсэний гэрч.

Эх хэлээ ядууруулах ажлыг бид хийж байна. Зөв бичиж, найруулах, ярих нь зөвхөн хэвлэл, мэдээллийн ажилтан төдийгүй бүх нийтийн алхам тутамдаа анхаарах онцгой асуудал. Сэтгүүл зүй хэмээх шинжлэх ухаанд шүүмж судлал ус агаар мэт хэрэгтэй учир энэ талаар тогтмол, тусгай хэвлэл гарах цаг болсныг молхи сэтгүүлч мунхаглан бодном.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН, О.ОРГИЛСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *