Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Манайд хийн түлшний нөөц хангалттай байгаа

Дархан уул аймгийн XII багийн иргэн өндөр настан Х.Ичинхорлоо

Хатуу, шингэн, хийн түлшний дотроос дулаан ялгаруулах чадвар сайтай, үнс, хаягдал бага, утаа нь өнгөгүй, хорт бодис бага, тээвэрлэхэд хялбар хамгийн бага өртөгтэй, цэвэрхэн нь хийн түлш байдаг. Тийм учраас байгалийн хийн нөөц ихтэй ОХУ-аас Ази, Европын орнууд хийн хоолойгоор хийн түлш авч хэрэглэхийг хичээдэг. ОХУ-аас БНХАУ-руу тавих хийн хоолойг манай улсын нутгаар дайруулахгүй нь нэгэнт тодорхой болсон болохоор айлаас эрэхээр авдраа уудалбал манайд ХИЙН ТҮЛШНИЙ хангалттай эх үүсвэр байгаа. Нефтээс гаралтай байгалийн хий одоогоор илрээгүй ч нүүрснээс гаралтай метаны орд Таван толгойн сав газарт байгааг Солонгосын мэргэжилтнүүд илрүүлээд олборлож нөөцийг нь нарийвчлан тогтоохоор туршилтын жижиг оврын үйлдвэр барьж байгуулаад ажиллаж байна гэж сонсогдсон.Үүнээс гадна коксжих чулуун нүүрс, чулуун ба хүрэн нүүрс, шатамхай занараас хийн болон шингэн түлш гарган авч болно. Эдгээр түлш манай эх орны өнцөг булан бүрт байгаа нь бидний аз завшаан билээ. Ялангуяа коксжих чулуун нүүрснээс кокс ялгаруулах явцад коксын шатамхай хий гардаг. Үүнийг коксын хий гэдэг бөгөөд үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг. Ер нь нүүрсийг коксжуулах явцад цэвэршүүлэгдсэн шатамхай хийнээс гадна нүүрсний давирхай, бензол мэтийн үнэт түүхий эд ялгардаг. Коксжих чулуун нүүрснээс гаргаж авдаг кокс нь төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн түүхий эд учраас урд хөрш маань манай Таван толгойн нүүрсийг кокс- химийн үйлдвэрүүддээ өгч кокс гарган авч төмөрлөгийн үйлдвэүүддээ өндөр үнээр худалддаг, түүнээс нь бид ч авч хэрэглэж байна. Кокс гэдэг хатуу түлш бол илчлэг өндөртэй, хөнгөн, тоосгүй, удаан хадгалагдах чадвартай, утаагүй, өндөр үнэтэй тул Ази, Европийн аль ч оронд экспортлох боломжтой, агаараар тээвэрлэх боломжтой гээд олон давуу талтай металлургийн түлш юм. Гэтэл Таван толгойн коксжих нүүрсийг түүхийгээр нь төр болон хувь байгууллага, хүмүүс уралдан урд зүг рүү автомашинаар зөөж үнэгүйдүүлж, байгаль орчноо сүйтгэж , уурхайг тал бүрээс нь хайр гамгүй ухан төнхөж, үүнийгээ төр, засгийн бодлого, зорилтоо болгож байгаа нь тэсвэрлэж болшгүй алдаа гэж ойлгох хэрэгтэй.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 89998856 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *