Өндөр настан Д.Дашдаваа
2000-аад оны эхээр шинэ тутам байгуулагдсан
хадгаламж зээлийн хоршоод(ХЗХ) хадгаламж эзэмшигчдэдээ өндөр хүү өгч, тэдэндээ таалагдаж,
банкуудаас ч илүү үр бүтээлтэй ажиллах болсон билээ. Зарим нэг муу, луйварчин хүмүүс
байсныг үгүйсгэхгүй. Хаа ч, юунд ч саар, муу юмнууд бишгүй л байдаг. Үүнийг ашиглан,
төрийн нэр барьсан тодорхой этгээдүүд ХЗХ-д руу довтолж, сайн ХЗХ-дын хөгжлийг зогсоох,
гол нь, хуримтлуулсан хөрөнгийг нь булааж идэх зорилгоор, 2006 оны хавар топ голдуу
26 тооны ХЗХ-г зориуд дампууруулж билээ. ХЗХ-дын жирийн хадгаламж эзэмшигч иргэд
үүнд огтхон ч буруугүй, тэд огт хохирох ч ёсгүй, тэднийг хохироохгүй байх боломжууд
ч бүрэн байлаа. Гэтэл төрийн уг ажилтнууд ХЗХ-дын хөрөнгийг идэж завшихын тулд,
иргэдийн болон ХЗХ-дын санал, санаачилгуудыг зориуд хүлээж авалгүй, боломжуудыг
ашиглалгүй, ХЗХ-дыг зохион байгуулалттайгаар дампууруулсан юм. Ингэж “төр” ХЗХ-дыг
зохиомлоор дампууруулж, тэдгээр ХЗХ-дын 8301 тооны хадгаламж эзэмшигч иргэний хөрөнгө
болох 72,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, бусад зүйлийг улсын үнэлгээний мэргэжлийн
комиссоор үнэлүүлж байгаад, ХЗХ-дын хөрөнгийг бүрэн, бүтэн бөгөөд баттайгаар хүлээн
авсан сан. Харин дараа нь төрийнхөн ХЗХ-дыг “трактор” гэж нэг муу сэг, “эксел” машин
гэж ганц эвдэрхий хаалга төрд өгсөн гэж гүтгэн, өөрсдийнхөө хийсэн хулгайг цайруулсан,
булзааруулсан ухуулгуудыг мэдээллийн хэрэгслүүдээр болон төрийн индрээс явуулж,
учрыг мэдэхгүй бусад иргэдийн тархийг эргүүлж, харин ХЗХ-дын хадгаламж эзэмшигчдийг
бол шуналтайгаасаа болж, ХЗХ-дын түр зуурын өндөр хүүд нь хууртаж, хамаг мөнгөө
ХЗХ-дод өгсөн гэж доромжлон, мэдэхгүй хүмүүсийн тархийг угаах ажиллагаа зориуд явуулсныг
нь хүмүүс одоо ч санаж байгаа байх. ХЗХ-дод мөнгөө хадгалуулсан гэмгүй энгийн иргэдийг
11 жилийн турш хохироож байна.
Ядахдаа өрх толгойлсон эмэгтэйчүүд,
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өвчин, зовлонтой, ядарч байгаа иргэд, 70, 80 настай
ахмадуудын мөнгийг нь даруйхан бүрэн өгчихөөч дээ.