Жалханз хутагт Дамдинбазар сангийн тэргүүн Ц.Эрдэнэбат
Хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хуулиар хатуу чанга шийтгэл оноож байж, хүүхдийн эрхийг хамгаалж чадна гэж би боддог. Хүүхдийн эрх сүүлийн үед маш их зөрчигдөж, сонсоход хирдхиймээр бусармаг хэргүүд их гарч байна. Тэдгээрийн талаар олон ч төрийн болон төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих болжээ. Төрийн бус байгууллагынхан “Хүүхэд асрах газар” олноор байгуулна гэж ярьж байгаа нь оновчгүй. Энэ нь нэгдүгээрт, хүүхдийг олноор нь гэр орноосоо дайжуулан эцэг эхгүй болгох эсвэл зарим эцэг эхчүүд биеийн амрыг бодон хүүхдээ асрамжийн газарт өгөх нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт эцэг эхгүй ийм хүүхдүүд хүний наймаа болон бусад хүчин зүйлийн золиос болох магадлалтай. (Саяхан “Хүүхэд асрах төв”-ийн хүүхдүүдийг Хятадад хүчээр ажиллуулж байсан шүү дээ)
Өнөөгийн эцэг, эхчүүд үр хүүхдээ бидний багад эмээ өвөө нарын сургадаг шиг, ярьж тайлбарлаж зааж сургахгүй байна. Миний дэвшүүлэх санал бол эцэг эх болж үр хүүхэд төрүүлж байгаа хүмүүст хариуцлага ноогдуулан, хүүхдийн төрсний гэрчилгээг авахад нь 0-18 нас хүртэл нь эрүүл энх, өсгөж бойжуулна, улмаар энэ үүргээ биелүүлээгүй бол шат шатны арга хэмжээ авах, мөнгөн торгууль, эцэг эх байх эрх хасах гэх мэт хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгуулж, гарын үсэг зуруулдаг болмоор байна. Эцэг эхтэй нь хариуцлага тооцдог хуулийн заалт сул учраас эх эцэг, төрүүлсэн үр хүүхдээ гудамжинд орхих, өөрөөсөө зайлуулж асрамжийн газарт өгчихөөд эрх үүргээ мартаад байх шиг байна. Хүүхдийн халамжийн төв нэмж барих шаардлагагүй юм. Зайлшгүй бүтэн өнчин харж хандах хүнгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг халамжийн төвд өгөх нь зөв болов уу. Хүүхдийг шашны үйлд татан оруулж бүүр цаашилбал хүний наймааны золиос болох асуудал ар араасаа гарч байна. Манай төрийн бус байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүүхэд, архидалттай холбоотой хуулийн санаачилга хүргүүлж байсан. Хүүхдийн эрх зөрчигчдөд Эрүүгийн хуулиар хатуу шийтгэл ногдуулж байж л хүүхдийн эрхийг хамгаална.
Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.