Ахмад сэтгүүлч Т.Рэнцэн
Төр түмний төлөө хулгана болтлоо зүтгэж байдаг болохоор чинь чамайг бусад эрхмүүдээс илүү эчнээ сайн танина.
…Хүдрийн нөөц дуусдаг, хүний муу дуусдаггүй гэдэг байх аа. Тэгэхээр чи Ерөнхий сайдыг огцруулах гэж гүйхийн хэрэг байна уу? Улс хоорондын гэрээ бүхэн алтан бороо асгаруулдаггүйг эрхбиш чи төсөөлөх биз ээ. Засаг солигдоход хэдхэн сар үлдээд байхад Ерөнхий сайдаа огцруулна гэж гүйхийн хэрэг юу билээ. Үлдсэн богинохон хугацаанд Ерөнхий сайд болсон хэн ч ажиллаж чадахгүй. Нүүдлийн шувуу, хоноц төдий болоод өнгөрнө. Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй Ерөнхий сайд ч залсан бай юу бүтээх билээ. Төр бужигнаж, түмэн олон үймэрч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид гэдийчихнэ гэдгийг мэдэж байгаа биз ээ. Ерөнхий сайдыг огцруулах гэж гүйхээ түр азна. “Яарсан нь хүрдэггүй, заяасан нь зайлдаггүй” гэсэн казах ардын мэргэн үг бий. Чиний эх оронч санааг зарим хүн дэвэргэн хөөргөж, сумаа хурцлан тавиулж, нумаа нуун дарах ил тод мэргэн арга сийлж байж ч болно. Тиймээс дохио зангаа өгсөн хүний амны хийгээр толгой дохисны хэрэггүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулах гэж гүйхээр ирэх сонгуульд тоос өргөх хөтөлбөрөө боловсруулж суусан нь дээр дээ. Сонгуулийн хор найруулсан, холимог системийн жорыг (намын жагсаалтаар үлдэхийг) үгүй хийхээр жиргэсэн нь хавьгүй дээр. Чи үнэхээр эх орончийн дуу хоолойгоор жиргэж байгаа бол “хор найруулсан жор”-ыг үгүй хийхийн тулд хулгана биш салхит шувуу болж нис.
Хор найруулсан намын жагсаалтыг
Хотол олон хүсэхгүй
Эрхэм гишүүнээ өөрсдөө сонгож
Энэрэлт төрөө ариун байлгая гэж айвуу тайвуу алхсаар саарал ордноо хэд тойрчих.
Ингэсэн цагт чиний бас нэгэн бухимдал тайлагдаж, ирэх оны их уралдаанд цойлон гарч, Сайханбилэгийн сандал ширээ ойрхон харагдаж юун магад…