Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөмөр
Ху угшилтай хоёр нам нэгэндээ хайр зарлаж, ахмад хөвгүүд нь дахин нийлүүлэх талаар захиа зурвас солилцоод сүйд майд. Эх баригчид нь мэдэгдэл сэтгэгдлээ илэрхийлээд л байна. Салаад дахин нийлсэн эр эм хоёрыг монголчууд үзэж чаддаггүй “Эргэж эргэж муг” гэж шоолдог заншилтай. Тэгэхдээ болохгүй нь юу байхав. Үндсэн болон сонгуулийн хуульд тусгагдсан асуудал. Харин миний бие цагийн сайхан, насны сортойдоо энэ намтай амьдрал холбож, цалгиж, цалин буухаар наргиж явсан хүний хувьд өөрийн үзэл бодлоо уралдуулах гэсэн юм. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн үг бий. Олон жил амьдарч байгаад, аргагүйн эрхэнд өрх тусгаарлачихаад, эргэж нийлснээрээ аль алиных нь рейтинг өсөх үү, шалдаа буух уу гэдгийг яаж тооцоолсон бол. Энэ тооцоог тэд тооцдоггүй сонгогчид тооцож дүн тавьдагт хамаг учир байгаа шүү. Хэдэн жилийн өмнө масстай байхдаа нэрэнд л хамаг гэм байна гээд жилжин яриа хөөрөө болж байж нэрээ сольсон. Хожим ялагдчихаад нэр солиод л бид буруудлаа гэж халагласан билээ. Бас дахин хэзээ ч нэгэн рүүгээ харахгүй, эмээлийн хоёр бүүрэг шиг байна гэж тангараг тавих аядаж, УДШ-д өргөдөл гаргаж, баталгаажуулсан. Ингэж олон жил гал-ус мэт явж ирсэн гээд бодох юм бага бус байгаа билээ. Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг МАН унагаагүй, АН-ын тэнэгүүд унагаж өгөөш бэлдсэнийг ард түмэн сайн мэдэж байгаа. Гэтэл Ху намууд АН-ын рейтинг жаахан савласан дээр нь нам цохиж, бялуу хуваах цээжний хонжоо хайж байгаа бол эндүүрэл. Эргэж нийлэх нь шинэчлэл яавч биш. Хүний тоо, хүчний асуудал болохоос цус сэлбэлт бас биш. Хүчээр нэгийг, оюунаар олныг дийлдэг философитой. Бодоход аль аль нь насны намраа эдэлж, юм үзэж нүд тайлсан хүн шиг, сонгогчдодоо үнэнээ хэлээд, буруугаа хүлээгээд дэм дэмэндээ 2016 оны сонгуульд орвол хэн хэн нь дор хаяж УИХ-д суудалтай нам байх боломжоо эс алдах билээ. Өнөөдөр XXI зуун. Монголын ард түмэн зах зээлийн ороо бусгаа, ололт амжилтыг ч биеэрээ туулж, нүдээрээ харсан. Ирэх сонгуульд халхын дөрвөлжин дээр хаана ч таван хүний гурав нь ардчилалд буюу түүнийг түүчээлж Монголын хөрсөн дээр буулгасан АН-д санал өгөх биз ээ. Монгол бүү хэл дэлхийд ардчилал, зах зээлээс өөр хоёр дахь зам гэж байхгүй. Хашир хүний хувьд сэрэмжлүүлэн үзэглэв. Авах гээхээр хандаж ажаамуй.
Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.