Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Буянтны буян нь арвижиж, дууриал нь дэлгэрэх болтугай

ЧД-ийн XVII хорооны өндөр настан, гавьяат багш Я.ДҮГЭР

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод эрхэм баз дүү Довчин овогтой Төрмөнх хайрт хань М.Өөдөөгийнхөө гэгээн дурсгал, хойчийн буянд зориулан өөрийн хөрөнгөөр бурхны шашны гэр дуган босгож, 2017 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу Монгол бахархлын өдрөөр нээлтийг нь хийсэнд туйлын ихээр баярлаж, бахархаж сууна. Өдий болтол Өлгий хотод бурхан шашны ном хурах, зан үйл бэлдэх байр савгүй явж ирсэн тул бурхны шашны номд боловсорсон лам хувраг тогтдоггүйн дээр, тэдэнд ямар ч амьдрах нөхцөлгүй байснаас сүсэгтнүүд хэрэгцээ шаардлага гарсан үед зэргэлдээх Увс, Ховд аймгууд руу лам залахаар оддог байсан цаг ийнхүү ард хоцорчээ.

Өмнө нь, Өлгий хотод хүмүүс бурхны шашны номын өргөө босгох газар удаа дараа авсан хэдий ч газрыг худалдсан зэрэг “дэмий явдал” гарч байжээ. Уг дуган шинээр боссон Рашгэмпилин хийдийн хашаа өдий болтол ийн эзгүй, цулгай байсан юмсанжээ. Д.Төрмөнх энэхүү үйлийг сэдэхдээ ханийнхаа дурсгалыг мөнхжүүлэх гэхээсээ олон түмэндээ ямар нэгэн үлдэцтэй зүйл хийхээр шийджээ.

Энэхүү буяны үйлд хүү Т.Өнөрбаян, бэр Ж.Сэлэнгэ нар нь эхнээс аван оролцож, ах дүү, нутгийн зон олон ч сэтгэл гарган хүчин зүтгэснийг дуулж та нартаа талархаж сууна. “Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” гэж үг бий. Уран гартай, барималч, сийлбэрч унаган авьяастай багш мэргэжилтэй Д.Төрмөнхөд тэр бүхэн байжээ. Д.Төрмөнх маань “Олны хүч оломгүй далай”гэдэг үнэн юм байна, ах дүүс, нутгийн зон олон маш их тус боллоо. Тэдний ач буяныг хэзээ ч мартахгүй” гэж байна лээ. Бүр казахууд хүртэл тус дэм болж урмын үг хэлж та нар эрх биш нэг ийм сайхан газартай болох цаг ирсэн” хэмээлдэн баярлаж байсныг хэлж байна лээ.

Энэ гэр дуган Баян-Өлгийн нийгэм, соёлын амьдралд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын бурхны шашинтны тэргүүн Чойжамц хамбатны бие төлөөлөгч дуганы нээлтэн дээр “Цөвүүн цагийн шуурганд өртөн үгүй болсон ардчиллын ариун салхинд сэвэлзсэн 1990 оноос газар сайгүй нээгдэж, “сэтгэлээр цангасан” түмнийг хөдөлгөж, хөгжөөж, мөн хөгсөөж байсан тэр цагийг өнөөдөр Өлгий хотод болж байгаа энэ явдал санагдуулж байна” хэмээсэн нь үнэхээр оносон үг байлаа. Баян-Өлгий аймгийн монголчуудын хүсэл ийн биелж, тэд чухам “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” дуганы нээлтэд ирж, Гандан хийд, Амарбаясгалант хийд болон Ховд аймгаас зорьж очсон 30-аад лам хувраг нэгэн зэрэг ном айлдахыг сонсч, сэтгэлээ ариусгах сайхан завшааныг эдэлжээ. Миний хувьд Д.Төрмөнхийн сэдэж бүтээсэн энэ үйл хэрэг эвийн хүчийг өөрсдөд чинь таниулсан, хамгийн гол нь бусдад сайхан дууриал болсноороо давхар ач холбогдолтой үйл явдал хэмээн үзэж байна.

“Өдрийн сонин”ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *