СБД-ийн иргэн Б.Пүрэвдэмбэрэл
Манай улс дэлхийд эхний аравт багтах газрын баялагтай улс. Үүнийг хэн хүнгүй л мэднэ. Мөн боловсролын түвшингээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Хамгийн том газар нутагтай, цөөхөн хүн амтай улс бол Монгол. Аугаа түүх, ардын соёл, амьдрах ухаан ихтэй л хүмүүс. Гэвч яагаад өдий XXI зуунд бид дэлхийн хөгжлөөс хорин алхмын зайд орхигдов оо. Хамгийн олон малтай хэрнээ бид өлсдөг. Хамгийн том газар нутагтай хэрнээ бидэнд аз жаргалтай амьдрах алга дарам нутаг олддоггүй. Хамгийн цөөхөн хүн амтай хэрнээ хэдхэн гэр бүл л баян. Хамгийн их байгалийн баялагтай улс хэрнээ өртэй. Үүний учрыг үнэхээр ойлгохгүй юм. Бурхан манай улсаас алт авах уу, ухаан авах уу гэхэд нь алтыг нь сонгочихсон юм шиг л хошин санагдаж байна. Яагаад бид ийм ядуу байгаа юм бэ, эрх баригчид аа. Яагаад бид ийм хүлцэнгүй юм бэ, ард түмэн минь. Яагаад. Өнөөдөр манай улсад хүний хөдөлмөрийг зүгээр л мөлжиж байна. Өгч байгаа цалин нь үнэхээр инээдэмтэй. Банкны зээлийн хүү өндөр, ирээдүйдээ итгэлтэй, зорилготой байх боломж бидэнд байна уу. Аль нэг даргын цүнхийг барьсан хүн л сайхан амьдарч байх шиг. Яахав ээ бор зүрхээрээ амьдралаа болгож байгаа хүн бий л дээ. Бид амьдарч буйгаасаа ч илүү аз жаргалтай, сайн сайхан амьдрах боломжтой. Гэтэл хичнээн хөдөлмөрлөөд ч санасан амьдралдаа хүрч чадахгүй байна. Үүнд төр засаг буруутай. Улс төрийн нам буруутай. Улстөрчид буруутай. Энэ хүмүүст дургүй хүрч байна. Ард түмний тэвчээр туйлдаа хүрсэн гэдгийг сануулмаар байна. Бүгд л их гэмгүй царайлж, нэг л их ард түмэн, улс эх орноо бодсон гэх худлаа дүр эсгэсэн луйварчид. Нам доторх, ордон дундах сандал суудал, нэгнийхээ хулгай, луйврыг л хоорондоо ярьж хэрэлдэхээс өөр ид шидгүй лууснууд. Та нар одоо болно. Монголчууд гурван зуу биш. Эх орон, ард түмнийхээ амьдралыг нэг бодох цаг нь болсон юм биш үү гэж дахиж хэлэхгүй ээ. Одоо ард түмний тэвчээр алдагдсан. Бид тэвчсэн. Залуучуудад ямар ч боломж харагдахгүй байна. Бид зөв сайхан амьдрахыг хүсч байна. Хуулиа дээдэлж, эрх тэгш байлгахыг хүсч байна. Уг нь гуравхан сая хүн шүү дээ. Тийм байхад сайхан амьдруулах боломж бүрэн бий шүү дээ.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН