Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хээрийн хууль (II)


Түрүүч нь 186(6552), 192(6558) дугаарт

Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан хөгжөөн, наргиантайгаар өгүүлсэн энэ ном саяхан хэвлэлд шилжиж байгаа аж.


ТАВ. БОЛНО, ГЭХДЭЭ БОЛОХГҮЙ

Хошин урлагийн “Х түц” хамтлагийнхны нэг хөөрхөн шог байдаг юм. Төрийн байгууллагаар дамжин жижигхээн юм хөөцөлдөж буй өвгөн (жүжигчин Аглуу) гарна. Төрийн албан хаагч хүүхэн (жүжигчин Бархүү эмэгтэй дүрд тоглодог) уулзах тоолонд нь шинэ шинэ шалтгаан зааж буцаана. Үүнийг мэдсэн хашир өвгөн шаардаж магадгүй олон юмыг нь давхар бэлдээд ирэх боловч ажилтан заавал нэг юм олно доо. Төр иргэн хоёрын хооронд дараахь яриа өрнөнө.

-Та энэ төрсний гэрчилгээндээ баталгаа аваад ир!

-Аваад ирсээн. Миний төрсөн сумын захиргааны бичиг энэ байна аа.

-Наадах чинь хүчингүй ээ. Сумын иргэд нь таныг тэнд төрснийг батлах ёстой.

-Батлуулаад ирсээн. Манай сумын бүх хүний гарын үсэг энэ байна аа.

-Бас л биш байна. Таныг төрөх үед байсан бүх хүний гарын үсэг хэрэгтэй.

-Тэдний ихэнх нь нас барсан шүү дээ, яах вэ?

-Тэднийгээ “Нас барсан” гэсэн бичиг аваад ирэхэд тийм хэцүү байна уу?

Энэ мэтээр албан хаагчийн шинээр шаардах баримт бичиг, боох, саатуулах санаа дуусна гэж үгүй.

Хошин шог бол бодит амьдралын толин тусгал учраас хүмүүс инээдэг. Огт байхгүй зүйлийг шоолох аргагүй. Дээр шоглолын ажилтан (Бархүү) бол өөрийгөө “би бол хууль” гэдгийг харуулж, тэндээсээ нүүдэлчний таашаал авч буй хэв шинжит дүр. Хуулийн дээгүүр гарч, доогуур шургахаас гадна, өөрийгөө хуулин дээр нэмж өөрийгөө илэрхийлэх хэлбэр. Хүнд суртал хэмээх сонгодог ойлголтоос өөр юм ярьж байна шүү.

Үнэхээр, манай дунд шатанд ажилладаг, ялангуяа зөвшөөрөл олгох, шалгах эрх бүхий ажилтнуудын иймэрхүү“боолт” нийгмийг маш их бачимдуулдаг. Үүнийг, авлига нэхэж буй хэлбэр гэж үздэг нь үнэний хувьтай ч өөр шалтгаан нь өөр. Авлигаас илүүтэйгээ өгч байгаа таашаал нь нүүдэлчний өөрийгөө илэрхийлэх, престижээ харуулах явдал. Хууль тогтоогчид “Хууль ямар хамаатай юм бэ” гээд дээгүүр нь алхаж өөрийгөө бататгадаг бол дунд шатны албан хаагчид “Би бол хууль дээр нэмэгдсэн дүрэм” гэдгээ мэдрүүлэхийг хүсдэг. Тэрнээс биш цөмөөрөө л авлига нэхээд, гар хараад байгаа юм биш.

Монгол төрийн зарим албан хаагчийн хувьд иргэний хэргийг шууд шийдээд өгөх нь нэг гомдолтой, албан тушаалаа ч хүндлээгүй юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Иргэнийг ч нэг удаа буцаахгүйгээр, нэг ч юм нэмж шаардахгүйгээр хэргийг нь бүтээгээд явуулбал төрийн албыг хэтэрхий хөнгөнд оруулж байгаа мэт гоморхолтой. Төр бол хүнд суртал мөн, төрийг ч хүнд суртлаар дамжуулан илэрхийлдэг ч үнэн. Гэхдээ төр дээр албан хаагчийн өөрийн илэрхийлэл,оршин буйн баталгааг нэмэхээр хэцүү болоод байгаа юм. Энэ бүхэнтэй тулж бачимдсан иргэн гүйж гараад, урсгал сөрөн улаан гэрлээр сэм гарч “өөрийгөө бататгаад” дотор цэлмэн цааш одно.

ЗУРГАА. БОЛОХГҮЙ, ГЭХДЭЭ БОЛНО

1983 оны намар оюутны амралт дуусгаад хот руу буцах гэтэл онгоцны билет олддоггүй долоо хонолоо. Сургуульдаа буцаж буй олон зуун оюутан дээр ажил хэргээр Улаанбаатар орох хүмүүс нэмэгдээд тэр. Хуваарь ёсоор 50 хүний суудалтай Ан-24 онгоц өдөр бүр нисэх боловч нэмэгдэл рейс гарвал газар дээр нь билет бичээд суулгана гэх тул бүгд онгоцны буудал дээр өнжинө.

Аа тийм, иргэдийн орон нутгаас гарах зөвшөөрөл, албан томилолтыг шалгаж байж тийз бичнэ.

Харин оюутнууд бол “Оюутны үнэмлэх” нь түүнийг орлох боловч хүн бүр нэг шуудайгаас доошгүй өвс түүж тушаасан бичиг заавал авчрах ёстой болов. Аймгийн захиргааны шийдвэр гэнэ. Бүх хүн, нэгдлийн мал сүргийг өсгөхөд хувь нэмрээ оруулах ёстой. Хувь нэмэр оруулж байгаагаа өвс зулгаан нотлох үүрэгтэй.

Манай голынхон л гэхэд Завхан голын Цагаан булан, тэр хавийн жижигхэн арал, Уртын хавцал гэсэн хоёр гуравхан газраас л хадлан авдаг. Өөр хадаад авчихаар өвс ургасан газар үгүй тул энд тэнд ургасан уртхан өвсийг зулгаан шуудайлна. Ийм учраас “өвс түүх”, “өвс зулгаах” гэж их ярина.

Өвс зулгаах ч яахав, гол нь онгоц буудлаас тийм шийдвэр гарахыг мэдээгүй учраас бичиг бэлдсэнгүй. Ер нь, амарч яваа оюутнууд нэг их өвс зулгаадаг ч юм биш. Сумын нарийн бичгийн дарга, эсвэл бригадын дарга дээр очоод нэг тийм бичиг хэрэгтэй байна гэхэд,

-Уг нь бол хууль номд харш шүү. Гэхдээ яахав, чамайг бодоод хийгээд өгье л гэнэ. Ном сайн сураад, эх орондоо ихийг бүтээн, энэ мэт бичгээ харамлаагүй нам төрийн ачийг хариулаарай хэмээн захих нь ч бий.

Залуучуудын эвлэл, Улаан загалмайн хорооны бичиг байсан ч болно. Учир нь бүгдээрээ хадлан бэлдэхэд оролцох үүрэгтэй, хэн нэгэн түүсэн өвсөө тэдний шугамаар тушаагаа л биз.

Энэ удаад манай сумын баахан оюутан өвсний бичиггүйгээс онгоцонд сууж чадахаа болиод ар гэр лүүгээ хэл өглөө. Удсан ч үгүй, замын хүнээр дайж явуулсан дугтуйтай зүйл бидэнд ирлээ. Бэлэн бичиг биш ээ. Нэгдлийн болон мал аж ахуйн бригадын даргын тамгатай баахан хоосон бланк хуудас ирсэн дээр бид өөрснөө бичиг зохион үйлдээд тийзээ бичүүллээ. Би ч гэсэн “Тодорхойлолт: МУИС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутан Цэнддоо нь хоёр шуудай өвс зулгаан тушаасан нь үнэн” гээд гарын үсэгний оронд сараачлаа. Ер нь сайн гарын үсэг бол сараачмал байдаг биз дээ.

Иймэрхүү “Уг нь хууль номд таарахгүй зүйл. Гэхдээ чамайг бодоод зөвшөөрч байна” гэдэг бол тал нутгийн хуулийн зарчим. Зарчимгүй, хүн муутай этгээд л нүүдэлчний оршихуйд харштай, гадаад гүрний тулган батлуулж, албадан мөрдүүлсэн хуулийг яг таг хэрэгжүүлдэг аж.

ДОЛОО. “ХЭРЭГТ ДУРТАЙ” ХҮН

Монгол “хэлний хэрэгт дуртай хүн” хэмээх томьёлол өөрт хамаагүй юманд ороолдож явдаг, ер нь л өөдгүй этгээдийн нэр юм. Гэхдээ авгай хүүхний хэрүүлд хутгалдаад явчихдаг хэмжээний хүнийг ч хэлдэггүй. Хууль дүрэм зөрчигдөж байгааг сайн дураараа мэдээлдэг, хуулийн хүрээнд бусдыгаа амьдруулахыг хичээдэг л хүний хоч байгаа юм. Эрүүл, иргэншсэн нийгмийн бол хэв шинжит дүр л дээ, уг нь бол.

Малчин ардууд, “хэрэгт дуртай” хүнээс их цэрвэж, хэрэгт дурладаггүй этгээдийг бол машид хүндэлнэ ээ. Хууль биелүүлэхийг шаарддаггүй, дүрэм зөрчигдөж байгааг хараад нүдээ анидаг бол олны хайрыг хүлээнэ гэсэн санаа.

Миний багад, малчид наадмаар өөр өөр зорилготойгоор гурав хуваагдан хэргээ бүтээдэг байв. Хамгийн эхэнд сайн морио унаж, сайхан дээлээ өмсөөд наадам үзэж цэнгэх хүмүүс. Энд залуус охид голлоно. Харин дараагийн хоёр нь сумын дарга нар, нам эвлэлийн хариуцлагатан нар болоод Нийгмийг аюулаас хамгаалах Яамны аймаг дахь хэлтсээс суманд суудаг төлөөлөгч нарыг наадамдаад, хээр талд “хууль эзгүйрэх”-ийг анасан хүмүүс.

Долдугаар сарын аравдаар тарвага тарга авч, анчдын ярьдгаар “элэг нь цайх” тул боодог хийхэд яг таардаг үе. Тарвага алахыг хориглодог байсан юм биш. Тухайн үед олон мянган тарвага агнаж, арьсыг нь Зөвлөлтөд гаргах ба хатуу төлөвлөгөөг гүйцээхийн тулд насанд хүрээгүй хүүхдийг ч ан агнуурт татан оруулдаг байсан цаг. Гэхдээ, тарвагагыг арьс үс нь ургаж гүйцэхээс өмнө агнахыг буюу 8 сарын 15-наас өмнө агнах, мөн Зөвлөлтөд гаргадаг үнэт түүхий эд болох арьс үсийг нь түлж устгах нь гэмт хэрэг байв.

Иймээс тарваганы хорхойтнууд наадам үзэж бөх морь харсанд орвол уулын хярд гарч боодог хийхийг илүүд үзнэ. Боодог хийж байгаа этгээдүүд уулын хяр дагадаг нь бас учиртай. Тэднийг түүдэг галын утаагаар нь илрүүлэхээс сэргийлж байгаа арга. Энэ аргыг мэдэхгүй хүн бол нөмөр газар гал асааж, бөөн утаа май тавиад өөрийгөө илчилж мэднэ. Хяр газар түлсэн гал унгасах гэж баагихгүй, салхинд үлээгдэн агшин зуур дүрэлзэх тул утаа гардаггүй юм.

Хууль эзгүйрсэн зайг ашигладаг өөр нэг шалтгаан бол цэвэр аж төрөл, ахуй амьдралын хэрэгцээнээс урган гарсан зүйл. Улсын төлөвлөгөөнөөс давсан ноосоо атга чимхээр жоорлосоор байгаад сэмхэн эсгий хийж, гэрийн бүрээсэндээ “хууль бус”-аар нэмэрлэх малчид энд орно. Яалт ч үгүй, социалист хууль ёс, коммунист хүмүүжлийн таван зарчмыг хөсөрдүүлэн гэрээ дулаалсан явдал.

Нам засгаас малын бүхий л ноосыг улсад тушаах үүрэг тавьдаг байлаа. Ноос, ноолуур, сүү, үс хялгасны гарцыг дундажлан гаргаад, түүнийгээ заавал улсад тушаахыг үүрэг болгоно. Хариуцан маллаж байгаа нэгдлийн сүргээс гадна аминд байх лимиттэй хэдэн малд ч энэ үүрэг тэгш ногдоно. Ухаандаа, таны монголсох зан гэнэт гижигдээд хурдан морь худалдаж авлаа гэхэд жил бүр, түүнийхээ хөөврийг самнаж, дэл сүүлнээс хярган тушаах үүрэг хүлээх ба эс биелүүлбэл торгохоос эхлээд хуулийн хариуцлагад татагдана гээд ойлгочих.

1960 онд бүх өмчийг улсад хураахаас өмнө хувийн малынхаа ноосыг дутаасан хүнийг 10 жил хүртэл шоронд хорьдог байсныг бодоход “хүнлэг энэрэнгүй” социализм болоод байсан цаг шүү дээ, ХХ зууны далаад он бол.

Өгсөн төлөвлөгөөнөөс илүү ноос хяргавал яах вэ гэж үү? Авч үлдэж болохгүй, нэмж тушаагаад “баярын бичиг”-ээр шагнуулах үүрэгтэй. Ийм учраас малчид төлөвлөгөөнөөс илүү гарсан ноосоо хадгалах, хувиараа эсгий хийж гэрээ бүрэх нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд орж байсан юм. Хэрвээ чи эсгий хийж байгаа бол ноосоо бүгдийг нь улсад тушаагаагүй гэсэн үг.

Гэвч, улсын үйлдвэрт хийдэг “Комбинат эсгий” буюу бор эсгий нь ховроос гадна, юуны ч юм бэ хялгасаар дүүрэн, маш хүнд жинтэй. Сумын худалдаанд өдрийн од шиг ховор ирдэг бор эсгийг жаатай нэг нь авна. Ийм болохоор малчид аргагүйдэн эсгий хийдэг байжээ.

Тэр жил Өвөр Хөндлөнд зусч байсан арваад айл наадмын хоёр өдрийг таширалдуулан эсгий хийхээр явлаа. Дээд тал нь туурганы, уруудаад өрхний, арга ядахад тохомны эсгий хийх ноосоо нийлүүлээд замаас зайдуу Мянган хэмээх том уулын хяр өөд, Хярын зуслан гэдэг газар луу явлаа. Хуулийн ойлголтоор бол бүлэглэн үйлдэж буй гэмт хэрэг юм даа. Хоёр өдрийн дараагаар уулнаас буухдаа баяртай бас айдастай ирцгээлээ, манай голын “гэмт хэрэгтэн” нар.

Эсгий сайхан болсон нь баяр хөөрийн шалтгаан аж. Харамсалтай нь, Дүгэрсүрэн дарга яг ороод ирж гэнэ. Бөөн айдас байвч, “Дүгэрсүрэн дарга хүн сайтай”, “хэрэгт дуртай хүн биш” гэсэн хоёрхон тодорхойлолтоор сэтгэлээ зогоосон улс.

Дүгэрсүрэн гуай бол манай голынхныг нэгтгэсэн Соёл бригадын дарга юм. Миний анх харсан, ер нь тэр үед сумандаа ганц байсан авагддаг хиймэл шүдтэй хүн. Олон хүүхэдтэй, тэднийх нь заримтай би найзалдаг, гэм халгүй байрын л хүн л дээ, уг нь.

Дүгээ дарга юугаа хийж явсан юм бүү мэд, аягүй бол хэн нэг нь түүнд “Өвөр хөндлөнгийн хэдэн айл эсгий хийх гээд байх шиг” хэмээн халуун хошуу өргөсөн ч байж мэднэ. Халуун хошуу өргөх гэдэг нь хошуугаа хүний чихэнд ойртуулан, халуун амьсгаагаар төөнөн байж хов зөөхийн нэр юм. Эсвэл, мань шал өөр юм бодсон ч байж магад.

Дүгэрсүрэн дарга тэдэн дээр ирээд мэнд ус мэдэлцсэнээ, баахан хүрлийж байгаад,

-Ноосны төлөвлөгөө биелсэн үү гэж асууж, нөгөөдүүл нь,

-Биелсээн, дарга аа хэмээн хоороор хариулж.

Дарга мөн л хүрлийж байснаа,

-Энэ жилийн ноос бэлтгэх төлөвлөгөө давахаар байгаа юу,

-Давуулна аа дарга аа хэмээн хоолой нийлүүлж. Дарга нэмж үг хэлэлгүй, хүрлийсээр яваад өгчээ.

Манайхан тэр явдлаас хойш даргыгаа “Хэрэгт дурладаггүй сайн хүн” хэмээн магтаж, үгэнд нь орно гэж жигтэйхэн болов. “Ноосны төлөвлөгөө давуулна биз дээ” гэхэд нь хонь таргалаагүй, ноос хөөрөөгүй гэхчлэн шалтаг заахын оронд “Давуулна аа дарга аа” гэлцэнэ. Ер нь арга, баширтай Дүгэрсүрэн гуай, эсгий хийх сураг дуулаад, үгэнд ордоггүй хэсэг нөхдийн чихийг зөөлөн болгох гэж хийсэн ажил ч байж мэднэ. Энд хэрэглэсэн “Зөөлөн чих” бол ямар нэгэн юманд буруутаж, чихээ мушгиулах шийтгэл хүлээсээр байгаад өнөө муу нь элдүүр аваад зөөлөрсөн гэсэн үг юм. Байн байн шийтгүүлсээр хаширсан нэгэн ажгуу.

Дүгээ дарга шиг хэрэгт дурлаад явдаггүй хүн ч олон, эсрэгээрээ хэрэг олж дурлаад болдоггүй нь ч байх, манай тэнд.

Далаад онд манай суманд малын бага эмч ажилтай нэгэн шилжиж ирлээ. Улаан доктор гэж хүмүүс дуудах. Улаан доктор хатуу ундаанд дуртай, халамцуухан үедээ мал нь өвдөх байтугай, өвдөх малгүй айлаар хэсч явах нь элбэг. Тэр үед суугаад уух газар ч, тэгдэг соёл нь ч хаа байлаа. Хэнбугай ч болов жаахан халамцахаараа л “Тэднийд ганц шил юм байж магадгүй”, “Эднийх ч надад ганц юм гаргавал гаргах л айл даа” гээд бие биенээ хэсүүчлэх тул гайхах ч юм биш.

Харин Улаан доктор зүгээр айл хэсэхгүй, үзэл суртал сахиулах ажил хийж, хөгшчүүлийн бурхан шүтээн, зул хүжээр оролдож зовооно. Далаад онд социалист үзэл санаа ерөнхийдөө ялаад одоо коммунизмд шилжих цаг болсон гэж үзэж байсан юм. Ийм учраас нугалаа завхрал гайгүй, Соёлын довтолгооны эхэн үе шиг настайчуудын бурхан шүтээнтай дайтах нь багасаад байсан цаг. Хуучны хоцрогдсон нэг эмгэн хоймортоо Буддагийн сувенир тавьсан мэт л хараад өнгөрчихдөг байж. Гэтэл, Улаан доктор манай эмээг маань оролдож зовоогоод байх болов. Хувьсгалчдаас ч илүү сонор сэрэмжтэйгээр шашин шүтсээр ирсэн эмээ маань, “улаан” докторын айсуй бараанаас бурхнаа нуучих боловч зулаа яаж ч чаддаггүй байжээ. Асч байгаа зулаа үлээх нь бүү хэл сэвж далдичуулахын нүгэл гэж үзнэ. Ингээд өөдсөн чинээ бяцхан зул Бурхан нь эзгүй хойморт сүүмэлзэн үлдээд эзнийгээ хэрэгт хийн алдана даа.

Мөнөөх согтуу маркист чинь зүгээр явчихгүй.

-Содномдамба гуай та зул өргөж болохгүй. Зул өргөж байгаа хайран шар тосоо өөрөө уух хэрэгтэй гэхчлэн дүрэмдэн, бараг л миний нүдэн дээр уугаадах гэх нь холгүй.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *