Өнгөрөгч баасан гаригийн 12 цаг 10 минутын орчимд Таван толгойн сургалтын төвд байсан цэргийн албан хаагчдад иргэд хандаж, сургалт болж байгаа газраас баруун зүгт нутгийн хоёр иргэн тэсрэх зүйлд өртсөн тухай мэдээлжээ. Цэргийн албан хаагчид уг газарт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын III багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтай, тус багийн иргэн 48 настай Т ар нуруундаа шархадсан байдалтай байсан аж. Эмнэлгийн анхан шатны тусламжийг нэн даруй хүргэж, цэргийн төв эмнэлэгт иргэн Т-г хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хоёр, гурав хоногийн дараа эмнэлгээс гарах юм байна.
Тухайн үед үүссэн нөхцөл байдлын талаар иргэн Т хэлэхдээ “Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ийм зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй” гэсэн байна.
Болсон үйл явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллага ажиллаж байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл, яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг судалж байна.
Иргэн Н-ийн тэсрэх зүйл олсон газар нь Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км газарт байрлах бөгөөд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нутагт багтах хэсэг аж.
Мөн өдөртөө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзан, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн дэргэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл сонссон юм.
Энэ өдрүүдэд Таван толгой дахь хээрийн сургалтын төвд дэлхийн 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцсон “Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болж байгаа. Жил жилийн олон улсын сургуулийн үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг гэдгийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцолжээ.
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд “Хааны эрэлд” арга хэмжээнээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр сургалт хийсэн. Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” хэмээн мэдээлсэн байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа цагдаа хүчний байгууллагын дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцлагын асуудал тооцно гэж мэдэгдээд буй.