Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэдэн малаа хил рүү туух нь хэнд ашигтай вэ

“Махны экспортыг нэмэг­дүүлж төсвийн орлогыг нөхөх боломжтой” гэж сүүлийн үед ярих боллоо. Үнэхээр махны экспорт уналт нь ёроолдоо тулсан эдийн засагт валютын орлого оруулах боломжтой юу. Дотоодын махны хэрэгцээ, хангамж ямар байна. Амьд малын экспорт хийх нь монголчуудад ашигтай юу гэсэн асуудлаар “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” булангаараа хөндлөө. Бид хууль хяналтын байгууллага болон Монголын мал аж ахуйн болон махны салбарынхан гээд холбогдох газрынхантай уулзаж энэ талаар нэхэн сур­вал­жиллаа.

“Гадны хошуунд эм мал бүү гарга” гэсэн То-Вангийн сургааль бий. Гэтэл сүүлийн үед Хүнс, хөдөө аж ахуйн яам үржлийн малны экспортын зөвшөөрөл мэр сэр олгож байгаа дуулдах болов. Хажуугаар нь урд хөрш рүү зүүн аймгаар амьд адуу гаргах хууль бус бизнес өнгөрсөн хавраас цэцэглэх болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын зүгээс манай талаас дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах авах сонирхлоо илэрхийлсэн ч ажил хэрэг болоогүй байгаа. Харин амьд адуу урагшаа гарсаар байгаа аж. 2011 онд урд хөрш рүү 1000 хүртэл тооны адуу хөлөөр нь гаргах зөвшөөрөл олгогдож, заасан тооныхыг ч гаргажээ. Үүнээс хойш хууль бусаар хулгайн замаар гаргах явдал гаарсаар байна. Тухайлбал, Бичигт, Ховдын боомтоор адуу гарсаар бай­гаа. Ийм мэдээлэл ч ир­гэд, олон нийтийн зүгээс их ирдэг. Харин таслан зогсоож чадалгүй өнөөдрийг хүрсэн байх юм. Нэгэн баримт сөхье.

Өнгөрсөн тавдугаар сард 350 тооны адуу Бичигтийн боомтоор хууль бусаар гарсныг холбогдох газрууд илрүүлсэн. 2011 оноос хойш амьд адуу гаргах зөвшөөрөл албан ёсоор олгогдоогүй байхад ийм бизнес хууль бусаар хил дагуух газруудад гарсаар байна. Дээрээс нь зүүн аймгаас урагшаа гаргах адууг орон нутгаас нь 700 мянган төгрөгөөр худалдаж авсан атлаа гаалийн үнийн мэдээлэл дээр нэг адууны үнийг 325 ам.доллар гэж мэдээлсэн байх жишээтэй. Үүнийг өнөөдрийн 1900 ам.дол­лараар тооцоод үзэхээр 700 мянгаас ч бага тул ингэж ашиг олно гэж байхгүй нь харагдах биз. Энэ нь юуг харуулж байна вэ. Монголчууд ноос ноолуур, арьс ширэн дээрээ хятадуудын гар хөл болж, тэдний захиалгаар, мөнгөөр нь хөдөлдөг байсан шигээ амьд адууг ч авч өгдөг болсон уу гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж буй юм.

ХЯТАДУУД МОНГОЛЫН АМЬД МАЛЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТОМООХОН ТОГЛОЛТ ЯВУУЛАХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ

Хэрвээ энэ хууль бус бизнес даамжрах аваас хэтрүүлж хэлбэл Монголын гуравхан сая адуу удахгүй дуусах аюултай. Хятадууд манай ноос ноолуур, арьс ширийг хэрхэн үнэгүйдүүлж авдаг байлаа. Тэрэн шигээ дуртай үнээ хэлж, амьд малын зах зээл дээр томоохон тоглолт явуулж болохыг үгүйсгэх аргагүй. Монгол Улс нэг үе урд хөршийн түүхий эдийн бааз суурь болж байсан бол өдгөө амьд малаа бөөн бөөнөөр нь “алдахад” хүрч болзошгүй юм. Ийм байтал зарим нэг хүн “Монголын мал 60 саяд хүрч өслөө. Тиймээс мал хөлөөр нь гадагшаа гаргах ёстой” гэж ярих боллоо. Хэд хоногийн өмнө Б.Чойжилсүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд ийм саналыг Засгийн газарт тавьсан байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн пүрэв гаригт МАН-ын зүгээс олон нийтэд ханддаг “Морин цаг” нэртэй ээлжит мэдээллийнхээ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Телейхан нар мал хөлөөр нь гаргах хэрэгтэй байна” гэж мэдэгдэв. А.Телейхан гишүүн “Хөдөө орон нутгаар явж байхад мал борлогдохгүй, үнэ нь маш хямд байна. Малчдад мөнгө хэрэгтэй” гэжээ.

Мал үнэгүйдэж байгаа нэг шалтгаан нь махны үйлдвэрүүд өнөөдрийг хүртэл экспортын болон дотоодын хэрэгцээнд мах бэлтгэх эсэх нь тодорхойгүй, Засгийн газрын шийдвэрийг хүлээсэн байдалтай байна. Харин Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас махны экспортын квотыг дөнгөж энэ сарын 9-нд олгов. Энэ байдал нь махны ченжүүдийг хэт хямд үнэ хэлж, малчдын голыг гонсойлгоход хүргэж байгаа. УИХ-ын зарим гишүүн мал хөлөөр нь гаргах асуудлыг түлхүү тавьж байгаа нь оновчтой биш гэдгийг шүүмжлэх хүн олон байна.

ЯАГААД АШИГГҮЙ ВЭ

Энэ нь эдийн засгийн хувьд яагаад ашиггүй вэ гэдгийг хөндөхийн тулд эхлээд өнгөрсөн түүхээс товч сөхье.Монгол Улс социализмын үед он удаан жил олон сая толгой малаа Эрээнцав, Цагааннуур, Цагаан арал гэсэн дамжлага бааз хүргэн тууварлаж, хөлөөр нь гаргадаг байсан түүх бий. Жилдээ 4-5 сая толгой малаа амьдаар нь экспортолдог байж. Дээрх гурван хилийн боомтоос гадна зарим жил Хөвсгөлийн Ханхын боомтоор сарлаг гаргадаг байсан аж. Энэ байдал 30-40 жил үргэлжилсэн гэж бодохоор манай мал сүргийн тоо толгойг өсгөхгүй гэсэн тухайн үеийн ЗХУ-ын бодлого байсан биз гэж хэлэх мэргэжилтнүүд байдаг. Гэхдээ дээрх он жилүүдэд амьдаар нь гаргасан малын тоо толгой, ашиг шимийг нь тооцоод үзэх юм бол асар их тоо гарах нь мэдээж. Хөдөө аж ахуйн зарим буурал эдийн засагч нар ч энэ тоог бэлээхэн хэлээд өгнө. Улмаар Монголд махны аж үйлдвэрийн суурь бааз бий болж, Улаанбаатарын мах комбинатыг Герман улсын тусламжаар шинэчилж, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Завханд махны үйлдвэр байгуулж, Увс аймагт махны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн гэх мэт том бүтээн байгуулалт хийгдсэний үр дүнд 30- 40 жил үргэлжилсэн мал амьдаар нь тууварлаж, хил гаргаж ирсэн алдагдалтай гадаад худалдааг зогсоож чадсан нь улсын эдийн засагт томоохон дэвшил үндсэндээ хувьсгал болсон гэж үздэг байна. Үүнд тухайн үед Хүнс, хөнгөн үйлдвэрийн сайд байсан П.Дамдин гуайн хүчин зүтгэл их аж. Адуугаа мянга мянгаар нь Мааньтын төмөр замын өртөөнөөс ачиж Улаан –Үд руу хүргэж байснаа ч больж.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД ТҮҮХИЙ ЭДИЙН ХОМСДОЛД ОРНО

Мал хөлөөр нь гаргахад эдийн засгийн үр ашиггүй зүйл нь олон мянган мал арьс шир, ноос, ноолуур, сүү, мах, тэр битгий хэл гэдсэндээ хээлтэй явдагт гол учир байгаа юм. Гэтэл өдгөө манай мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн тоо нэмэгдэж 40 гаруйд хүрчээ. Эдийн засаг хүнд үед эдгээр үйлдвэрийг ажиллуулж, иргэдээ ажилтай, орлоготой байлгах нь чухал. Түүнчлэн сүү цагаан идээ, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд дэвшилтэт технологи нэвтрүүлэн өргөжин хөгжиж байна. Гэсэн хэдий ч өнөөдрийн түүхий эдийнхээ боломжоос шалтгаалж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа билээ. Мал хөлөөр нь гадагш гаргасан тохиолдолд дээрх сэргэж байгаа дотоодын үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орно. Амьд мал импортлогч орон нь эрүүл, хүч тарга сайтай, залуу малыг шилж авдаг байна. Тиймээс дотоодод буюу малчдын хотонд шилэгдмэл сайн мал үлдэх нь юу л бол. Гэтэл бэлчээрийн монгол малын амьсгалаас бусдыг нь ашиглах боломжтой гэж эрт дээр үеэс ярьдаг. Манайхан мэдээд, яриад байгаа мөртлөө бүрэн ашиглаж чаддаггүй болохоос хөрш орнуудын өндөр тенхологитой үйлдвэрүүдэд монгол малыг жинхэнэ амьсгалаас бусдыг нь ашиглах нь мэдээж. Мөн импортлогч тал үржлийн монгол малаар өөрийн орны мал сүргийнхээ ашиг шим, чанар, тэсвэрийг сайжруулахаа мартахгүй гэдгийг ч эрдэмтэд хэлж байгаа юм. Учир нь бэлчээрийн мал байгаль цаг уурт зохицох байдал сайн, өл даах чадвартай, тэсвэр сайтайгаараа дэлхийд гайхагддаг. Амьд малны экспортын талаар Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан доктор, профессор Б.Минжигдорж ярихдаа “Мал хөлөөр нь гаргах асуудал бол түрийвчээ түнтийлгэх гэж алга нь загатнасан хүмүүсийн явуургүй санал. Яавч байж болохгүй асуудал. Амьд мал экспортлох нь монгол малын генфонд алдагдах буюу бэлчээрийн мал аж ахуйн хэвийн өсөх зүй тогтлыг эвдэх аюултай. Манай улс 1960-1980 онд гадаадад урт хугацаанд мах экспортлох гэрээ байгуулан ажиллаж байх үед жилдээ 60 мянган тонн мах гаргаж байсан. Тэр үед сүргийн бүтэц эвдэрсэн. Махны зориулалттай малын нөөц шавхагдаж, төл, эх малаа бэлтгэдэг болж дотоодод махны хомсдол үүсэж байсан. Тухайн үед Хөдөө аж ахуйн сайд байсан Ш.Гунгаадорж гуай махны экспортыг багасгах санаачилга гаргаж нам, төрийн түвшинд зөвшөөрүүлснээр экспортын махыг даруй 17 мянган тонноор багасгаж чадсан. Үүний үр дүнд мал аж ахуйн байдал сэргэж сүргийн зохистой бүтэц бий болж, 1999 онд мал огцом өссөн” гэв. Монголын эдийн засгийг, монголчуудыг үеийн үед мал сүрэг л аварч ирсэн түүхтэй. Тийм болохоор мал аж ахуй руугаа газар доорх баялгаа ухаж төнхсөн шигээ хошуурч, тооцоо судалгаа муутай, зөвхөн зуднаас айж дайрч яавч болохгүйг олон хүн хэлж байна.

Манай улс нэг тэрбум ам.долларын махны экспорт хийх чадамжтай юу

Улс даяараа мөнгөний мөрөөсөл болж суугаа энэ үед Оюутолгой, Тавантолгойгоос валютын орлого орно гэсэн горьдлого тасарч, мах­ны экс­портын асуудалд чиглэлээ. “Махны экспортоор төсвийн орлогыг нөхөх боломжтой. Экспорт болон дотоодын мах бэлтгэлд улсаас 180 тэрбум төгрөг гаргана. Монгол мах корпораци улсын үйлдвэрийн газар байгуулна. ОХУ руу 20 гаруй үйлдвэр экспорт хийх боломжтой боллоо. Мал хөлөөр нь гаргана”… гэх мэт махны экспорттой холбоотой олон сайн мэдээ хөврөх. Хамгийн сүүлд гэхэд л Ерөн­хий сайдын БНХАУ-д хий­сэн айлчлалын бүрэл­дэхүүнд багтсан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Махны экспорттой холбоотой томоохон хэлцэл хийж, нэг тэрбум ам.долларын мах экспортлох боломжтой боллоо” хэмээн мэдээлэв.

Сайдын хийсэн сүүлчийн мэдээлэл эдийн засагт их хэмжээний мөнгө оруулах баяртай мэдээ ч мал аж ахуйн салбарын олон хүнийг цочролд оруулаад байна. Тиймээс бид махны экспорттой холбоотой асуудлыг цувралаар хөндөж өмнөх дугаартаа “Хэдэн малаа хил рүү туух нь хэнд ашигтай вэ” нэртэйгээр хүргэсэн. Энэ удаа манай улс нэг тэрбум ам. долларын махны экспорт хийх чадамжтай юу, бодит байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

Нэг тэрбум ам. доллар нь манай ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө

Нэг тэрбум ам. доллар нь манай ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм байна. Тиймээс манайд ийм их хэмжээний мах экспортлох чадамж байгаа юу, бүтээгдэхүүн авах зах зээл нь бэлэн үү. Тэрбум ам.долларт хэдэн сая толгой мал бэлтгэх вэ, эдийн засгийн тооцоо нь ямар байх бол гэдэг асуултыг холбогдох албаныхан болон хувийн хэвшлийн, махны салбарын хүмүүст тавилаа. Юуны өмнө олж авсан хариултууд дээрээ үндэслэн бяцхан тооцоо хийж үзье. Эхлээд нэг тэрбум ам.долларыг өнөөдрийн 1997 төгрөгийн ханшаар бодоод үзэхээр эдийн засагт нэг их наяд 997 тэрбум төгрөгийн орлого орж ирэх нь. Ямартай ч оны төгсгөлд нэг их наядаар тасрах нь тодорхой байгаа төсвийн орлогыг чөлөөтэй нөхөх хэмжээний мөнгө байх нь. ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний ам.доллар учраас арга ч үгүй юм. Тэгвэл ийм хэмжээний мөнгөөр хэдий хэрийн мал бэлтгэх вэ гэсэн асуултад мал аж ахуйн салбарынхан хониор тооцох юм бол 10 сая толгой мал лав болно гэж байна. Нэг хонийг дунджаар 200 мянган төгрөгөөр бодоод хэдэн сая толгой малыг экспортлох вэ гэдгийг жишиг болгон бодсон хэрэг. Салбарын сайдын мэдээллээс ишлэхэд өнөөдрийн байгаа малаас 10 сая толгойг экспортын зориулалттай бэлтгэх боломжтой гэжээ.

10 сая толгой мал битгий хэл 4-5 сая толгой мал гэдэг бол социализмын үед жилдээ тухайн үеийн ЗХУ руу гаргаж байсан хэмжээний мал юм. Энэ тухай бид өмнөх нийтлэлдээ дурьдсан билээ. Түүхээ санавал 4-5 сая толгой малыг хойд хөрш рүү гаргахын тулд бүтэн жил туувар хийдэг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Монголын сум, баг бүрээс мал мах авч, дөрөв, тавдугаар сард орон нутгаас туувар гарч, зуны гурван сар яваад наймдугаар сарын дундуур түрүүчийн туувар Мах комбинатын хашаанд ирдэг байсан аж. Тэгэхэд Мах комбинат гурван ээлжээр зогсолтгүй ажиллахад арванхоёрдугаар сарын 31 гэхэд нядалгаагаа дуусаагүй байдаг байсан тухай учир мэдэх хүн ярьж байна. Энэ тухай иш татсан нь ямар их цаг хугацаа шаарддагийг илтгэх биз ээ.

“Малчид зуд болно гэж бодоогүй л бол их хэмжээгээр малаа зарахгүй”

Харин өнөөдөр энэ ажлыг хийх боломжтой юу гэдэг асуултад махны экспортын зарим төлөөлөгч дараах хариултыг өглөө. Махны экспортын квот энэ өдрүүдэд олгогдохоор байгаа тул тэд нэрээ нууцлахыг хүссэн юм. Тэдний хэлж буйгаар “Есдүгээр сар талдаа орчихоод байхад Хүнс, хөдөө аж ахуйн яам бидэнд экспортын квотоо ч өгөөгүй байна. Удаан хүлээлгэсний эцэст энэ сарын 9-нд манай махны компаниудад квот олгох асуудлыг шийдвэрлэсэн гэж байгаа боловч өнөөдөр яамны вэб сайтад энэ талаар мэдээлэл тавигдаагүй байна. ОХУ руу нийт хэчнээн тонн мах, аль компани хэдийг гаргахыг мэдэж чадахгүй л сууна. Одоо бидэнд мал тууварлах хугацаа бараг үлдсэнгүй. Ирэх аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл ганц сар хүрэхтэй үгүйтэй л хугацаа байна. Байдал ийм байхад сайд нэг тэрбум ам.долларын экспорт хийх боломжтой гэж ярилцсан нь санаанд багтахгүй байна” гэж байв. Мөн өөр нэг эх сурвалж “Нэгдэл гэж байх үед нэгдсэн зохион байгуулалттай бэлтгэж байсан шиг их хэмжээний мал, махыг одоо цагт мал хувийн өмч болчихсон учраас хүссэнээрээ авах боломжгүй. Малчид зуд болно гэж малаа борлуулахгүй юм бол их хэмжээгээр зарахгүй. Тэдний чинь олон жилийн хүч хөдөлмөр шүү. Тийм болохоор сайдын хийсэн мэдээлэлтэй холбоотой хэлэхэд тийм их хэмжээний доллар нэг дор олох чадамж манай мал аж ахуйд байхгүй. Чухам ямар үндэслэлээр хэлж буйгаа өөрөө л тайлбарлах байх даа. Харин Хятад руу нэмүү өртөг шингэсэн, дулааны аргаар боловсруулсан махны экспортыг нэмэгдүүлэхээр хэд хэдэн компанид нэмж зөвшөөрөл олгож байгаа сайн зүйл бий. Гэхдээ бодит амьдралтай нийцсэн зүйл хэлж ярьж байхгүй бол манай сайд, дарга нар махны экспорттой холбоотой хэт өндөр тоо хэлж хүмүүсийг төөрөгдөлд оруулж, хүлээлт үүсгэж байгааг хэлэх хэрэгтэй. Начир дээрээ хийгдэж байгаа зүйл тун бага байгаа. Засгийн газар тогтворгүй байгаатай холбоотой төрийн ажил явахгүй байна” хэмээв.

Экспортын квот яагаад олгогдохгүй байгаа, махны салбарт шинээр төрийн өмчит компани байгуулагдсанаар юу өөрчлөгдөх вэ

Энэ жил нийт хэдэн тонн мах экспортод гарах нэгдсэн дүн алга байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ОХУ руу гаргах махны квотыг удтал хүлээлгэсний эцэст энэ сарын 9-нд олгосон байна. Гэхдээ өчигдрийн байдлаар махны экспортын компаниудад мэдээлэл нь тодорхой очоогүй байв. Уг нь бол яам квотыг зарласан, олгосон даруйдаа өөрийн вэб сайтдаа мэдээлэх учиртай аж. ОХУ-д 10 гаруй компани нийт 20.4 мянган тонн мах экспортлохоор байна. Үүний 5160 тонн нь адууных, 4800 нь хониных, 3200 нь ямааных, 7300 тонн нь үхрийнх байх гэнэ. Урд хөрш рүү гарах махны экспортын квот хараахан зарлагдаагүй байна. Гэхдээ өнгөрсөн жилээс хэд хэдэн компани урд хөршид хөлдөөсөн адууны мах болон дулааны аргаар боловсруулсан буюу хагас боловсруулсан мах, адууны махан бууз банш хүртэл гаргахаар болсон сайн мэдээ бий. Өнгөрсөн онд Хятадын хорио цээрийн албанаас мэргэжилтнүүд ирж манай үйлдвэрүүдтэй танилцаж хоёр үйлдвэрт дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрөл олгожээ. Одоо энэ үйлдвэрүүдэд уг экспортыг хийхтэй холбоотой хоёр орны мал эмнэлгийн бичгийг баталгаажуулах асуудал бараг хагас жил хүлээлгэж байгаа гэнэ. Уг нь бол Хятадын хорио цээрийн газрын дэд дарга нь өнгөрсөн долдугаар сард манай улсад айлчлахдаа уг протоколд гарын үсэг зурах байсан ч манай Мэргэжлийн хяналтынхны зүгээс материа­лын бүрдүүлэлт дээр дутуу ажилласнаас болоод чадаагүй байна.

Ялангуяа урд хөрш рүү экспорттой холбоотой зах зээл нээгдэж эхэлж байгаа ч манай холбогдох яам, тамгын газрын ажил удаан байгаа нь их нөлөөлж байна гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байна. Манай махны экспорт 2001-2011 оныг хүртэл харьцангуй тогтвортой явж ирсэн. Хамгийн ихдээ жилд 2010 онд 20 гаруй мянган тонн, хамгийн багадаа 10 гаруй мянган тонн гаргаж байв. Гэтэл 2012 оноос өнөөдрийг хүртэл сүүлийн гурван жилд дээрх махны экспорт 2000 тонн болж навс унажээ.

Энэ нь гурван жилийн өмнөөс олгож эхэлсэн экспортын квоттой холбоотой гэнэ. Үүнээс өмнө манай мах ямар ч квотгүй байсан бөгөөд 2011 онд Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гурил, махыг стратегийн бүтээгдэхүүн болгож, махны экспортод тухайн жил Засгийн газраас квот олгоно гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, 2010-2011 онд зудтай холбоотой 40 сая толгойд хүрээд байсан малын тоо 32 сая болтлоо буурсан төдийгүй экспортын гол бараа болсон үхрийн тоо толгой бүр 1.9 сая руу орж иржээ. Тиймээс үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, дотоодын махны үнийн өсөлт, хомсдолоос сэргийлж ийнхүү хуульд өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ экспортын квотыг хагас жилд нэг зарлахаар тусгажээ. Энэ байдал нь мах экспортлогчдыг шинэ хуучин, том жижиггүй хүндхэн байдалд оруулжээ. Салбарын яам квотоо хагас жил тутамд олгохдоо тендерийн хуулийн дагуу цаг хугацаанд нь зарлахгүй хэт их удах байдлаар чирэгдэл үүсгэсэн гэнэ. Үүнээс гадна танил тал, ар өврийн хаалгаар махны үйлдвэргүй компанид хүртэл квот өгч шударга бус загнажээ. Тухайлбал, өнгөрсөн онд 20.4 мянган тоннын квот зарлаж, экспорт нэмэгдэх боломж байсан атал яам нэг бус үйлдвэргүй компанид квот олгосон нь үнэнч шударгаар экспорт хийж байгаа бусдад нь нэлээд харамсалтай зүйл болсон байна. Өөрөөр хэлбэл үйлдвэргүй мөртлөө квот авсан хүмүүс нь квотоо үхүүлсэн байна.Түүнчлэн өнгөрсөн жилийн квот дээр нэг компанид 200 тонн үхрийн мах, 400 тонн адууны мах экспортлох хязгаар тавьсан нь экспорт өсөх боломж гараагүй аж.

Тиймээс экспортын махны квотыг цаашид хагас жилээр биш бүтэн жилээр олгож байхыг экспортлогчдын зүгээс хүсдэг аж. Мөн энэ жилийн махны экспортын хувьд Оросын эдийн засаг уналттай байгаатай холбоотойгоор импортлогч тал махны төлбөрийг рублиэр хийх санал тавьж байгаа нь манай экспортлогчдын хувьд томоохон эрсдэл дагуулахаар байгаа аж. Тиймээс экспорт­логчид Хүнс, хөдөө аж ахуйн яаманд махны экспортын төлбөрийг гурил, тэжээлээр хийх боломжтой юу гэсэн санал хүргүүлжээ. Экспортод Мэргэжлийн хяналт, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Гаалийн ерөнхий газар гэх мэт олон хөндлөнгийн оролцогчид байж чөдөр тушаа болсон хэвээр гэнэ. Түүнчлэн урагшаа гарах махан дээр Мэргэжлийн хяналтын газраас имплортлогч тал зөвшөөрчихөөд байхад илүү бичиг цаас шаардаж төвөг учруулах нь бий гэнэ. Мөн сар гаруйн өмнө Засгийн газрын тогтоолоор “Монгол мах корпораци” нэртэй төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулагджээ. Энэ нь ямар учиртайг одоогоор хэлж мэдэх хүн алга. Махны экспортыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хувийн хэвшилтэй хамтран ажиллана гэж танил­цуулж байгаа зорилго нь үнэн бол байж болох зүйл гэж харж байгаа аж. Хэрвээ хувийн хэвшилтэй адилхан экспорт хийх гэж оролдох, экспорт нэмэгдүүлэх нэрийдлээр төрөөс их хэмжээний мөнгө авч идэх ч юм уу өнөөдрийг хүртэл явж ирсэн муу түүхтэй төрийн компаниуд шиг ажиллавал огт хэрэггүй юм. Ямартай ч махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд учир зүггүй нядална, хөлөөр нь гаргана гэхээсээ илүү одоо байгаа үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгөөр болон техник технологийн шинэчлэл хийж дэмжиж ажиллавал илүү үр дүнтэй байх болно гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нэг үеэ бодоход ганц хойд хөршийг царайчилж суух биш, Хятад зэрэг шинэ зах зээл гарч ирж байгаа нь сайн хэрэг.

Салбарын яам нь малаа заазлахыг сануулж, төрийн түшээд хөлөөр нь гаргахыг уриалаад байвал Монголд мал үлдэх үү

Амьд малын экспорт яагаад эдийн засагт ашиггүй вэ, манай улс нэг тэрбум ам.долларын мах экспортлох боломжтой юу зэрэг мэдээллийн мөрөөр нэхэн сурвалжилснаа цувралаар хүргэж байгаа билээ. Дээрх асуудлыг хөндөхдөө бид аль нэг талыг барих гэсэнгүй. Зөвхөн бодит байдал ямар байгаа, төр засгийн хүрээнд яригдаж буй махны экспортын асуудал, эдийн засгийн хөрсөнд буух боломжтой юу. Малчдыг зудаар айлгаж, салбарын яам нь малаа заазлахыг сануулж, төрийн түшээд хөлөөр нь гаргахыг уриалаад байвал Монголд мал үлдэх үү. Үүнээс болж хэн хохирох вэ гэдгийг аль болох баримт түшиглэн хүргэж байна.

Энэ онд багтаж нэг тэрбум ам.долларын экспорт хийхийн тухайд Монголын мал сүргийн бүтцийг сайтар мэдэх мал аж ахуйн салбарын доктор, профессор Б.Минжигдорж дараах тооцоог хийжээ. Тэрбээр 2014 оны жилийн эцсийн тоогоор 51.9 сая мал тоолуулсны дотор махны нөөцөд бэлтгэх зориулалттай нь 13.7 сая толгой. Үүний 49 хувь нь ямаа, 40 хувь нь хонь, 6.1 хувь нь адуу, 4.4 хувь нь үхэр, 0.5 хувь нь тэмээ байх юм. Үүнийг хонин толгойд шилжүүлснээр 20.8 сая гэсэн үг. Энэ хэмжээгээр бэлтгэнэ гэвэл манай улсын дотоодын болон экспортод гаргах махны хэмжээг аль алийг нь хангана. Гэтэл дээрх тоон дээр нэмж 6.3 сая мал буюу бараг 20 сая мал бэлтгэнэ гэсэн ам дамжсан яриа дуулдах боллоо. Тэр их малыг хэзээ, хэнд өгөх, хаана хадгалах вэ гэдэг өөрөө асуудал болно” гэв. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр манайд мах хадгалах зоорийн аж ахуй хөгжөөгүй учраас нөөцөд бэлтгэсэн хэдэн тонн махаа хадгалах гэж л зовж байгаа харагддаг. Хэдэн жилийн өмнө Багахайн махны үйлдвэрт нөөцийн мах муудаж, хаяж байсан түүх бий. Экспортын махны хадгалалт бол маш өндөр түвшинд байх ёстой. Угаасаа мах авах дээрээ тулбал импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн хүмүүс нь ирж үйлдвэрүүдтэй танилцаж технологи, агуулахыг нь шалгаж байж энэ үйлдвэрт нядалсан махыг авна гэж зөвшөөрөл өгдөг дүрэм бий. Өнгөрсөн жил л гэхэд Хятадын хорио цээрийн албаны мэргэжилтнүүд манай 17 үйлдвэрийг шалгаж, хоёрт нь зөвшөөрөл олгосон бол одоо дахин мэргэжилтнүүд нь ирэх гэж байх жишээтэй. Оросын тал бол эхэлж экспорт хийх үйлдвэрүүдийг шалгаруулахаас гадна мал бэлтгэлийн үеэр малын эмч ирж өөрийн биеэр нядалгааны шугам дээр зогсож байгаад тамгаа дардаг уламжлалтай гэнэ. Тэгэхээр өндөр стан­дарт шаардлагатай гэсэн үг. Тэгээд ч манай хойд хөр­шид гарч байгаа мах эрүүл ахуйн асуудлаас шалтгаалж Сибирээс цааш нэвтэрдэггүй. Ангарскийн районд дахин боловсруулах зориулалтаар хүргэгддэг юм билээ. Экспортын үнийн хувьд ч тийм өндөр биш. Энэ жил ОХУ-д рублийн ханш өдрөөс өдөрт уруудаж, эдийн засаг хүнд байгаатай холбоотой өргөн хэрэглээний барааны үнээ өсгөөгүй тул Буриадад гэхэд махны үнэ манайхаас хямд байгаа дуулдсан. Энэ тохиолдолд махны экспортын үнэ хэрхэн тогтохыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байна.

МАЛЧНЫ ЯРИА

Тэгвэл малчдад малаа нядлах сонирхол хэр байгааг Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Д.Доржготовын яриа­наас харж болно. Тэрбээр “Өвс тэжээл хаанаас хэрхэн авах асуудал хүндрэлтэй бай­на. Нэг шуудай хивэг 11.000-12.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол арай л их үнэ. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тэжээлийн үнийн талаар, өвс хадлангийн талаар зохицуулалт хийх тухай ярих нь уу гээд хэрэндээ л зурагт, радио сонсох юм. Юу ч ярихгүй мөртлөө саяхан зурагтын мэдээгээр тус яамны мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн залуу “Өнгөрсөн зун зуншлага оройтсон тул хадлангийн гарц муу байгаа. Мичин жил гарах гэж байна. Манай малчид малаа ахиухан заазлах хэрэгтэй гэж ярихыг нь сонслоо. Мөн сонин юм. Миний бие 50-иад жил мал дагахдаа салбарын яамнаас малаа заазлах хэрэгтэй гэж малчдаа уриалж байхыг анх удаа сонслоо. Онд мэнд оруулах талаар сайн шамдаж ажиллах хэрэгтэй гэж хэлмээр юм. Мах их гадагшаа гаргах гээд байгаа сураг дуулдах юм. Тэрүүнтэй нь холбоотой байдаг юм байлгүй дээ” гэж хуучлав. Хүүгийнхтэйгээ хоёр гэрийн 700 гаруй малтай түүнд мал нядлах, борлуулах сонирхол тийм ч их биш байгаа бололтой. “Манай энүүгээр заримдаа махны ченж нар явах л юм. Зүгээр нэг төлөг ч биш, тарга хүч сайтай хонь 50-60 мянган төгрөгөөр авна гэнэ. Мөнгөний хэрэгцээ байгаа ч тэгж малын амь хороогоод яах вэ дээ, хүнээс зээлээд ч гэсэн хэдэн төгрөг олдох байлгүй. Тэгээд ч зуд болоо ч үү, үгүй ч үү. Мичин жил болгон зуд болдоггүй шүү дээ” хэмээн өгүүлэв. Эндээс малчдад хадлан тэжээл бэлтгэх бэлэн мөнгө хэрэгтэй байгаа ч наранд халж, хүйтэнд хөрч, хөдөлмөрлөж өсгөсөн малаа зуднаас айгаад борлуулаад дуусгах бодол бас байхгүй бололтой. Мөн цөөнгүй жил мал мах бэлтгэж байгаа нэгэн бизнесмэн ярихдаа “Төр засгийн 60 хүртэл мянган тонн мах экспортолно гээд байгааг ойлгохгүй байна. Манай аавынх өнөөдөр 1000 малтай. Зуд болох юм гэнэ. Танай компани манай малын талыг аваад, нядал гэж хэлэхгүй л байна. Малчдын мөнгөний хэрэгцээ их бага шүү дээ. Би хэлье. Намар сургууль цуглах үед хүүхдийн сургуулийн төлбөр энэ тэр гээд нэг үхэр борлуулдаг. Өвөл болохоос өмнө дахиад 1-2 бод зарна. За өвлийн идшинд ам бүлийн тооноосоо хамаарч дунджаар нэг бод, таван ямаа, мөн тооны хонь ч юм уу л нядалдаг шүү дээ. Тэд хүссэнээрээ их мал борлуулж мөнгө олдоггүй” гэв. Нээрээ ч салбарын яам нь малаа заазлахыг санал болгож, төрийн түшээд нь мал хөлөөр нь гаргахыг уриалаад байвал Монголд мал үлдэх үү. Юугаараа амь зуух болж байна.

МАЛЫН ТОО ХЭР БОДИТОЙ ВЭ ГЭДЭГ Ч ҮНЭНДЭЭ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

Өнөөдөр монголчууд 60,70 сая толгой малтай болчихлоо гэж цээжээ дэлдээд байгаа ч малын тоо хэр бодитой вэ гэдэг дээр хүн бүр эргэлзээ тээдэг. Өнөөдөр мал тооллого хатуу чанга хяналт огт байхгүй аман тоо авч байгаа нь ийнхүү биднийг эргэлзэхэд хүргэж буй. Социализмаас авах зарим сайн зүйл байдгийн нэг нь мал тооллого гэж хэлэх хүн олон байдаг. Тухайлбал, тэр үед мал тооллого явуулахдаа малыг шүдэлж, эр эмээр нь сүвэлж хүртэл тоолдог байж. Тэгээд зогсохгүй тооллогын 30 хувьд нь дахин хяналтын тооллого хийдэг байсан гэж бодохоор үнэмшилтэй тоо гардаг нь гарцаагүй. Цаашид махны экспортоо нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүү­лэх замаар мал аж ахуйд түшиглэн хөгжих бол малынхаа тоог үнэн зөв гаргах дээр хаана хаанаа анхаарах хэрэгтэй.

НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ӨРӨНД ОРЖЭЭ

Дотоодын махны хэрэг­цээ, нөөц, хангамжийн асуудал экспорттой зэрэгцэн тавигддаг. Энэ удаа мөнөөх жилийн жилд хэл ам, хэрүүл тэмцэл дагуулж байдаг нөөцийн махаа бэлтгүүлэх үү Засгийн газар. Бэлтгүүлэх бол түүнийг сонирхож орох хувийн компани аж ахуйн нэгж байна уу. Тэдэнд ашиг байдаг уу. Дотоодод махны үнэ, хангамж ямар байх бол. Нөөцийн мах бэлтгэлд оролцсон компани Засгийн газраас урамшуулал аваад баяждаг гэсэн дам яриа их сонсогддог. Гэтэл өдгөө нөөцийн махны компани нь мөнгө олж баяжих биш, мах үйлдвэрлэгчид тэрүүнд л битгий оролцоорой, яаж ч байсан хол явах минь гэж мэддэггүй нэгэндээ захихад хүрчээ. Засгийн газартай хийсэн гэрээнийхээ дагуу эхлээд компани өөрийнхөө мөнгөөр нөөцөд мал мах бэлтгэж, нядалж, хөргөж, хөлдөөж, савлаж, зах зээлд гаргаж борлуулсныхаа дараа үйл ажиллагааны зардал гэж Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгө авдаг. Гэтэл оролцсон компанидаа төдийлөн ашиг өгөөд байдаггүй ч орхиж бас болдоггүй энэ үйл ажиллагаа арав гаруй жил үргэлжилж байна. Жилийн жилд нөөцөд бэлтгэсэн мах сайн нэр зүүж байсан түүх байхгүй. Уг нь бол дотоодын хэрэгцээ үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хангагдах нь иргэд аюулгүй хүнс зооглох эрхээ эдлэх учиртай. Гэтэл манайд өнөөдөр дотоодын хэрэглээний мах бэлтгэлийн 90 гаруй хувь нь гар нядалгаагаар хийгддэг. Гэхдээ нөөцийн махны хувьд дээрх хэрэгцээг хангах гэхээсээ илүүтэй хавар махны үнийг барих л зорилготой. Сүүлийн жилүүдэд махны экспорт олигтой хийгдээгүй учраас махны үйлдвэрийнхэн амьдрахын тулд арга буюу уг ажлыг олдох юм бол авдаг байна. Өнгөрсөн жилийн нөөцийн мах бэлтгэлд зургаан компани оролцжээ. Уг нь хэдэн жилийн өмнө 10 гаруй компани оролцдог байсан. Сүүлийн жилүүдэд нөөцийн маханд аль болох цөөхөн компани оруулах бодлого хэрэгжсэн. Тэрний үр дүн юу байсныг хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн махны бизнес эрхлэгчид хэлэхдээ “Олон компаниар бэлтгүүлэх нь бүтээгдэхүүний чанар сайжирч, өрсөлдөөн бий болоод зүгээр байсан” гэж хууч хөөрч байна. 2012 оноос Монголбанк, Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нөөцийн мах бэлтгэлд жилийн 3.8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл гаргасан. Уг зээлийг аваад мал махаа бэлтгээд, цаг тухайд нь зах зээлд нийлүүлээд, ажлаа зуун хувь гүйцэтгэсэн зургаан компанид төсөвт мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар Засгийн газраас авах ёстой үйл ажиллагааны зардал нь хэзээ олгогдох нь тодорхойгүй өнөөдрийг хүрчээ. Гэтэл нөөцийн маханд зориулсан хүү багатай зээл нь энэ оны долдугаар сарын 30-нд дуусахаар маш богино хугацаатай байсан тул автоматаар банкны жилийн 21.6 хувийн хүүтэй арилжааны зээл рүү шилжчихсэн байна. Ингээд нэг компани гэхэд л нөөцийн мах бэлтгэснийхээ “шанд” өнөөдөр зөвхөн зээлийн хүүнд жилдээ 100 сая төгрөгийг төлж суугаа аж. Засгийн газартай хамтарч ажилласныхаа төлөө ийм байдалд оржээ. Тэд арга хэмжээндээ нэгэнт хувийн хэвшлийг татаж оролцуулсан бол асуудал хүндэрсэн үед бидэнд хамаагүй гээд орхих биш, зохицуулалтыг нь хийх ёстой баймаар. Үнэ тогтворжуулах хөтөлбөр Зас­гийн газрын санаачилсан ажил уч­раас хийлгэсэн аж­лын­хаа хөлсийг нь гаргаад өгөх мөнгөгүй бол арилжааны өндөр хүүтэй зээл рүү шилжүүлэхгүй байх талаас нь банктай яагаад ярьж болохгүй байсан гэж. Хямралтай үед төр засаг нь хувийн хэвшлээ дэмжихгүй юмаа гэхэд садаа болдоггүй байхыг бизнес эрхлэгчид хэлдэг. Гэтэл нөөцийн махны өр төлж суугаа компаниуд бүгд өнөөдөр экспорт хийхээр ажил нь ундарчихсан амьсгаа дээгүүр, дээшээ тэнгэр хол явна. Тухайлбал тэдний дотор шинэ зах зээл олж, урд хөрш рүү үхэр, хонь, ямааны махыг нэмүү өртөг шингээн экспортлохоор ажиллаж байгаа компани ч бий аж. Экспорт хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэтэл өөрөө хүсэж аваагүй зээлийнхээ төлөө өрөнд ороод сууж байгаа нь харамсалтай. Үнэхээр Засгийн газар өнөөдрийн яриад байгаа их хэмжээний экспортыг хийх гэж байгаа бол энэ мэт үндэсний үйлдвэрээ хорлоод суух биш дэмжих учиртай. Тэгэхээр хэл амтай, хэн хэндээ ашиг багатай нөөцийн махыг нэг бол бэлтгэхээ бүр больчихвол дээр мэт. Бүгд л хямралд өртсөн болохоор хэн нь үнэтэй мах авч, хэн нь хямд мах авч иднэ гэх вэ дээ. Гэвч сонгуулийн жил айсуй тул улстөрчдийн хувьд нөөцийн махыг ор тас орхиж чадахгүй л болов уу. Цаашид нөөцийн мах гэхээсээ илүү үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжиж, дотоодын махны хэрэглээгээ зуун хувь үйлдвэрийн аргаар нядалсан махаар хангах нь хот, суурин газрын хүн амын эрүүл мэндэд тустай хэрэг юм. Дотоодын махны хэрэгцээг аваад үзвэл манай улс жилд 220-240 мянган тонн мах бэлтгэдэг. Энэ нь 10 сая толгой мал гэсэн үг. Өнөөдөр махны бөөний болон жижиглэнгийн үнэ харьцангуй хямд байгаа ч энэ нь цаашид хадгалагдах уу гэдэг асуудал бий. Хэрвээ дээр сонирхуулсан тооцооноос хэт их мал нядалж, экспортлох аваас сүргийн бүтэц алдагдаж, дотоодод махны хомсдолд орох аюул ойрхон бийг анхаарах хэрэгтэй юм. Нэрт нийтлэлч Баабар саяхан нэг нийтлэлдээ “…Хямраад эхлэнгүүт л юун түрүүн мал мах зарах шуугиан үүслээ. Энэ бол ойрмогхон аюул учруулж болох мунхаглал. Махны хийрхэл үсэрхийлбэл Монголын малыг барах ба эндээс олох мөнгө ч шалихгүй болохыг дөрвөн аргын тоогоор дөрөвдүгээр ангийн хүүхдээр бодуулчихаж болно. 1990 оны их шилжилтийн үеэр… мал махныхаа хүчээр монголчууд өлсгөлөн гэх аймшигтай учраагүй юм. Одоо угтан ирэх энэ хямралаас бид малынхаа буянаар л өлсөж үхэхгүй амь гарна. Малаараа битгий оролд” гэснийг дурдахгүй өнгөрч болсонгүй.

Д.МАРГАД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *