Categories
мэдээ нийгэм

Хаврын улиралд гэдсээ цэвэрлэгээ шаардлагатай юу?

Орчин үед бүдүүн гэдсийг цэвэрлэх зориулалттай цай, төрөл бүрийн энзим, гэдэс угаах аппарат зэрэг олон бүтээгдэхүүн шинээр бий болсон. Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ эрүүл мэндэд үнэхээр тустай юу? Энэ талаар хийгдсэн шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажил тун хомсдолтой. Гэдэс цэвэрлэх ихэнх аргууд нь нотолгоогүй бөгөөд зарим нь гаж нөлөө үзүүлэх талтай.

Бүдүүн гэдсийг байгалийн аргаар цэвэрлэх боломжтой юу?

Бүдүүн гэдэс цэвэрлэх үндсэн 2 арга бий. Нэг нь гэдэс цэвэрлэх зориулалттай ямар нэг бүтээгдэхүүн авч, гэрийн нөхцөлд өөрөө цэвэрлэх бол нөгөө нь мэргэжлийн эмчид хандаж, бүдүүн гэдсээ угаалгах арга юм.

Гэдэс цэвэрлэх зориулалттай нунтаг болон шингэн бэлдмэл. Гэдэс цэвэрлэх зориулалттай ихэнх бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Заримыг нь шулуун гэдсээр хэрэглэх зориулалттай байдаг. Эдгээр бэлдмэлүүд нь гэдсэнд хуримтлагдсан хорт бодис, бохирдол, өтгөнийг хөөн гадагшлуулах үйлчлэлтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь эмийн сан, хүнсний дэлгүүрт өргөн сонголттой худалдаалагддаг. Үүнд:

  • Клизма
  • Туулгах эм
  • Ургамлын цай
  • Энзимүүд
  • Магни

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ эрүүл мэндэд ямар ашигтай вэ?

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийх гол зорилго нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулах юм. Бүрэн гүйцэд шингээгүй мах, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл нь бүдүүн гэдэсний хананд бүрхүүл үүсгэж, хорт бодис ялгаруулж, цусны урсгалаар дамжин бүх биеийг хордуулж байдаг гэж үздэг.

Хорт бодисын нөлөөгөөр хүний биед дараах шинж тэмдгүүд илэрч болно:

  • Ядрах
  • Толгой өвдөх
  • Биеийн жин нэмэгдэх
  • Эрч хүч буурах

Үйлдвэрлэгчид бүдүүн гэдэсний цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндэд олон талын ашиг тустай гэж сурталчилдаг. Цэвэрлэгээний гол зорилго нь гэдэсний ханыг хуримтлагдсан хорт бодис, хаягдал бүтээгдэхүүнээс салгаж, биеэс гадагшлуулах бөгөөд үр дүнд нь биед дараах өөрчлөлтүүд гарна:

  • Дархлааны тогтолцоог дэмжих
  • Илүүдэл жин хасах
  • Бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулах

Гэсэн хэдий ч бүдүүн гэдэсний цэвэрлэгээний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг нотолсон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хангалттай хийгдээгүй байна.

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ зайлшгүй шаардлагатай юу?

Хүндээр бие засах нь бүдүүн гэдсийг хангалттай цэвэрлэдэг үү? Эсвэл бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийлгэх нь зүйтэй юу? Бие организмын өөрийн цэвэрлэгээний механизм дараах байдлаар ажилладаг:

  • Гэдсэн дэх нянгууд нь хоолны үлдэгдлийг хоргүйжүүлэх үйлчлэлтэй.
  • Элэг бие дэх хорт бодисуудыг саармагжуулдаг.
  • Бүдүүн гэдэсний хананы мембран бүрхүүл нь хорт бодисуудыг цусны урсгал руу нэвтэрч, эд эсэд тархахаас сэргийлдэг.
  • Гэдэсний хананд хорт нэгдлүүд хуримтлагдахаас сэргийлж гэдэсний хананы салс бүрхэвч биеийн бусад эдээс хамгийн хурдан нөхөн төлжиж байдаг.
  • Хүндээр бие засах тоо, хэмжээ хүн бүрт харилцан адилгүй байдаг.
  • Хүндээр бие засах давтамжийг нэмэгдүүлэх нь илүүдэл жин хасахад нөлөөгүй. Учир нь бие махбодь илчлэгийн ихэнх хэсгийг хоол хүнс бүдүүн гэдсэнд хүрэхээс өмнө шимэгдүүлдэг.

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийхэд гаж нөлөө илэрдэг үү?

Хэдийгээр бүдүүн гэдэсний цэвэрлэгээг “байгалийн” гэж сурталчилдаг ч аюулгүй гэсэн үг биш. Энэ төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нэгдсэн стандарт гэж үгүй.

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийлгэхийн өмнө эмчийн зөвлөгөө авахыг зөвлөдөг. Дараах гаж нөлөө илэрч болзошгүй:

  • Бөөлжих, дотор муухайрах, гэдэс базлах
  • Толгой эргэх, шингэн дутагдлын шинж тэмдэг
  • Эрдэс бодисын тэнцвэрт байдал алдагдах
  • Ажилбар хийсэн өдөр эмийн бодисын шимэгдэлт өөрчлөгдөх
  • Гэдэс цоорох
  • Халдвар авах
  • Гэдэсний хэвийн бичил орчин алдагдах (пробиотик эмчилгээ хийгээгүй бол)
  • Бөөрний дутагдал

Хэрэв цэвэрлэгээний усанд ямар нэг нэмэлт бодис хийсэн тохиолдолд харшлын урвал илэрч болзошгүйг анхаараарай.

Бүдүүн гэдэсний эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Таны идэж буй хүнсний бүтээгдэхүүнээс бүдүүн гэдэсний эрүүл мэнд шууд хамааралтай. Зохистой хооллолт нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулахаас гадна ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг.

Усанд уусдаг болон уусдаггүй ислэгийн хэрэглээг нэмэгдүүлснээр өтгөн хаталт, гэдэсний цүлхэнт өвчин, ходоод бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Өдөрт 25-30 гр ислэг агуулсан хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Глютен шингээлтийн асуудалгүй бол овъёосны будаа, бүхэл үр зэрэг усанд уусдаггүй ислэг, хүнсний хивэг, зарим төрлийн жимс, хүнсний ногоо, овъёос зэрэг усанд уусдаг ислэгийн аль алийг хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй.

Мөн хангалттай хэмжээний шингэн уух хэрэгтэй. Архи, согтууруулах ундааг зохистой хэмжээнээс хэтрүүлэлгүй хэрэглэж, тамхи татахгүй, улаан махны хэрэглээг хязгаарлах нь зүйтэй. Бүдүүн гэдэсний хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд 50 наснаас эхэлж тогтмол хамрагдах хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөгөөр үүнээс эрт хамрагдаж болно.

Эх сурвалж: https://onoshmed.mn/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *