Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Монголын Бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр”-ыг ирэх сарын 4-5-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох Бүргэдийн баяр нь 2000 оноос эхлэн зохион байгуулж буй. Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсын үндэстний цөөнх болсон казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн. Бүргэдээр ан хийх уламжлалыг Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсч, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Жил бүрийн гуравдугаар сарын 4-5-ны хооронд нийслэл Улаанбаатар хотод хаврын, Баян-Өлгий аймагт аравдугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд намрын баярыг зохион байгуулж байна.
Бүргэдийн баярт бүргэдчдийн жагсаал, көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой казах хүмүүстэй танилцаж, казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой. Хамгийн гол нь бүргэдээр хэрхэн ан хийдгийг энэ үеэр үзэж сонирхож болох юм. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэсэн аж.