Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 километр, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 километрт хатуу хучилттай авто зам барих ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлсэн.
Азийн Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны олон улсын журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд шалгарсан авто замын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй “Бээжин Юни-Констракшн групп” ХХК тус төслийн хүрээнд нийт 37.9 километр авто зам барьж буй.
Тодруулбал Хатгал тосгонд долоо, Ханх суманд нэг буюу нийт найман байршилд 49 автобус, 645 автомашин зогсох хүчин чадал бүхий авто зогсоолын ажлуудыг 2024 он хүртэл хийнэ.Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан Хөвсгөл нуурыг зорих дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэх тул жуулчдын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зорилгоор авто зам барих ажлын нарийвчилсан график төлөвлөгөөний дагуу түр замыг ашиглалтад оруулах байдлаар замын хөдөлгөөний зорчих хэсгээр автомашин, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж байна.
Энэ онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 километр болон Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд шинээр тавих хоёр километр авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн 2023 онд авто замыг бүрэн ашиглалтад оруулж зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байгаа аж.