Categories
мэдээ спорт

“Хасын Хүлэгүүд” лигийг тэргүүлж эхэллээ

МҮСБХ-ны “Үндэсний супер лиг”-ийн тойргийн тоглолтууд өрсөлдөөн дүүрэн үргэлжилж байна. Тэд анх удаа эрэгтэй 11, эмэгтэй 7 багийг эгнээндээ нэгтгэж, гадны 33 легионер тоглогчийг багууддаа урьж чадсан. Мөн энэ жил анх удаа эмэгтэй сагсчид дээд лигт өрсөлдөж, анхны легионер тоглогчоо урьж чадлаа. Гурав дахь жилдээ ийнхүү амжилттай зохиогдож буй супер лигийн энэ жилийн аваргаар аль баг тодрох нь сонирхол татаж байна. Өчигдөр болсон тоглолтуудын тоймыг хүлээн авна уу.

Лигийг “Хасын Хүлэгүүд” тэргүүлж эхэллээ

Өчигдөр “Мон-Алтиус Мадимос Шонхорууд” vs “СБЛ Хасын хүлэгүүд” эхний тоглолтыг өрнүүллээ. Тоглолтын сүүлийн үеийн төгсгөл 108:106-ийн харьцаатай өрнөж, тоглолтын хувь заяа Хүлэгүүд рүү хэлбийж эхэлсэн.

SBL Хасын Хүлгүүд эхлээд 10 оноог өөрийн болгоод байтал Шонхорууд нэг ч оноо авч чадаагүй эхлэлийг хийсэн. Гэхдээ Шонхорууд энэ байдлыг удаалгүй хамгаалалт болон довтолгоон дээр жигд байж тооны зөрүүг ойртуулж чадсан юм.

Тоглолт Үндэсний Супер лигийн бусад тоглолтуудын адилаар дөрөвдүгээр үеийн төгсгөлд шийдэгдсэн. Тоглолтын шийдвэрлэх үед Хүлгүүдээс төвийн тоглогч Пил Жонес зургаан хувийн алдаа гарган үзэгчдийн суудалд шилжсэн юм.

Лигийн хоёр хүчтэй багийн тоглолт 114:109-ийн харьцаатай өндөрлөж, “SBL Хасын Хүлгүүд” ялалтыг авлаа. Хүлгүүдээс Б.Билгүүн 46 оноо авч 65.4 хувьтай довтолсон, Маркус Хэммондс 30 оноо найман самбар, М.Отгонмөнх 13 оноо, О.Сэргэлэн 10 оноо 7 оновчтой дамжуулалт хийсэн.

Харин Мон-Алтиус Мадимос Шонхоруудаас Т.Санчир 39 оноо зургаан самбар, А.Гансүх 24 оноо, таван оновчтой дамжуулалт, Смүш Паркер 17 оноо, найман оновчтой дамжуулалт өгсөн.

Үндэсний Супер лигийн багуудын чансааны хүснэгтийг SBL Хасын Хүлгүүд баг 9 хожил таван хожигдолтой тэргүүлж эхэлсэн бол Мон-Алтиус Мадимос Шонхорууд 8 хожил 7 хожигдолтойгоор чансааны тавдугаар байрт бичигдэж эхэллээ.

Аравтууд чухал ялалт авлаа

Энэ өдрийн хоёр дахь тоглолт “Их Өргөө Аравтууд” болон Сентоза Арслангууд багуудын хооронд боллоо. Плэй-Оффын сүүлийн байрлалуудад бичигдэж байсан тус хоёр багт хожил маш үнэ цэнэтэй байсан юм.

“Сентоза Арслангууд” сүүлийн гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулж, хүснэгтийн наймдугаар байрт бичигдэж байсан бол “Аравтууд” сүүлийн тоглолтуудаа тааруу хийж, долоодугаар байр руу унаад байсан юм. Багуудын хувьд “Арслангууд” хожвол “Аравтууд” Плэй-Оффын сүүлийн байр руу унах аюултай, чухал тоглолт байсан.

Ингээд тоглолт эхлэхэд “Аравтууд” санаачилгыг гартаа авч, ээлж дараалсан довтолгоогоо амжилттай болгож байсан бөгөөд энэ үед Арслангуудын дасгалжуулагч Ж.Отгондарь завсарлага захиалж, багтайгаа ярилцсаны эцэст өөрсдийн тоглолтоо эргүүлэн олж авч чадсан.

Гэхдээ “Аравтууд” оноогоор илүү явсаар л байсан бөгөөд эхний хагаст Dean Hadley гайхалтай байж 17 оноогоор багаа тэргүүлсэн бол, Батбямба мөн эхний хагасыг сайн тоглолтоороо өндөрлүүлсэн.

“Арслангууд”-аас эхний хагаст Крис Лаусон тун тааруу байж нэг ч оноог аваагүй долоон самбар, найман дамжуулалт өгсөн юм. Б.Батзолбоо, О.Нямбаяр нар эхний хагаст багаа аварсан гэхэд болно. Харин хоёрдугаар хагас эхлэхэд Аравтууд довтолгоондоо бүр ч илүү тоглож эхэлсэн бөгөөд Мөнхтүвшин, McCoy нар тун сайн байсан юм.

Гуравдугаар үед сайн тоглолт үзүүлж чадсан “Аравтууд” бага зэрэг тайвширсан мэт тоглолтыг үзүүлж эхэлсэн нь “Арслангууд”-д сэргэлт авах боломж болсон. Арслангууд тоглолтын дөрөвдүгээр үед урагшаа шахсан хамгаалалтыг үзүүлж, нэхэлтийг сайн хийж байсан нь үр дүнгээ өгч, тооны зөрүүг ойртуулж эхэлсэн.

Мөн эхний хагаст тааруу байсан Крис Лаусон довтолгоонд идэвхтэй оролцож эхэлснээр дөрөвдүгээр үеийн эхэн хэсэгт Трипль-Дабль хийж чадсан. Лаусон энэ улиралд зургаа дахь Трипль-Дабль хийсэн нь энэ байлаа. Гэхдээ түүний энэ үзүүлэлтээс илүү баг хожих нь чухал байсан ч Арслангуудад оноог тэнцүүлэх хангалттай хугацаа байсангүй.

“Аравтууд” ч торгуулийн шидэлтүүдээ сайн гүйцэтгэснээр 88:83 харьцаатай ялалт байгуулж, улирлын найм дахь ялалтаа байгуулж, хүснэгтийн долоодугаар байраа хадгалан үлдлээ. Харин Арслангууд одоогоор наймдугаар байрт бичигдэж байгаа ч “Харцага” бага тэднээс тоглолт дутуу байгаа учир нэг хожил байгуулахад л тэдний дээр бичигдэж болзошгүй болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *