Өнөөдөр “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны нээлт “Blue Sky” зочид буудалд боллоо.
Монгол банкнаас санаачлан Монголын Банкны Холбоо, ХадгаламжийнДаатгалын Корпораци болон арилжааны бүх банктай хамтран 2019.06.10-2019.12.31-нийг хүртэл зургаан сарын хугацаатайгаар тус аяныг хэрэгжүүлэх юм байна. Тус аяны гол зорилго нь санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд банкны үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл олгох юм. Аяны хүрээнд харилцагчдад чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:
- Банк санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж, тайлбарлах,
- Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах,
- Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар бүрэн мэдээлэл өгөх,
- Банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох
2018 оны нэгдүгээр сард Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монгол банкны үйл ажиллагааны чиглэлд “Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” заалт шинээр орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол банкнаас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
Б.САРУУЛ